Оюутолгойн үнэн ба худал

тухайн сумдын малчид, иргэд, нөгөө талаас энэ тойргоос сонгогдсон УИX-ын гишүүд, БОЯ, мэргэжлийн байгууллагуулын болон орон нутгийн Уугуул хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон нээлттэй, нүүр тулсан уулзалт ярилцлага боллоо. Энэ үеэр Оюутолгойд ажиллаж, тэндээс хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг толилуулж байна.

Бид тийшээ яагаад тэмүүлэхийг боддог вэ?

Оюу толгой гэсэн нэрийг сонсонгуут бид ийшээ яагаад тэмүүлэхийг боддог вэ. Тэгсэн мөртлөө Оюу толгой гэхээр нэг л хүний юм шиг санагдахыг яана. Гэвч одоохондоо ингэж хэлэхээс өөр аргагүй байна. Учир энэ нь хэдийгээр эх орны минь нутаг боловч зургаан км үргэлжлэх газрын дор монголчууд бидний хэдэн арван жил идээд барахгүй арвин их нөөц бүхий алт, зэсийн орд оршдог, үүндээ бидний монголчууд гар хүрэх хүч, хөрөнгөгүйгээс хэдийнэ харийн компани эзэмших болсон учраас тэр. Тиймээс л хүнийх мэт санагдах болж. Намрын сүүл cap шувтарч сэрүүн орчихоод байхад хаяаг нь манаагүй ч гэсэн эрэгнэгт нь түлээ, нүүрс бэлтгэчихсэн, тусдаа галч хийдэг хүнтэй, дулаанхан, тохилог, тэрч байтугай аэроконденшнтэй, зуны халуунд бол сэрүүцүүлэгч сэнс тавьсан гэрт та Оюу толгойн өглөөг үзнэ. Гэрээс гарангуут өмнийн говьд байхгүй мөн тохилог, ариуссан үнэр танар ханхлах бие засах газар, бүр усанд орох душ угтана. Төдөлгүй хээрийн нөхцөлд барьсан ч халуун агаараар үлээсэн сэндвич бүхий бөмбөгөр асар бүхий урт байранд танд франц, сингапур, орос тогоочид өөрсдийн хийсэн олон төрлийн гарын хоолоор дайлах вий. Дайлна гэдэг нь энд бүх үйлчилгээ үнэгүй. Гэхдээ Оюутолгойд очсон хүн толгойгоо савтай, үйлдвэрийн цэвэр усаар угаадаг гэсэн нийслэд сонсогддог яриа арай үнэнд нийцсэнгүй. Та өглөөний ундандаа жүүсний олон сортыг сонгон ууж, шарсан өндөг, синга маягаар хайрсан үхрийн мах, австрали сүмстэй гуляшыг тавиур дээр ярайтал өрсөн савтай цэвэр ус болон бразил кофегоор даруулан өглөөний цайгаа ууж болно. Эдгээр зуушыг Улаанбаатарын аль ч ресторанд амсаж үзээгүй байх вий. Тэгээд хээрийн нөхцөлд, говьд шүү. Энэ бүхний эцэст Оюу толгойн ажлын нэг өдөр эхэлж байгаа юм.

