Монголчууд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэлээ

ХYНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ ХАГАС НЭЭГДЛЭЭ
Баярын арга хэмжээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд дипломат корпусын ажилтнууд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, нийслэлийн иргэдийн ахмад залуу үеийн төлөөлөгчид их жанжин Д.Сүхбаатар, эзэн богд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Монгол төрийн хүндэтгэл ёслолын өргөө цогцолбор энэ өдөр хагас нээлтээ хийж, олон түмэн Чингис хааны хөшөөг ойроос харж, хүндэтгэл үзүүлэх боломж олдсон юм. Хөшөөний дээр Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч тэнгэрлэг их эзэн Чингис хаан гэсэн алтадмал бичээсийг сийлсэн байна. Энд нэг зүйлийг зориуд дурдахад урт настай удаан явцтай Төрийн ёслол хүндэтгэлийн ордныг хэсэгчлэн нээлтийг нь хийж байна гэж ойлгож болохоор байлаа. Ардын хувьсгалын 85 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр Их Чингис хааны хөшөөний нээлтийг хийсэн билээ. Тэр үеэр Засгийн газраас цогцолборыг улс тунхагласны баяраар албан ёсоор нээхийг гүйцэтгэгч талд үүрэг болгож, бас ч чамгүй хөрөнгө мөнгө нэмж гаргасан байдаг. Энэ удаа цогцолборын нүүрэн талын нээлтийг л хийлээ. Одоо он дуустал ямар нэг томоохон тэмдэглэлт үйл явдал болохгүй болохоор яг хэдийд цогцолбор бүтнээрээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Энэ ондоо багтаана гэвэл оны сүүлчийн өдөр хаалтаа хийх Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний сүүлийг мушгин нээж магадгүй л юм даа. Эсвэл хүйтэн сэрүүний улирлаар гул барьж ирэх жилийн цагаан сар улсын баяр наадам хүртэл хойшлуулахыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч нэг сайхан нартай өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор бүрэн бүрэлдэхүүн-ээрээ үүд хаалгаа нээнэ гэж хүлээхээс…

АЗТАЙ ЗАЛУУС ТӨРИЙН ТОМЧУУД-ААС YНЭМЛЭХЭЭ ГАРДЛАА
Түүний дараа Монгол Улсын Засгийн газар, Монголын Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулдаг уламжлалт арга хэмжээ явагдлаа. Энэ жил манай орны 63200 залуу иргэний үнэмлэх гардан авч байгаа юм. Тэдний төлөөлөл болсон 500 охид, хөвгүүд их жанжны талбайд хуран цуглаж, Монгол Улсын иргэний андгайгаа өргөсөн бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон гишүүд, урлаг соёлын алдартнууд тэдэнд иргэний үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.
Энэ өдөр Монгол Улсын иргэн болж, төрийн түшээдээс иргэний үнэмлэхээ гардан авсан залуусын сэтгэгдлийг сонслоо.
Нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Энхтуяагийн Батцэнгүүн
-Би Ерөнхийлөгчөөс иргэний үнэмлэхээ гардан авсандаа маш их баяртай байна. Олон мянган залуусын төлөөлөл болсон есөн хүүхдийн тоонд багтсандаа баярлаж байна.
Улс орондоо ихийг хийж бүтээхийн тулд их зүйлийг сурч, мэдэх хэрэгтэй гэж Ерөнхийлөгч маань надад хэлсэн. Би хичээх болно оо гэсэн юм.
Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийн сурагч Бямбадоржийн Марал-Эрдэнэ
-Би УИХ-ын гишүүн Сү.Батболдоос иргэний үнэмлэхээ авлаа. Миний хувьд Монгол Улсын иргэн болсноороо ирээдүйн өмнө өндөр үүрэг хүлээж байна. Өөрийн эрдэм оюун, чадах бүхнээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулах болно гэж хэлье. Мөн энэ арга хэмжээг зохион байгуулсан Монголын залуучуудын холбооны удирдлагад талархсанаа илэрхийлье гэлээ.
Монгол Улсын Ардын жүжигчин Л.Хайдав иргэний үнэмлэхээ гардан авсан залуу үеийнхэндээ хандаж, эх орны ирээдүй та нарын гарт байна. Эрдэм мэдлэг, эрч хүчээ эх орныхоо хөгжлийн төлөө зориулаарай хэмээн захиж сургамжиллаа. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Зууны манлай дуу – Халуун элгэн нутаг-аар залуусын хийморь сүлд, эх оронч сэтгэлийг хөглөн ая дуугаа өргөсөн юм.

МОНГОЛ ТӨРИЙН ТАМГЫГ МӨНХӨЛЛӨӨ
Улс тунхагласны ойн баярын хүрээнд бас нэг томоохон үйл явдал болсон нь Монгол төрийн тамганы хөшөө-г нээх ёслол байлаа. Төрийн ордны ар талын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан Монгол төрийн тамганы хөшөө-ний шаталсан суурин дээр эртний овог аймгуудын тамгыг тойруулан дүрсэлсэн нь эв нэгдийг илтгэсэн гүн утга агуулгатай аж. Энэ суурины дээр байх шоо дөрвөлжингийн дөрвөн талд Мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадарсан Их Монгол Улсын далай их хааны тамга, 1911 оны Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд байгуулагдсан Богд хаант Монгол Улсын төрийн тамга, 1924 оны Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын Их хурлын тамга, Ардчилсан төрт ёсны буюу 1992 оны үндсэн хуульд заасны дагуу үйлдэж хийсэн Монгол төрийн тамганы дардсыг тус тус дүрсэлж, хөшөөний оройд тамганы бариул буюу барсыг залсан нь хүч чадлын билэгдлийг илтгэсэн байна. Хөшөөний эх загварыг СУИС-ийн багш, уран барималч Энхдаваа гаргасан бөгөөд гүйцэтгэгчээр Наранжав захиралтай Авзага трейд компани ажилласан юм байна.
Төрийн тамганы хөшөөний нээлт дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлэхдээ, энэхүү хөшөө нь ирээдүй хойч үеийнхний зүрх сэтгэлийг эх оронч үзлээр хөглөж, эв нэгдэл, элгэмсэг нягтралыг гүнзгийрүүлж, эрч хүчтэй бүтээлч үйлст нь байнгын шамдуулга болон сүндэрлэж байхыг ерөөлөө.
Төрийн тамганы хөшөөний нээлтэд УИХ-ын дарга, гишүүдээс гадна Yндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж, бурханч лам Г.Пүрэвбат нарын төр, шашны зүтгэлтнүүд оролцож, хөшөөнд гүн хүндэтгэлтэйгээр мэхийн ёсоллоо.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button