Хятад төмс, амтат чинжүүнээс цацраг идэвхт бодис илэрлээ

Гэтэл өнөөдөр нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гадаадаас авч залгуулж байна. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн худалдан авч байгаа бол бас яая гэхэв. Харамсалтай нь та бидний өнөөдөр идэж хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаарлага хангах нь бүү хэл хоол биш хор болж байгаа нь гарцаагүй үнэн. 90-ээд оны үеэс бид бага багаар ходоод руугаа хор хийж эхэлсэн. Манайд ходоод болон бусад эрхтний хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж, өвчлөгсөд бүр залуужиж буйг эмч мэргэжилтнүүд сэтгэл зовнин ярьж байгаа нь үүний нэг нотолгоо. Өнөөдөр ч бид хордсоор л байна. Үнэндээ бидний дийлэнх нь хятадын гурил, хүнсний ногоо чанаргүй гэж ярьдаг ч хор болох хүнсээ авч хэрэглэсээр. Хямд үнэтэйг нь бодож амьжиргааны түвшин ядуу монголчууд авсаар л байгаа. 500 төгрөгөөр монгол төмс 1кг-ыг авч хоёр хэрэглэснээс 250 төгрөгөөр 2кг хятад төмс авч 4 өдөр хэрэглэх нь ядарсан иргэдийн бодох л бодол.
Нөгөөтэйгүүр хил гаалиар орж ирж буй хүнсний бараа бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтынхан болон бусад холбогдох албаны мэргэжилтнүүд хяналт тавьж, шинжилж судалж байж сая хилээр нэвтрүүлж орж ирсэнийхэн дараа дахин шинжилж байж зарж борлуулдаг гэж иргэд ойлгодог. Үнэн хэрэгтээ ард иргэд мэргэжлийн байгууллагууддаа итгэж буй нь энэ. Гэвч харамсалтай нь хэрэглэгчдийг хайрладаг тэдний эрүүл мэндэд санаа тавьдаг бизнесмен, арилжаа наймаа эрхлэгчид өнөөдөр алга гэхэд хилсдэхгүй.

Хятад төмс, амтат чинжүүнд цацраг идэвхит бодис байна

Бидний хэрэглээд идээд буй хятад төмс, амтат чинжүүнд цацраг идэвхит бодис агуулагдаж байгаа нь илэрчээ. Тэр ч бүү хэл үрийг нь хятадаас авч ирээд монголын хөрсөнд тарьж ургуулсан төмсөнд мөн л цацраг идэвхит бодис тодорхой хэмжээгээр агуулагдаж байсан гэнэ. Ийм нарийн судалгаа шинжилгээг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Үндэсний холбооныхон Герман улсаас оруулж ирсэн зөөврийн лаборатор ашиглан саяхан хийсэн байна. Тэдний шинжилсэн хятад төмс, амтат чинжүү, далайн байцаанд 1,8-2,2 хэмжээтэй цацраг идэвхит бодис агуулагдаж буй нь тогтоогдсон байна. Харин монгол, орос үрээр монголдоо тарьсан төмсийг шинжлэхэд өчүүхэн төдий ч цацраг идэвхит бодисын агууламж байгаагүй гэнэ. Дээрх бодисыг агуулсан хүнсний ногоог бид хэрэглэснээр амьсгалын замын болон дотор эрхтэнд хорт бодис удаан хугацаагаар агуулагдаж эцэст нь хорт хавдар үүсгэдэг байна. Хэрвээ цацраг идэвхит бодисын агуулагдах хэмжээ 2,9 болон түүнээс дээш болбол онцгой аюултайд тооцогддог байна. Хүнсний зүйлд агуулагдаж буй цацраг идэвхит бодис өнөөдөртөө дээрх хэмжээнд хүрээгүй байгаа ч манай хүнсний аюулгүй байдал алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор учруулах хэмжээнд хүрээд байгааг харуулж байна.

Хугацаа нь дууссан барааны он, сарыг нь засаж борлуулдаг

Баттай эх сурвалжийн мэдээлснээр манай хүнсний бараа бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгж компаниуд гадаадын аль нэг улс орноос хугацаа нь дууссан барааг чингэлэг чингэлэгээр нь оруулж ирээд үйлдвэрлэгдсэн болон хугацаа нь дууссан он сарыг засч худалдаалдаг болжээ. Ингэж он cap засч сольдог тусгай нууц өрөө, орон тооны ажилтан хүртэл байдаг гэнэ. Зарим томоохон дэлгүүрийнхэн маргааш хугацаа нь дуусах гэж байгаа юм, тэгээд хямдруулж зарж байна гээд ой тойнд оромгүй хямд үнээр бараагаа зарж, дэлгүүр хоршооныхон, наймаачид бөөнөөр нь худалдан авч байхтай тааралдаж л байсан. Тэд уг худалдаж авсан бараагаа бас л он сарыг нь өөрчлөн худалддаг байна. Ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он cap, өдрийг солиход 300 төгрөг гэсэн ханш хүртэл тогтож.
Гэтэл худалдан авагчдаа хууран доромжилж, эрүүл мэндэд нь заналхийлсэн дээрх хууль бус үйлдлийг бидний сайн мэдэх итгэж байнга үйлчлүүлдэг, нэр хүндтэй, олон салбартай томоохон компанийхан хийдэг юм билээ. Уншигч та итгэхгүй байж магад. Тийм томоохон дэлгүүрт ажилладаг дотны хоёр найз маань ингэж шошго өөрчлөх ажил хийдгээ сайрхан сонирхуулсан нь энэ.

Хоолны газрынхан дээд зэргийн бохирдолттой тос хэрэглэж байна

Хотын бид гуанзны хоолыг таашаадаггүй. Гэрийн хоол амттай, тэгээд ч найдвартай гэдэг. Гэвч ажил албаны шаардлагаар аргагүйн эрхэнд, эсвэл найз нөхөдтэйгөө гуанзанд орохоос өөр аргагүй болдог. Гэхдээ бидний хооллодог тэр кафе, гуанз, зоогийн газрын тогооч нар ямар тосонд шарж хуурсан хоол өмнө минь тавьдагийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Үндэсний холбооныхон зөөврийн лаборатороороо гуанз, зоогийн газруудад хоол бэлтгэхдээ хэрэглэж буй тосны чанарт шалгалт хийхэд нийтийн хоолны 53 газраас ердөө зургаа нь л ашиглаж болох шаардлага хангасан тос хэрэглэж байжээ. Энэ бол хоёрхон дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудад хийсэн шалгалтын дүн. Тухайлбал, хотын төвд буюу Чингэлтэй дүүрэгт байрлах М-М цайны газар, Найрамдал зоогийн газар, Лаванда кафений хэрэглэж байсан тос хүнсэнд хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй, устгахаар хэмжээний бохирдолтой байжээ. Хотын төвийн цайны газар, кафенууд ийм байхад хотын захын хоолны газрууд ямар байх бол. Мэргэжлийн хяналтын бүхий л байгууллагууд хүчээ нэгтгэж хүнсний салбарынхан, энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагынхан нийлээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, гарцаагүй гадаадаас оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд чанарын шаардлага тавих өндөр босго тогтоох цаг нэгэнт болжээ. Хэдий болтол хүнс хомсдолтой байхад хөөрхий энэ наймаачин нэг компани оруулаад ирж байгаа нь их юм гэж нүдэн балай чих нь дүлий явах вэ. Хоолтой болж байна гэж ходоодоороо хор цуглуулсаар байх уу?

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button