Quiza амьдралаасаа сэдэвлэж дуугаа зохиодог

– Сайн байна уу? Ийм завгүй үедээ бидний урилгыг хүлээн авч, ирсэнд баярлалаа.
– Баярлалаа. Юуны өмнө Оллоо сайтын уншигчидынхаа энэ өдрийн амгаланг айлтгая.
– Баярлалаа. Тэгэхлээр яриагаа таны хүүхэд насны сайхан үеэс эхлэе гэж бодлоо. Багадаа хэр сахилгагүй хүүхэд байв?
– За даа. Ер нь их томоотой хүүхэд байлаа. Энэ тэр хэрэг төвөгт орооцолддоггүй энгийн нэг хүүхэд байсан гэж болно. Хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсангүй. Их ичимхий байсан юм байна. Гоцорч тодроод байх зүйлгүй л хүүхэд байсан даа.
– Өөрийг чинь манай уншигчид Quiza гэж л мэдэхээс, нарийн ширийнийг мэдэхгүй байх. Өөрийгөө товчхон танилцуулахгүй юу
– Өө. Тэгэлгүй яахав. Миний эцэг эхээс хайрласан нэр Батцэнгэл, 8 хүүхэдтэй айлын бага. Багадаа дуулах дуртай ч энэ тэр тэмцээн уралдаанд оролцож гавьдаггүй, олон найзтай, хамт олонч хүүхэд байлаа. Улаанбаатар хотын 52-р сургуулийг төгсөөд МУИС-ийн Социологийн ангийг сонгож суралцсан. Сургуульд суралцаж байхдаа Чехэд 3 жил хөдөө аж ахуйн менежмэнтийн чиглэлээр суралцаж, төгссөн. Ийм л энгийн нэгэн байлаа.
– Тэгвэл хэзээхэндээ урлаг тэр тусмаа Hip Hop гэгч энэ төрлийг сонгон уран бүтээл туурвих болов? Лондонд байсан үеэс эхэлсэн үү?
– Тэрнээс арай эрт л дээ. 10 жилд байхдаа поп дуу хааяа дуулчдаг байсан маань нөлөөлсөн болов уу. Гадаадын Wu-Tang, Naughty by Nature, Eminem, Tribe called Quarst зэрэг хамтлаг дуучдыг сонсож, энэ үеэс л энэ төрлийг сонирхож эхэлсэн. Чехэд сургуулиа төгсөөд, Английн Лондон хотод хэлний курст 2 жил байлаа. Тэнд л хэсэг залуустай нийлээд Crue гэсэн нэрийн дор уран бүтээл туурвиж байлаа.
– Хамтлаг байсан юм уу?
– Yгүй дээ. Зөвхөн нэг нэгнийхээ уран бүтээлд тусалдаг, дэмждэг хэсэг залуус л байсан. Тэрнээс хамтарч уран бүтээл хийгээд байсан юм байхгүй л дээ. Өөр өөрийнхөө уран бүтээлийг хүний нутагт хийхэд хүндрэлтэй байсан болохоор хамтарч байсан нь их нөмөр нөөлөгтэй байсан гэхэд болохийн.
– Энэ ярианаас түр хазайгаад хүүхэд нас руугаа дахин орьё л доо. 10 жилд хэр олон охинд захиа өгч, хэдээс нь зөвшөөрсөн хариу авч байв?
– Yгүй ээ. Энэ тал дээр ёстой томоотой хүүхэд байсан шүү. Эмэгтэй хүүхдэд захиа өгөх нь бүү хэл, олигтой ч юм ярьж чаддаггүй хүүхэд байсан. Өөрөө захиа өгөхөөсөө илүү хайрын захиа хүлээж суудаг байсан даа. Гэхдээ ганц ч захиа авч байгаагүйээ. Үерхэж ч үзээгүй ш дээ. Ингээд бодохоор их даруу, төлөв хүүхэд байсан бололтой байгаан. Спортоор хичээллэх боловч бас л хэвийн хэмжээнд сонирхоно. Сагсан бөмбөг тоглодог байсан бол зөвхөн гудамжны хэмжээнээс хэтрээгүй. Чехэд байхдаа ролликоор хичээллэж байсан юм байна.
