Хүйтний оргил ИХ МОНГОЛ нэртэй болох уу

Учрыг сонирхвол Алтай таван богдын Хүйтний оргилд өнгөрсөн зун гарсан уулчдын барьж явсан туг гэнэ. Уг тугийг үеийн үед музейд хадгалан, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойн биет дурсгал хэмээн алдаршуулах ажээ. Мөн энэ үеэр Хүйтний оргилыг Их Монгол гэж нэрийдэх болсон тухай ам зар түгээв. Газар усны нэрийг хэн, хэрхэн сольдог хуультай юм бол гэж бөх сонирхогчид бяцхан шивнэлдсэнээ төдөлгүй барилдааныг шимтэн үзнэ лээ.
1952 онд Х.Чойбалсанг нас нөгчихөд түүний дурсгалд зориулж дархан цаазат Богд хан уулыг Чойбалсан уул гэж нэрийдэх шийдвэрийг дээрээс гаргасан авч ард олны сэтгэлд мөнхүү нэрээрээ бат суурилсан Богд уулын нэр өөрчлөгдөлгүй, эрхтэн дархтануудын таалсан нэр хэвшээгүй билээ. Yүнтэй адил хэрэг болуузай гэж санагдсанаа нуух юун. Ямартай ч Алтайн хязгаарын казах, урианхай зон олон Хүйтний оргилыг Их Монгол хэмээн нэрлэсэнд хэл ам нь эвлэж дадах болов уу даа. Уул усны нэр элдэв төсөл, хөтөлбөр шиг овог нэрээ сольдоггүй билээ. Харин Хүйтний оргилд гарсан авиралтыг л Их Монгол гэвэл ямар вэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button