Эхлээд нүүр гараа дараа нь машинаа угаачих. Тэгээд үйлчилгээнд гар

Түүний тэмдэглэл ингэж эхэлжээ. 2006 оны зургадугаар сарын 5. Чингисийн өлгий нутаг Монгол Улсыг интернэтээр зургаан сар судалсны эцэст дотнын найзтайгаа хамт Монголыг зорилоо… Хятадын нийслэл Бээжингээр дамжин Монголд хөл тавив. Анхны сэтгэгдэл. Онгоцны буудлаас ачаа тээшээ түрсээр Чингисийн өлгий нутгийн агаарыг амьсгалав. Yнэхээр цэнгэг агаартай юм гээч. Цээж дүүрэн агаар амьсгалчихаад ачаа тээш рүүгээ хартал алга. Гайхаж сандраад харвал нэгэн таксины жолооч бидний тээшийг ачааныхаа саванд хийж зогсох юм. Хэнээс зөвшөөрөл авсныг бүү мэд. Ингээд бидний аялал эхэллээ. Хүчээр шахам суулгасан таксиндаа суусаар бид хотын төвийг нь зорив. 30 гаруй минут давхилаа. Эгээтэй л бүтэж үхэхийн даваан дээр буудлынхаа өмнө ирлээ. Бидний суусан унаа такси нэртэй ч хогийн сав шиг үнэр танартай хэцүүхэн машин байв. Өмхий самхай үнэрийг нь хэлэх юм биш. Ядаж байхад зуны халуунд цонхнууд нь ч онгойдоггүй. Жолоочийн талын ганц цонх онгорхой ч хаанаас юм бүү мэд эвгүй үнэр үнэртсээр байж билээ. Бид Монголд долоо хоносон. Олон ч такси барьсан. Бүгд л адил явдаг хогийн сав юм. Монголд таксинд сууснаас алхсан нь дээр гэдгийг та бүхэнд хэлье гэжээ. Түүний тэмдэглэл ингэж эхэлж. Хатуу ч гэсэн үнэн юм бичжээ. Интернэтээр хэсэх энэ тэмдэглэл Монголын тухай сайхан сурталчилгаа болж байх шиг. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын маань тээврийн үйлчилгээнд гаднынхан ийм үнэлэлт дүгнэлт өгч байна.
Хөгжиж буй хотуудын нүүр царайг нийтийн тээврийн үйлчилгээнээс нь харж болдог гэдэг. Саяхан томилогдсон замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, нийслэлийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ч.Сайханбаяр нар ч үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм чинь яах билээ.
Yнэнийг хэлэхэд өнөөдөр таксины үйлчилгээнд явж буй автомашинуудыг такси гэхээс нь илүү явдаг хогийн сав гэж гадаадын жуулчин ихэд онож нэрлэж. Бас төмрийн сэгнүүд ч гэж хэлж болох. Худлаа гэвэл, гудамжинд гараад хар. Такси гэсэн бичиг зүүн давхих автомашинуудын зууны 99 хувь нь Солонгосын төмрийн сэгнүүд болж. Өнөөх л эксель, элентра, аксентууд л таксинд явсаар Гайгүй шинэ таксинууд хаа нэг үзэгдэх.
Ядаж байхад таксинд явж буй автомашинуудын дугуй нь наймын тоо шиг хэлбэртэй болтлоо сэнсэрчихсэн, үгүй бол энд тэндээ булдруутсан, бүх эд ангид нь дуу орсон, хаалганы хавтас нь салсан, бариул хугархай, багахан донсолгоонд бөөн тоос манаргана. Ийм автомашинаар такси хийсэн орон өнөөдөр Монголоос өөр байхгүй биз. Өмхий самхай үнэрийг нь бүр ярилтгүй шүү. Гэтэл гадаадад ийм байдаггүй юм байна. Холын америк, хөгшин Европ, Арлын Японы таксиг очоод хар гэж хэлэхгүй ч Эрээнээс жишээ авч болохоор доо. Тэнд ямар такси явж байна гээч. Yйлчилгээнд явж буй таксинууд нь цоо шинэ биш ч цав цагаан суудлын бүрээстэй цэмцийсэн тэрэгнүүд байх юм. Бас болоогүй ээ жолооч нар нь бүгд цагаан бээлийтэй гээч. Цаашлаад Хөх хот, Бээжин хотын таксиг бүр ярих юм биш. Дээрх хотуудын такси нийслэлийнхтэй харьцуулбал ичиж үхэх биз. Адгийн наад захын боомт хотын нийтийн тээврийн үйлчилгээ ийм байхад бүхэл бүтэн улсын нийслэлийн таксинууд ийм ч байх гэж уулга алдах хүн цөөнгүй байх.
Гэхдээ ийм байдлаас гарах арга зам байна уу гэвэл байна, цаана чинь. Хэдхэн жилийн өмнө төөрүүлж давхидгаараа алдартай байсан Бээжингийн таксинууд яг л өнөөгийн манан нийслэлийнх шиг халтар байв. Эрх баригчид нь нийтийн тээврийн компаниудтайгаа тулж ажилласнаар өдгөө бүх компани нь парк шинэчлэл хийж, соёлтой боловсон үйлчилгээ нэвтрүүлж чадсан гэдэг. Нийслэлийн нийтийн тээврийнхэн ч яагаад тэднээс суралцан ингэж ажиллаж болохгүй гэж. Ингэхийн тулд юун түрүүнд үйлдвэрээс гараад удаагүй байгаа автомашинуудыг таксинд явуулах шийдвэр гаргая л даа. Yгүй ядаж үйлдвэрээс гараад 5-6 жил болсон автомашиныг таксины үйлчилгээнд явуулъя. Паркийг нь шинэчилье. Дараагаар нь жолооч нарыг нь үйлчилгээнд гарахаас нь өмнө нүүр гарыг нь угааж хэвшүүлье. Өнгөтэй ч харагдана. Гар хуруунаас нь тос салдаггүй юм бол цагаан бээлий өмсүүлж хэвшүүлье. Болохгүй бол цагаан бээлийгүй таксины жолооч нарыг торгоё л доо. Дараа нь өглөө бүр үйлчилгээнд гарахаас нь өмнө автомашиныг нь дотор гаднагүй угаалгая. Ингэхийн тулд такси баазуудыг өөрийн гэсэн угаалгын газартай болгох хэрэгтэй байх. Өнөөх муу нэртэй социализмын үед такси баазууд угаалгын газартай байсан болоод таксинууд нь тийм цэмцгэр байсан биз. Өдөр бүр машинаа угааж амждаггүй юм гэхэд үгүй ядаж гурав хоног тутамд машиныг нь угаалгая л даа. Ингэж чадвал такси гэдэг үйлчилгээ жинхэнэ утгаараа хэрэгжих биз. Бас жолооч бүрийг нь хувийн дугаартай болгоод үйлчлүүлэгчдээ гомдоовол удирдлагад нь алтан хошуу хүргэж байя. Санал гомдлын дугаар нээе. Нэг жолооч дээр удаа дараа гомдол ирвэл зохих арга хэмжээг нь авъя л даа. Энэ мэт арга хэмжээг авч чадвал нийтийн тээвэр нисдэг авс, явдаг хогийн сав гэсэн нэрнээсээ салж чадна биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button