– Чухамдаа уран бүтээлийн нэр чинь ямар нэгэн утга учиртай байх л даа…
– Тийм шүү. Одоо энэ нэрэндээ их дасчжээ. Quiza гэдэг нь таавар гэсэн англи үг л дээ. Утга санаа нь үгэн дээрээ ил байгаа болохоор тайлбарлахад илүүц биз дээ.
– Уран бүтээлийн тань тухай яриагаа эхлэе. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?
– Тэгэлгүй яахав. Саяхан би шинэ Хийморийн сан CD– гээ гаргалаа. Энэ удаад нийгэм рүүгрээ хандсан бүтээл хийхийг зорьсон. Сонсогч та миний нийгэмдээ хандаж юу хэлснийг энэ цомгоос маань сонирхоорой. Цомогт орсон дуунууддаа клип хийлгэж байгаа. Эхнийх нь 2 дахь өдрөөс үзэгчдэд хүрнэ. Цаашдаа 3,4 дууны клип хийхээр төлөвлөөд байгаа. Мөн он гаргаад бие даасан тоглолтоо тавих бодолтой байгаа. Сонсогчиддоо зориулаад өөрийнхөө сайтыг нээсэн. Энэ сайтаас миний эхний цомог Таавар мэт болон шинэ цомгийн маань дуунуудыг, клипүүд болон фото зургууд, шинэхэн мэдээллийг авч болно. Ер нь миний талаар шинэ соргог гэсэн бүхэн тэнд байх болно.
– Таныг зарим нэг дуучдад дуу зохиож өгдөг гэж сонссон. Энэ талаар….
– Тиймээ. Би бүх дуугаа өөрөө зохиодог, мөн миний амьдралд л тохиолдсон үнэн бодитой зүйлүүдээс сэдэвлэж бичдэг. Хамтлаг дуучдаас Камертон хамтлагийн ахлагч Болдод 7, Ариунаа эгчид 3 дуу өгсөн, хамтарч ажилладаг. Тухайлбал, дуучин Болдын Нүд чинь хайр харуулна гээд дуу байна л даа. Ер нь хамтлаг дуучдаас Болд, B.A.T, Ариунаа эгч, дуучин Ундраа гээд хамтарч ажилладаг даа.
Уран бүтээлийн талаар, Хийморийн сан цомог миний 2 дахь цомог, эхний цомог маань Таавар мэт байсан. Эхний цомогоос 8 дуундаа клип хийлгэсэн. Хийморийн сан цомог маань гарсан цагаасаа хоёр долоо хоногийн турш борлуулалтаараа тэргүүлэсэн цомог болсон. Саяхан дуучин Ариунаагийн тоглолтонд оролцсон. Ариунаа эгчтэй уран бүтээлийн тал дээр хамтарч ажилладаг л даа. Тэгээд ч энэ тоглолтонд дуулагдсан 3 дууны 2 дээр нь хамтарч ажилласан.
– Quiza амьдралаасаа сэдэвлэж дуугаа зохиодог гэлээ. Нэг дуун дээрээ эхнэр, охин гэж дурдсан байдаг. Энэ талаар?
– Тиймээ. Миний хувьд эхнэртэй, нэг хөөрхөн охинтой. Охин маань 2 настай. Охиндоо зориулаад Эхний цомогт орсон Охин гэдэг дуугаа бичсэн. Эхнэртэйгээ оюутан байхдаа танилцсан л даа. Лондонд хамаг хүнд, хэцүү үеийг хамтдаа туулж байлаа. Бид хоёрын хувьд энэ бүхэн маань дурсамж болоод үлдсэн. Тэгэхлээр үүнээс ч хэцүү үе ирэхийг хэн ч мэдэхгүй байх л даа. Тэр үед ч хамт байж, цугтаа туулна гэж боддог шүү.