Нэг ч гарашгүй, засмал замгүй Оюутолгой

Өглөөний 06.00 цаг гэхэд ижил цагаан өнгийн самуурай загварын гэгдэх япон хөнгөн жипнүүд бараг нэгэн зэрэг хөдөлгүүрээ асаах нь говийн талыг тэр чигээр нь дүнгэнүүлэн сэрээнэ. Ийм төрлийн 100 машин дахин нийлүүлэгдэж байгаа, удахгүй ирнэ гэж эндэхийн нэг ажилтан гайхуулан ярина. Үүнээс харахад Оюу толгойд орос машин гэж бараг байхгүй аж. Тиймээс ихэнх актлагдсан машинууд нь оросынх бөгөөд тэдгээрийг удахгүй газарт булаж, устгах гэж байгааг сонссон ойр хавийн малчид, хөдөөгийн хөгшин, залуугүй хайран юм, бидэнд хэдэн төгрөгөөр өгчихөж болдоггүй юм байхдаа гэж халаглацгааж байгаатай тааралдав. Тэгсэн мөртлөө Оюу толгойд өнөөг хүртэл японы байтугай бусад машинуудад нэг ч гараш бариагүй байгаа нь сонин. Тэгээд яадаг вэ гэхээр шөнө орой болсон хойно машинуудаа унтраагаад бараг үүрээр шахуу нэгэн зэрэг асаадаг нь тэр. Харин орой 22.00 цагаас хойш Айвенхоу майнз-ын нэг ч машины мотор асах ёсгүй гэсэн Монголд бол бичигдэггүй, олон улсад бол дагаж мөрдөгддөг хууль энд үйлчлэх аж. Энэ нь зорчигч ажилтнуудынхаа (ялангуяа манайд бол гадаадын мэргэжилтнүүдийн) аюулгүй байдлыг хангах үүднээс мөрддөг журам бөгөөд үнэхээр яаралтай болон хойшлуулшгүй ажлаар хөдөө гадаа яваа нөхцөлд шөнө болонгуут тэр дороо машины хөдөлгүүрээ унтрааж хаана байгаа газраа, хээр унтахыг комланийн удирдлага эрхэмлэдэг байна.

Өнөөг хүртэл Оюу толгойд нэг ч граш, тэр ч байтугай ганц км засмал зам баригдаагүй, ажилчид нь гэрт суусаар байгааг лавлах бүрт Оюу толгойнхон нэг л хариу хэлдэг. Тэр нь Тогтвортой байдлын гэрээ хийгдээгүй учир хүлээзнэж байгаа гэх. Алт, зэсийг маань ухаад эцэст нь гэнэт яваад өгөх нь хэмээн олон түмний эмзэглэдэг ганц асуултад компанийнхан ийм л хариу өгч байна. Гэхдээ Айвенхоу майнз-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан Ганбаяр сэтгүүлч биднийг Оюу толгойн дөрөв дэх буюу шинэ кемптэй танилцуулах үеэр бид хуучнаар бол БАМ-ын гэгддэг орчин үеийн урт барилгатай танилцсан юм. Дотроо 00-той, нимгэн дэлгэцийн телевизор тавьсан нэг өрөө бүхий тэр тохилог сууцанд компанийн ажилтнууд орцгоож байлаа. Ганбаяр ч бидэнд өөрийн өрөөгөө үзүүлсэн юм. Шинэ кемпэд хоёр мянган хүн зэрэг хооллох хоолны газар байгуулагдаж байгааг Оюу толгойн үйлчилгээг хариуцах CIA компанийн менежер Эдди Муха хэмээх польш гаралтай Австралийн мэргэжилтэн танилцуулсан юм. Тэрээр үйлчилгээний салбарт олон арван жил ажиллаж буй туршлагатай нэгэн, барьж буй хоолны газраа хүчин чадал болон тохилогын хувьд Монголын говьд байхгүй, анхных гэдгийг онцлоод цаашид дөрвөн мянган хүнийх болгох гэж байгаагаа урамтай нь аргагүйн өгүүлж байлаа. Шинэ кемпэд мөн шалан доороосоо халдаг, дотроо тохилог 00 бүхий Монгол гэрүүд баригдаж эхэлж байна. Монголын Биомандал ХХК-ийн энэ бүтээгдэхүүн-ийг гадаад менежер Эдди Муха Монголын говьд шинэ технологи нэвтэрч байна хэмээн бардам өгүүллээ. Тэрээр өнөөдөр эдгээр гэр нь хэдийгээр компанийн ажилтнуудад зориулж барьж байгаа ч удахгүй малчдын хэрэгцээнд очно гэдэгт итгэлтэй байв.

