Социализм тийш арагшаа!

Монголчууд уг нь хөгжлийн чөдөр тушаа, амьдрах чадварын аргамж болсон социализмаасаа 16 жилийн өмнө татгалзсан. Ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон эхний үед ард иргэд цаашид хэрхэхээ мэдэхгүйн мананд төөрсөн ч аяндаа хөлөө олж, амь зуух аргаа дийлэнх нь олчихоод байв. Төр, засгаас хоол нэхэх нь багасч, төр өөрийнх нь төлөө бус, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх учиртайг ухаарчихаад байсан.
Гэтэл улс төрийн гол намуудын УИХ-д суудал авахын төлөөх ухаангүй амлалтуудаас болоод манай нийгмийн уриа ардчилал өөд урагшаа биш, социализм тийш арагшаа болон хувирлаа. Социа¬лизмын үлдэгдэл болсон бэлэнчлэх сэтгэлгээ хумигдаж, амиа тэжээх аргатайгаа болж байтал УИХ-д голлох суудалтай манай хайрт намууд сонгогчдодоо Амаа ангайгаад сууж бай. Бид хоол халбагадаж өгсүгэй гэсэн хөтөлбөр дэвшүүлцгээв. Тэдний амлалтуудыг бурхан ивээж, ашигтмалтмал, алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч, олборлогч компаниудын ашгаас 68 хувийн татвар татаад л баруун солгойгүй цацах бэл бэнчинтэй болох нь тэр.

Ойрдоо тун баярхуу байна, УИХ-ын эрхэм гишүүд. Шинэ баян цээж өвчтэйн үлгэрээр Аваад бай, өгөөд байя гэлцэн төсвөө хуваарилцгааж байна. Гэхдээ хуваарилалт зах зээлийн зарчмаар хаана, хэнд хэрэгтэйд нь биш, социализмын төвлөрсөн төлөвлөгөөний аргаар тэв тэгшхэн болсон нь анхаарал татав. Аймаг болгонд 500 сая төгрөгийн татаас олгоё гэж нэг хэсэг нь мэргэн санаа гаргав. Аль аймагт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй нь гол бус, бүгдэд нь 500 сая төгрөг хүртээж, социалист маягаар ижил барилга байгууламж бариулах нь чухал. Дээр үед социализмын материал техникийн бааз байгуулна гээд төмрийн сэгний агуулах босгодог шиг, тэр мөнгөөр хэрэггүй хог цуглуулсан ч яахав дээ. Төрийн хишиг юм чинь.

Дараа нь эрхэм гишүүн бүр 250 сая төгрөг захиран зарцуулна гэж төсөв захиран зарцуулагчидтай эрх мэдэл булаалдав. 250-хан сая төгрөг юу юм бэ гэж телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байсан эрхэм гишүүн туйлан үзэгчдийг алмайруулав. Гишүүн болгоны тойрог ижилхэн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гоёж, тухайн гишүүний нэрэмжит болсон тойрогт дахин шинэ хүн нэр дэвшин сонгуульд өрсөлдөх аргагүй дархлаа тогтох эхлэл тавигдаж эхэллээ. Хуучин социализмын үеийнх шиг тойргийн нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн дархан гишүүн нэрэмжит тойргоосоо нэг насаараа сонгогдох визээ авлаа гэсэн үг. Гэнэт баяжихын зовлонг эдэлж эхэллээ, манай гишүүд. Тансаглал нь ч хэрээс хэтрэв, Бүтэн тэрбум төгрөгөөр суудаг танхимаа гоёчихоод голж, 12 сая ам.доллараар парламентын ордон бариулахаар айлаас бадар барив.

Баян айлын эхнэр гоёл зүүсгэлээ багтааж ядан, юугаа зүүхээ сонгож мэдэхгүй толины өмнө эргэлдэх шиг Хаана барина аа, энэ гоё ордныг гэлцэн сэтгэлээ чилээх боллоо. Ард иргэддээ ч адилхан хуваах гэнэ, нөгөө багтаж ядсан ашгаасаа. Авгай ав, 500 мянгыг өгье. Болохгүй бол хувааж аваад салахгүй юү. Хүүхэд гарга, 100 мянгыг өгье. Тэгээд cap болгон гурван мянга дээр нэг удаа дахиад 100 мянгыг өгье. Олон хүүхэдтэй айлууд ажил хийгээд яах юм. Алгаа тосоод сууж бай. Хүүхдэд үдийн цай уулгаж болсон юм чинь өглөөний цайтай, бас оройн хоолтой болгоё. Нөгөө бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж байсан хүмүүсийн ухамсарт социализмын тэгшитгэн хуваарилдаг байсан хуучин цагийн өвчин сэдэрч эхэллээ. Хүүхдийн мөнгөө нэм. Заавал анх гэрлэсэн биш, дахин гэрлэж байгаад нь ч 100 мянган төгрөг өг гэвэл яана.

Одоо тэгээд гадаадын хөрөнгө оруулагчдаас уул уурхайн салбараа салгаж төрдөө авах янзтай үг дуулдах боллоо. Бас л социалист чигийн үнэр эндээс ханхалж байна. Хойч үе маань бэлэнчлэх сэтгэлгээгээр хөлд орж магадгүй нь. Сyргуульд байх үеэс нь үнэгүй хоол, цайгаар дайлаад эхэлсэн юм чинь. Аав, ээжийг нь ажлын байртай болгож, байнгын орлогын эх үүсвэртэй болгох яриа эрхэм гишүүдийн амнаас харин дуулдах янзгүй. Тэр цацаад байгаа мөнгөнөөсөө жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь үү гэтэл чимээгүй.
Хэзээ нэг цагт ашигт малтмалын үнэ унаад, төсвийн авдар дундраад ирнэ. Тэгшитгэж хуваагаад сургачихсан ангаахайнууд амьдрах чадвараа алдаж, социализмын дараах үеийнх шиг төр, засаг харж үзсэнгүй гээд ордон тойрч гороолоод эхэлбэл яах вэ. Монголын өнөөгийн уриа Социализм тийш арагшаа!. Харин хэдэн жилийн дараа нийтийн жишгийг дагаж дахин зах зээлд орох гэж хөглөх үү, эрхэм гишүүд ээ.

Ардын эрх сонин 230 /508/
Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button