– Гадаадад хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан гэлээ. Хүний нутагт хамгийн хэцүү, одоо ч санаанаас гардаггүй тийм зүйлс тохиолдож байв уу.
– Ер нь их сонирхолтой л доо. Мөнгөгүй болохоос авахуулаад их асуудал бий л дээ. Мөнгөгүй болчоод маргааш нь яаж амьдрал үргэлжлэх болоо гэхээс их сонирхолтой байдаг байлаа. Хүний нутагт сэргэлэн байж мөнгө олж, өөрийгөө авч явна гэдэг хэцүү л дээ. Яаж ийгээд л ажил олж хийгээд мөнгө төгрөг олдог байсан. Одоо бодохлоор ер нь их сэргэлэн байх хэрэгтэй юм билээ. Би Япон ресторанд тогооч хийдэг байсан.
– Тэгвэл та чинь сайн тогооч байх нээ.
– Yгүй дээ. Зөвхөн рестораны хоол хийж чадна. Тэрнээс гэрийн хоолонд бол эхнэрээ арай ч гүйцэхгүй л дээ. Рестораны хоол цаанаасаа бүх юм нь заагдсан байдаг болохоор яг тэр орц, найрлагаар нь хийдэг байлаа.
– Таныг 2006 оны UBS Music awards-аас дууны шилдэг санаа шагнал авч байсныг санаж байна. Ер нь авсан бай шагналынхаа талаар сонирхуулахгүй юу.
– 2000 оноос 2005 он хүртэл гадаадад байж байгаад Монголдоо ирсэн. Тэгээд л шууд уран бүтээлийнхээ ажилд орсон доо. 2005 оны Пентатоникоос Болдод зохиож өгсөн Нүд чинь хайр харуулна, Яах уу гэсэн хоёр дуу маань шилдэг дуунууд болж байлаа. 2006 оны UBS Music awards-аас Олуулаа дуугаараа дууны шилдэг санаа номинацид шалгарсан. Миний уран бүтээлд хамтарч ажиллдаг нэг залуу байдаг. Дууны маань Аранжеровшикыг хийдэг Баярхүү гэж залуу байдаг. Мөн Crue-д хамтарч ажилладаг байсан В.А.Т, Мөөнөө, миний төрсөн ах Болдоо нарын хүмүүс миний уран бүтээлийг дэмжиж байдагийн. Уран бүтээл хийнэ гэдэг хэцүү л дээ. Эхнийхээ цомогийг бор зүрхээрээ явж байгаад л гаргасан. Харин хоёрдахь цомгыг маань Комит, Шандас группийн захирал Тамираа ах ивээн тэтгэсэн л дээ. Энэ бүх хүмүүстээ баярлаж явдагаа хэлэх ёстой байхаа.
– Тэгэхлээр бидний яриа дуусах шатандаа орж байна. Бидэнд хүүхэд байхдаа тохиолдсон хөгжилтэй явлуудаасаа дурсаач.
– Тэгье. Би бага байхдаа олон дундаа томоотой хүүхэд байсан л даа. Гэхдээ найзууд дундаа бас хөдөлгөөнтэйд тоооцогддог байлаа. Тэгээд бид нар Таван давхар байшингийн чардакан дээрээс айлын балкон луу үсэрч зоригтойгоо шалгадаг байлаа. Би найзуудаасаа ганцаараа чардакнаас гараараа зүүгдэж, савлаж байгаад үсэрчихэж билээ. Харин яг балкон дээр газардсан шүү. Ер нь их өндөр юманд дуртай хүүхэд байсан юм байна. Бас нэг удаа Зайсан толгойн туг барьсан хүний хөшөөний бүр орой дээр нь гарч үзүүлээд нэг жуулчнаас 10 доллар авч байсан шүү. Гэхдээ хүүхэд багачууддаа анхааруулахад үүнийг битгий туршаарай гэж хэлэхгүй бол болохгүй байх л даа.
– Ингээд үнэт цагаасаа хомслон байж бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Уран бүтээлд чинь амжилт хүсье
– Баярлалаа. Оллоо сайтын бүх уншигчдад амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button