Хамтын хүчээр босч буй Говь

2001 онд Оюу толгойд алт, зэс эрэгч, түүнд хөрөнгө оруулагч гадаадынхан хөл тавьж байх үеэс сэтгүүл, сонин хэвлэлийн хуудаснаа үзэгдэх болсон хэдхэн гэртэй анхны лагерийг (үүнийг кемп гэнэ) бодвол өнөөдөр энд дөрвөн ч кемп байгуулагджээ. Энэ нь ажил тэр хэмжээгээр өрнөж, ажилчид нэмэгдсээр байгааг харуулна. Өнөөдрийн байдлаар Оюу толгойд нийтдээ 1500 гаруй хүн ажиллаж байгааг Айвенхоу майнз-ын Засгийн газар болон үйлдвэрийн асуудал эрхэлсэн Монгол талын дэд захирал Ц.Содхүү газар дээрээ танилцуулсан юм. Энэ 1500 хүний 300 нь компанийн үндсэн ажилтнууд. Тэд нар нь конторын хэдэн ажилтан, жолооч, геологичдоос бүрддэг аж. Бусад үлдэх 1200 нь Оюу толгойн төсөл дээр гэрээгээр ажиллаж буй гадаад, дотоодын гүйцэтгэгч компаниудын ажилчид гэнэ. Тэдгээрээс дурдвал Оюу толгой дахь утсан харилцааг Мобиком, шатахууныг Петровис, цалин хөлс, мөнгөн гүйлгээ тооцоог ХААН банк, барилга угсралт, сантехникийн ажлыг Одкон, MCS компаниуд гүйцэтгэж байна. Хүнд машин, механизм, техникийн засварыг Вагнер Ази-ын салбар хариуцдаг, хөнгөн тэрэгнүүдийн хувьд удахгүй энд Хэт Тояота-ийн засварын газар байгуулагдах гэж байна. Эндхийн бүх хоол унд, хүнсний хангамж болон угаалга, цэвэрлэгээний үйлчилгээг дээр дурдсан Францын CIA, уурхайн гүнийн өрөмдлөгийг Австралийн, эрчим хүчийг Канадын, зарим газар шороо, цооногын ажлыг БНХАУ-ын ТС1 зэрэг компаниуд хийж байна. Оюутолгой руу Улаанбаатараас онгоц долоо хоногт гурван удаа нисдэг, ажилчид нь үнэгүй зорчдог энэ рейсийг АэроМонголиа компани гүйцэтгэдэг байна.

Монголчууд байхад яагаад заавал хятадууд гэж

Айвенхоу майнз-д хамааралтайгаар ажилладаг, дээр дурдсан 1500 хүний үндсэн цалин гэвэл галч, цэвэрлэгч 100-150 мянга, жолооч нар 200-300 мянга, геологич, оффисын орчуулагч, гүйцэтгэгч ажилтнууд 400-500 мянган төгрөг авдаг. Харин гадаадын мэргэжилтнүүдийн цалин хөлс түүнээс дээш, мянгаар тоологдоно. Тэр нь хатуу валютаар. Гадаад, дотоодын ажилчдын хувь, харьцаа ямар байгаа вэ гэсэн олон нийтийн хамгийн их анхаарлын төвд байдаг асуултад 1500 ажилтны 200-хан нь гадаадынх гэж компанийн удирдлагууд хариулж байлаа. Саяхан 100 хятад ажилчид ирснийг монголчууд Орон нутгийн бид ажилгүй байхад яагаад заавал гадаадаас, тэр дундаа хятадаас ажилчид аваад байна вэ хэмээн эсэргүүцэх нь их. Энэ талын асуултыг нутгийн иргэд сумдад болсон уулзалтууд дээр Айвенхоу майнз-ын удирдлагад байнга тавьж, тэр нь уулзалт ярилцлагын гол сэдэв болж байлаа. Айвенхоу майнз компани одоогоор ил болон гүнийн гэсэн хоёр уурхайн ордыг нээж хайгуул хийгээд байгаагаас ил ордын хайгуул дуусч, үүнийгээ олон улсад баталгаажуулсанаар Засгийн газарт танилцуулахад бэлэн болоод байгаа гэнэ. Харин гүнийн ордын хайгуулаа дуусаагүй. Гүний орд дээр нэг босоо ам буюу цооног бариад байгаа, шинээр баригдах хоёр дахь цооног дээр хятад ажилчдыг ажиллуулахаар авчраад байгаа нь тэр аж. 100 хятад ажилчдын тухайд ийм хариултыг өгч байлаа. Одоогоор өдөрт 30 метрээр доош явж буй, цаашдаа 1200-1300 метр гүн ухах цооногын хар ажилд монгол ажилчдыг ажиллуулахад арай хатуудна гэж компанийн зүгээс бодсон бололтой.

