Д.УХНАА Энэ удаагийн тоглолтод тооны бэлгэдлиыг чухалчилсан

-Энэ арга хэмжээний онцлог нь юу байв?
-Өнөөдрийн арга хэмжээнд бэлгэдлийг бодож, Монгол улсын гавьяат багш С.Галмандахын санаачилгаар 800 хүүхдийн найрал дуу дууллаа. Yүнд 52 дугаар сургуулийн сурагчид идэвхитэй оролцсоныг зориуд тэмдэглэмээр байна. С.Галмандах багш ч Сүхийн талбайд томчууд өлсөж цангаж, зөндөө хэвтлээ. Одоо хүүхдийн цангинасан дуу хоолойгоор нийгмийн тэр бухимдлыг өвлийн жавартай хамт үргээнэ гэж хэлсэн. Түүндээ ч хүрлээ. Мөн 800 морин хуурч, 800 уртын дуучдын амсамбль ая дуугаа өргөж, 800 оюутны хүндэтгэлийн жагсаалыг зохион байгууллаа.

-Энэ тоглолтод драмынхан бас хувь нэмрээ орууллаа. Тэдний тоглолтын талаар юу хэлэх вэ?
-Тийм. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Н.Сувдаа Өүлэн эхийн дүрийг амилуулж, газар тэнгэр, хангай дэлхий, ард түмэндээ цацал өргөлөө. Түүнийг дагалдан хөвгүүд нь гарч ирж, манай урлагийн алдартнууд Чингис хаан, түүний өрлөгүүдийн дүрийг бүтээсэн нь энд цугласан олонд сайхан сэтгэлдэл төрүүлэх шиг боллоо. Yлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн чуулга, Улсын дуурь бүжгийн болон Драмын эрдмийн театр зэрэг манай урдаа барьдаг уран бүтээлийн байгууллагууд оролцсоноос гадна Чингис хаан зэрэг залуусын сонирхлыг татдаг хамтлаг, дуучид ч ая дуугаа өргөлөө. Мөн Их засаг, Шихихутаг, Нууц товчоо, Чингис хаан их сургуулийн оюутнууд зэрэг нийт 3000 орчим хүн энэ удаагийн урлаг соёлын тоглолтод оролцлоо.

-Та Сүхбаатарын талбайд болсон олон арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай хүн. Ер нь гаршиж байна уу?
-Магадгүй, тэгж хэлж болох байх. Би нийтдээ энэ талбайд 13 арга хэмжээг зохион байгуулсны дотор улс тунхагласны ойн урлаг соёлын тоглолтыг гурав дахь удаагаа найрууллаа. Уржнан Мөнгөн шөнө шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж байлаа. Улаанбаатарын үдэш нэртэй наадмын баяр ёслолыг бас зохион байгуулж, найруулгыг нь хийсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button