Бүгд найрамдах улс тунхагласны 82 жилийн ойг тохиолдуулан МУ-ын ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэллээ

эрх зүйт төрийн үндсийг тодорхойлсон анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласан явдал юм.
Энэ баярт үйл явдлын ойг тохиолдуулан нийт ард иргэд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, айл өрх бүрт аз жаргал, иргэн бүрт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өнөө жил Их Монгол Улс байгуулагдсаны их тэгш ойн арга хэмжээний хүрээнд энэхүү түүхт өдрийг тэмдэглэж байгаагаараа онцлог юм. 800 жилийн тэртээ Их Монгол Улсыг байгуулсан нь монголын төр ёсны түүхэнд төдийгүй хүн төрөлхтөний хөгжилд их түлхэлт, эргэлт өөрчлөлтийг авчирсан дэлхий дахины нөлөө бүхий онцгой содон үйл явдал байлаа.
1924 оны түүхт үйл явдал нь монголын ард түмний эрх чөлөөний төлөөх 200 гаруй жилийн тэмцэл, 1911 болон 1921 онуудын үндэсний тусгаар тогтнол, төрийн болон нийгмийн байгуулалтын өөрчлөлт сонголтын төлөө хийсэн шургуу тэмцлийн үр дүнг баталгаажуулж, XX зууны хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсыг байгуулснаараа үндэсний сэргэн мандалт, нийгмийн дэвшил өөрчлөлт, орчин цагийн төр ёсны хөгжилд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Улсын Анхдугаар Их Хурлын түүхэн ач холбогдол нь Үндсэн хуульт ёс ба Бүгд Найрамдах Улсын хэлбэр гэсэн хоёр чухал зүйлийг монголын төр ёсны хөгжилд оруулж ирсэнд оршино.
Эрх чөлөө, шудрага ёс, тэгш эрхийн зарчимд үндэслэсэн орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх суурийг тавьсан анхны Үндсэн хуулийг батлан мөрдсөнөөр нийгэм, улс төрийн амьдралд оролцох ард түмний оролцоо, сонгох, сонгогдох, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх, эрх чөлөө зэрэг ардчилсан ёсны үнэт зүйлүүд бий болж, Монгол Улсад өөрийн орны улс төр, нийгэм, эдийн засгийн онцлог, ард түмнийхээ соёл, аж амьдралын өвөрмөц байдлыг тусгасан төр, олон нийтийн байгууллагууд үүсэж, нийгмийн амьдрал шинэчлэгдэн сэргэх эрх зүйн таатай боломж бүрдсэн юм.
Төрийн дээд байгууллагыг сонгож байгуулдаг төрийн удирдлагын ардчилсан хэлбэр болсон Бүгд Найрамдах Улсын хэлбэр эдүгээ ч уламжлагдсаар байна. Шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх заалтад Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улс мөн хэмээн тодорхойлсон нь иргэн бүрийн цээжинд байгаа гэдэгт итгэж байна.
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн шинэ Үндсэн хуулийн заалт нь Бүгд Найрамдах Улсын хэлбэрийн агуулга, мөн чанарыг улам тодотгосон заалт юм.
Ийнхүү сонгож байгуулсан төр, засгаараа дамжуулж улс орныхоо хөгжлийн удирдлагыг хангаж байдаг ардчилсан тогтолцооны нийтлэг жам ёсыг бид эдүгээ дагаж байна. Сонгуулийн ардчилал, сонгож байгуулах замаар төр засгийг бүрдүүлдэг энэ тогтолцоо нь иргэд та бидэнд сонголтын чөлөөт байдлыг олгож, сонгох, сонгогдох эрхийг нээж өгч байгаагийн зэрэгцээ нэн өндөр үүрэг хариуцлагыг оногдуулж байгаагаараа онцлог. Манай иргэд сонгож байгуулсан төр засгийнхаа үйл ажиллагааг хянадаг, тэдэнтэй хариуцлага тооцдог эрх зүйн эрүүл механизмтай байх ёстой гэсэн мэдрэмжтэй, ойлголттой болсоор байна. Энэ бол ардчилал хөгжиж буйн нэг тод илрэл. Сүүлийн үед идэвхжиж буй иргэний хөдөлгөөнүүд, олон нийтийн шүүмжлэл шаардлагын цаана ийм үзэл санааны үр хөврөл байгаа гэдгийг тэднийг төлөөлөн сонгогдож төр засгийн эрх барьж буй хэн бүхэн мэдрэхгүй, мэдэхгүй байх буюу үл тоож, угүйсгэж хэрхэвч болохгүй.