Гэхдээ Өмнөговийн иргэний үнэмлэх бол монгол ажилчдыг бусад ажилд аль болох авахаа компанийн зүгээс илэрхийлж, үүнийг эндэхийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүнээс аваад сум орон нутгийн удирдлага, малчид ч тэднээс байнга шахаж, шаардан нэхдэг аж. Бид монголчуудыг ажилд авч болно гэх эелдэг хариултаа компанийн удирдлага гэхдээ дадлага, туршлагатай, мэргэжлийн, ядаж бэлтгэгдсэн хүмүүсийг авна гэсэн тайлбараар хачирлах юм. Үүнийг нь УИХ-ын гишүүнээс аваад сум орон нутгийн дарга нар анхаарч хүлээн авч байна аа. Буруугүй бололтой. Нэг ч гэсэн монгол хүнийг ажил, амьдралтай болгох үүднээс аймгийн төв дээрх хуучны ТМС буюу одоогийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр уул уурхай, хүнд машин механизм, барилгын чиглэлийн анги нээж хүмүүсийг сургаж эхэлсэн нь манай талаас хийж буй нэг ёсны хариу арга гэлтэй. (Уг нь хийх ёстой ажлын нэг юм) Энэ бүх арга хэмжээний эцэст УИХ-аар шинэчлэгдэн батлагдаад буй Ашигт малтмалын тухай хуулинд тусгасан Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллагчдын 90-ээс доошгүй хувь нь өөрийн орны иргэд, монголчууд байна гэсэн заалт сая нэг хэрэгжих нь.

Гэвч үүний өмнө монголчуудыг ажилд авахыг орон нутгийнхан шаардсаар байна. Компанийн зүгээс Оюутолгойд хамгийн ойр, 60 км-т орших Ханбогд сум руу сайжруулсан зам тавьж, автобус байнга явах болж. Тиймээс Оюутолгойд ажиллагч орон нутгийнхнаас Ханбогдынхон олон. Үүнтэй нь ойр хавийн Номгон, Баян-Овоо, Манлай сумынхан Ханбогдынхонтой барьцалдах болж. Энэ үүднээс Өмнөговийн иргэний үнэмлэхтэй бол монгол ажилчдыг ажилд аль болох авна, авах ёстой гэсэн хариулт болон шаардлагыг аль аль талаас өгсөөр байна.

Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр

Оюу толгойн гадна түүнийг дагасан амьдрал олонтоо буцлах аж. Айвенхоу майнз-н хашаанд хог гэж бараг үзэгдэхгүй. Өөрсдөө ч их түүх юм. Түүний хажуугаар өглөөнөөс орой, хашааны ёроолоор бөгтийн зориудаар цэвэрлэх хүмүүс ч хөгшин залуугүй харагдана. Ундааны лааз, цэвэр усны сав түүж цуглуулаад дор хаяаж 300 мянган төгрөгийн орлоготой болсон, гэр орон, амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс ч цөөнгүй байна. Сумын олон жил болсон ганц уурын зуухны яндан говийн салхинд тэсэлгүй өнхөрч ойчсоныг босгох кран хөдөөд тэр бүр байхгүй учир Оюу толгойгоос л гуйхад хүрнэ. Алслагдсан говийн суманд суух эмч, багш ховор. Тэднийг хэн говь руу уруу татаж байна вэ гэхээр мөн л Оюу толгойнхон. Жил бүр сая төгрөгийн тэтгэлэг өгнө, хувийн орон сууцаар хангана гэхээр ирэх хүн байна. Оюу толгойн ойр орчмын айлуудын хүүхдүүдийг их, дээд сургуульд явуулах, төлбөрийг нь даах гэх мэт нийгмийн талын тэтгэлэг олоон.

Гэхдээ өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэгчээр халамжийн тэтгэлгээс илүү байгаль орчныг минь битгий сүйтгэж үлдээгээрэй, баялгаасаа бид хувь хүртэх ёстой гэсэн шаардлага, гуйлт зэрэгцүүлэн тавих хүн ч цөөнгүй. Ойр орчмын сумдаас өнөө маргаашаа бодон ганц машин гуйх Засаг дарга байхад, ноолуур угаах, ноос самнах нэг жижиг цех байгуулаад өгөөч гэж хэдэн хүнийг ажилтай болох үүднээс олныгоо, сум орон нутгийнхаа ирээдүйгээ бодон амьжиргааг дээшлүүлэх ашигтай зүйл нэхэх сүйхээтэй дарга ч бас мэр сэр байна. Саяхнаас Оюу толгойд гүнийн усыг цаашид үйлдвэрлэлд болон болж өгвөл ундны усанд хэрэглэх үүднээс эрчимтэй судалгаа хийж эхэлжээ. Үүнийг дуулсан нутгийн ардууд тэртэй тэргүй түвшин нь багасч, ундарга нь дундарч буй худаг, шандаа яаж гэж байхад гүний усыг оролдоно гэдэг ёстой говийн биднийг ирээдүйгүй, уух ус, малаа услах усгүй болгоно гэсэн үг хэмээн эрс эсэргүүцэж байна. Үүнд нь компанийн зүгээс гүнийн ус эрдэс хатуулаг ихтэй маш давслаг учир малд болон унданд хэрэглэж болдоггүй, тэгээд ч 400 метрт байгаа гүний усыг татаж авахад 50-100 метрт байгаа гадаргуугын бэлчээрийн болон ундны усанд нэг их нөлөөлөхгүй гэж учирлах аж.

Гүнийн усыг судлах, ер нь тэр хавийн усны нөөцийг тогтоохтой холбоотойгоор саяхан БОЯ-наас Оюутолгойд олон сая төгрөгийн бөөн төлбөр тогтоогоод явжээ. Үүнийг нь сайн байна гэх хүн байхад зөвхөн нөөцийг нь тогтоож өгөөд байхад өмнөөс нь төлбөр нэхэх ч хаашаа юм бэ гэхч хүн гарч байлаа. Ер нь баялгаа олон түмэн, улс оронд хэрхэн яаж өгөөжтэй хүртээх вэ, ашиглах вэ гэхэсээ илүү засаг, захиргаанаас алхам тутамд юм нэхдэг. Одоогийн байдлаар 600 шахам лиценз, зөвшөөрөл, стандарт нэхэж тэр бүрт мөнгө, төлбөр шаарддаг гэж манай төр, засгийн бас хүнд суртал, авлига, ажлын хоцрогдсон байдал Оюу толгой дээр нэг талаар гарч байгааг шүүмжлэх хүн ч байна. Энэ мэтээр үзэж дуулахын хоорондох үнэн худал зүйл ч олон байна, өмнө нь сонсож дуулаагүй зөндөө проблем ч гарч байна.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button