В. Путин Британийн хуулийнхнаас асуу

Москва, Брюсселийн хооронд шинэ гэрээ байгуулах хэлэлцээрийн асуудал Польшийн тавьсан хоригийн улмаас саммитийн хөтөлбөр өөрчлөгдөв. Гэсэн ч хоёр тал энэ мухардлыг түр хугацааных гэж үзлээ. Хэд хоногийн өмнө Польш хориг тавьж буйгаа мэдэгдээд Орос Польшоос оруулах маханд тавьсан хоригоо цуцлах ёстой гэсэн юм. Польшийн Засгийн газрын мэдэгдэл Европын холбооны гишүүдийг санамсаргүй хүнд байдалд оруулсан юм. Европын холбооны дүрэм журмаар өндөр төвшний ёслолыг бүх гишүүдийн 100 хувийн саналаар гүйцэтгэх ёстой учир шинэ гэрээ байгуулах ажлын ёслолыг хойшлууллаа. Хөршийн гэрээний хугацаа энэ жил дуусч байгаа боловч автоматаар сунгах боломж байгаа. Оросын хоригийн талаар Москва, Варшав хоёрыг хэлэлцээрт орохыг уриалж тэдэнд гурван талын хэлэлцээрт бэлтгэхэд туслахаар амлав.

Польш хатуу байр сууриа тавьсангүй. Энэ талаарх яриа Европын холбоонд өрнөж байна. Гэсэн ч Орос, Польшоос сонсогдож эхэлсэн мэдэгдлээр мухардлаас гарах зам олдох бололтой. Путины мэдэгдсэнээр махны асуудал цэвэр техникийнх бөгөөд холбооны гишүүн орнуудын бүтээгдэхүүнд бас бус асуудал байгааг онцлов. Тэрээр асуудлыг улстөржүүлэх хандлага гаргасангүй. Польшийн Ерөнхийлөгчийн гадаад бодлогын асуудал эрхэлсэн зөвлөх Кравчикийн хэлснээр Саммитаас өмнө бид хэл амаа ололцоно гэсэн бидний стратеги байсан боловч энэ нь бүтсэнгүй. Үүнийг товойлгоод байх хэрэггүй гэжээ. Ингээд саммитийн гол шийдсэн асуудал нь Европын нисэхийн компаниудын Ази руу Сибирийн агаарын орон зайгаар хийх нислэгийн төлбөрийг аажмаар арилгах тохиролцоо болов. Европын орнууд энэ төлбөрийг арилгах шаардлагыг20 жилийн турш тавьж байгаа юм. Энэ жилийн төлбөр гэхэд л 330 сая евро болсон ба Хельсингээс мэдээлснээр 2013 он гэхэд төлбөр алга болох ажээ. Польшийн хориг Европын холбоо, ОХУ хоёрын хооронд шийдэх олон асуудал байгааг илэрхийлж буй юм. Асуудлуудыг 2007 оны турш шийдэх хэрэгтэй болж байна. Энд ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд Молдав, Гүржийн тавих хоригийн асуудал ч орж байна.

Европчуудын уриалгыг үл харгалзан Орос Эрчим хүчний хартийг бас дахин хүлээн авсангүй. Нефть, байгалийн хийн асар их баялгийн өгч буй зарим нэг давуу талаас Москва татгалзахыг хүсэхгүй гэдгээ ч илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч Путин хартийн тодорхой хэсгүүдийн талаар яриа байхгүй гээд энэ хэсэгт үндэслэн баримтыг шинэчлэх хэрэгтэйг хэлэв. Хэвлэлийн бага хурал дээр Путинд Литвиненкогийн үхэл болон Анна Политковскаягийн аллагын талаар асуулт ирсэн юм. Оросын Ерөнхийлөгч Литвиненкотай тохиолдсон хэрэг явдлын талаар Британийн хууль хяналтын байгууллагаас асуух хэрэгтэй гэв. Анна Политковскаягийн хөнөөгдсөн талаар хэлэхдээ түүний амиа алдсаныг Оросын гэмт хэргийн нөхцөл байдлаас салангид авч үзээд хэрэггүй гээд Орост зөвхөн сэтгүүлчдийг ч хөнөөдөг юм биш гэлээ. Путины үгээр бол Пол Хлебниковыг хөнөөсөн хэрэг нь Анна Политковскаягийн хэргийг онцгойлон авч дөвийлгөх хэрэггүй гэдгийг харууллаа.

Ардын эрх сонин 230 /508/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button