Цэвэр зэсийн хамтарсан үйлдвэр байгуулна

Зөвлөлийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр компани, Монросцветмет хамтарсан нэгдлийн 2005 оны үйл ажиллагааны дүнг хэлэлцэж, Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2005-2015 онд хөгжүүлэх стратегийн үзэл баримтлал, Монросцветмет хамтарсан нэгдлийг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг хэлэлцэж баталлаа. Зөвлөлийн хуралдааныг Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Төрийн өмчийн хорооны орлогч дарга С.В.Сысоев даргалж, зөвлөлийн монгол, оросын хэсгийн гишүүд, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү, Монросцветмет хамтарсан нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнээ, хоёр талын шинжээчид оролцов. Зөвлөлийн хуралдаан бүхэлдээ амжилттай боллоо гэж зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэлсэн бөгөөд Зөвлөлийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал шийдсэнийг онцлон тэмдэглэв. Тухайлбал, монголчуудын хувьд аль болохоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох зорилготой тул Финланд улсын Око Компу компанийн технологийн тусламжтайгаар цэвэр зэс үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах эхний ээлжийн ажлын төсвийг баталлаа. Мөн Эрдэнэт хотод барих шинэ хорооллын инженерийн шугам сүлжээний зардлын асуудлыг шийдэж, нийгмийн асуудалд нэлээд хэмжээний хөрөнгө гаргах болов. Түүнчлэн үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, компанийн 51 хувийг эзэмшдэгийн хувьд Монголын тал урьдынхаараа ерөнхий захирлыг, Оросын тал орлогч даргыг томилж байх болсон. Монросцветмет хамтарсан нэгдлийн тухайд бол, Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх сард ОХУ-д айлчлах үед тус нэгдлийн тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл ажил хангагдлаа гэж үзэж болно хэмээн ярив.

Бизнес таймс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button