Нөгөө талаас иргэний хөдөлгөөн, олон нийтийн үйлдэл, үйл ажиллагаа нь зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд, хуулийн дагуу, хууль ёсны арга хэлбэрээр илэрхийлэгдэх ёстойг бас мартаж болохгүй. Энд л Үндсэн хуульт ёсны утга агуулга, үнэ цэнэ байгаа юм.
Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, иргэд сонгуулийн ардчилалд суралцах тусам Үндсэн хуулийг улам боловсронгуй болгох, түүнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ бүхэн бас л Үндсэн хуулийн дагуу хийгдэх учиртай. Удахгүй болох Шинэ Үндсэн хуулийн 15 жилийн ойд төр засгийн байгууллага, албан тушаалтнууд, нийт иргэд онцгой ач холбогдол өгч энэ ойг угтаж Үндсэн хуулийнхаа олон талт агуулгыг нээн илрүүлэх, ололт дэвшил бас улам боловсронгуй болгох боломжийн талаар өргөн олны хэлэлцүүлэг өрнүүлбээс зохистой. Энэ бол иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцож буй оролцооны нэг хэлбэр болох билээ.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Энэ өдөр бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах Улсынхаа төрд иргэд бид хүндэтгэл, бахархлаа илэрхийлэх өдөр билээ. Монголын төр ёсны түүх уламжлал өгүүлж баршгүй их өв сантай. Энэ бол бидний нэг бахархал, түүнээс суралцаж, баяжуулах нь энэ сайхан Монгол Улсын иргэн нь болсон Та бидний бас нэг үүрэг мөн.
Төр ёсны хүндэтгэлт баярын энэ өдрийг өнөө жил Та бид хэлэх үг, хийсэн зүйлтэй угтаж байна. Заримаас нь дурдвал Монгол төрийн суу билэгт, Мянганы гавьяат Эзэн Богд Чингис хааныхаа шүтээн хөрөг, сүрлэг хөшөөг бүтээн Төрийн ордныхоо дотно болон гадна хүндэтгэлтэйгээр заллаа. Монголчуудын бичиг соёл, төр ёс, түүх уламжлалын нэвтэрхий толь болсон Монголын нууц товчоо-ны хосгүй нэгэн хувийг үнэт эрдэнээр бүтээж Төрийн ордондоо дээдлэн заллаа. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Монголын төрт ёсны түүх, уламжлал сэдэвт олон улсын бага хурал, Олон улсын монголч эрдэмтдийн IX их хурал, Дэлхийн Монголчуудын анхдугаар чуулга уулзалтуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж, төр ёсны өв соёлоо судалж танихад багагүй зүйл хийлээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн дууллын үгийг шинэчлэн найруулж, батлан эгшиглүүллээ, Монгол төрийн тамга гэрэлт хөшөө босгож мөнхжүүллээ. Энэ бүхэн бол төр ёсны баяр, тусгаар тогтносон улсын баярын энэ өдөртөө Та бидний барьж буй хамтын бэлэг юм.
Монгол төрийн өлмий бат оршиж, монгол түмний хийморь золбоо ямагт өөдрөг байх болтугай.

2006 оны арван нэгдүгээр сарын 26.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button