УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Их мөнгөтэй болсон биш миний сэтгэл түгшээд нойр ч хүрэхгүй байна

Ам дүүрэн мөнгө ярьсан төрийн түшээд баруун солгойгүй панз үсэргэж, хар зах дээр гарчихсан наймаачин шиг л аяглаж, улсын төсвийг тал тал тийш нь чангаана. Чиний, миний тойргийн ханш гэж панз үсэргэж байснаа больчихоод 250 сая төгрөгийг эвтэй дөрвөн амьтан шиг халааслахаар болов. Бүгд л хормой дэвсэж авсан төрийн энэ их хишгийг эсэргүүгээрээ Э.Бат-Үүл л түлхэж байна.

-УИХ-ын гишүүд 250 сая төгрөгийг хормойгоо дэвсэж авч байхад та л эсэргүүцэж байх юм. Тойрогт тань мөнгө хэрэггүй юу?
-Яг үнэндээ 250 сая төгрөгийг УИХ-ын гишүүдийн тойрогт өгч байгаа явдал бол үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байгаа юм. Эдийн засгийн аргаар ардчилсан сонгуулийг устгах ажил. Энэ бол УИХ-ын гишүүдийн дараагийн сонгуульд хөрөнгө оруулалт хийж байгаа үйлдэл. Ерөөсөө 250 сая төгрөгийн төсөлд тусгахдаа хууль зөрчиж тусгасан. Нөгөөтэйгүүр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын бие биенээсээ тусдаа байх зарчмыг алдагдуулж байна. Иймээс л би эсэргүүцсэн юм.

-Саяхан 10 саяын авилгал авлаа гээд гудамжинд орилоод байсан улсууд одоо өөрсдөө гуяа алгадаад аваад байдаг нь ямар учиртай юм бэ?
-Би өөрийнхөө намын гишүүдийн аргагүй байдлыг ойлгож байна. Бид 2004 оны сонгуульд ялаад гараад ирсний дараа улсын төсөв маш их улс төржсөн байсан. Улсын төсвийн хувиарлалтыг харахад УИХ-ын нөлөө бүхий гишүүд нь өөрийнхөө тойрогт их зүйл хийсэн, нөлөө багатай гишүүд нь тойрогтоо бараг юм хийж чадаагүй. Намуудаар нь ялгаварлаж хувиарласан байдалтай байсан. Бид төсвийн энэ улстөржсөн байдалд хөтлөгдсөн нь үнэн. Гэвч энэ аргагүй байдалд чирэгдэж болохгүй. Чирэгдэх л юм бол бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл ардчилал аюулд орно .гэж л би эсэргүүцсэн юм. Яг үнэндээ Хувьсгалт намын нөлөө бүхий гишүүдийн тойрогт, тэр намын сонирхол бүхий нутагт дээр л төсөв түлхүү хувиарлагддаг. АН-ынхны дэмжлэг ихтэй тэр газруудад төсөв тааруу хувиарлагддаг байдал байсан.

-Зарим нь буруугаа сонгуулийн систем руу чихэж байгаа харагдсан.
-Энэ бол үнэндээ сонгуулийн системтэй холбоогүй ойлголт. УИХ-ын гишүүнээс ямар ч сонгуулийн систем байсан сонгогчид юм нэхэж л таарна. Сонгуулийн системийг өөрчилснөөс болоод сонгогчид юм нэхэхээ байчихна гэсэн ойлголт байхгүй. Сонгогчид юу ч гуйлаа гэсэн тэрийг нь хуулийн дагуу биелүүлдэг байх ёстой. Хууль бусаар, далд улстөрийн сонирхлоор гүйцэлдүүлдэг байх ёсгүй. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох эрх мэдэл хоёр холилдчихлоо. Зүй нь бол орон нутагт хэрэгтэи зүил нь засаг даргаараа дамжаад, төсөл нь хийгдээд төсөв нь тооцогдоод, засгийн газар дээр хэлцэгдээд УИХ-д орж ирэх ёстой байхгүй юу. Энэ удаагийн төсөвт ийм байдлаар зөндөө зүйл орж ирсэн. Гэтэл тэрийг батлаад, дээрээс нь нэмээд 250 сая төгрөг хийчихэж байна. Одоо хууль тогтоох эрх мэдэл нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх шуналтай болж эхэлж байна. УИХ-ын гишүүд төсвийг хэлэлцэж баталдаг болохоос биш төсвийн ерөнхийлөн захирагч биш. Гэтэл одоо 250 сая төгрөгийг энэ сумын хаана юу хийх вэ гэдгийг УИХ-ын гишүүний зөвшөөрлөөр хийх болж байна шүү дээ.

-Ноднин жил 100 саяыг нэлээд хэдэн гишүүн эсэргүүцэж л байсан. Гэхдээ л авсан. Аваад юунд зарцуулсан бэ? Тухайлбал 100 саяа та.
-Уг нь өнгөрсөн жил 100 сая төгрөгийг Р.Бадамдамдин нарын олон гишүүн маш их эсэргүүцэж байсан. Бид ярилцаад улс төржсөн төсвийг саармагжуулах үүднээс 100 сая төгрөгийг зөвшөөрсөн. Тэгэхдээ бид одоо энэ удаа л 100 саяыг нь авъя, цаашид зогсоох ёстой гэж ойлголцоод салсан юм. Харамсалтай нь энэ жил тэгсэнгүй. Би бол өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалтын 100 сая төгрөгийг радио, телевизийн сувгуудыг үзэгчиддээ хүргэх ажил хийсэн. Энэ нэгдсэн байдлаар хийгдсэн. 2-3 суманд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлуудыг шийдвэрлэсэн.

-Зэсийн үнэ тэнгэрт хадаж хүүхдийн мөнгийг өгөх боломж гарлаа. Хэрвээ зэсийн үнэ ингэж тэнгэрт хадаагүй бол хүүхдийн мөнгийг өгч чадах байсан уу?
-Хүүхдийн мөнгө гэдэг зорилт тавьж байхад эдийн засгийн байдал ийм хэмжээнд хүрчихнэ гэж тооцож хийгээгүй. Хүүхдийн мөнгийг манай экспортын бүтээгдэхүүний үнэ огцом өснө гэдгийг мэдээгүй байхдаа хийсэн. Тэр үедээ бид янз бүрээр тооцож үзсэн. Эдийн засгийн нааштай биш үед ч гэсэн хүүхдийн мөнгийг өгөх бололцоотой байсан гэсэн тооцоо байсан. Төр засгийн эрх мэдэлтнүүдийн гараар дамжиж байгаа асар их хэмжээний авилгал байна. Зөвхөн нэг албан тушаалтны гараар дамжиж хийгдсэн авилгалын тоон хэмжээ 100 тэрбум гэж бичиж байна шүү дээ. Мөн энэ их данхайсан төрийг цомхотгох, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг багасгаад тооцоод үзэхээр хүүхдийн мөнгийг өгөх бололцоотой гэсэн тооцоо гарсан. Зэсийн үнэ, алтны үнэ өсөөгүй байсан ч хүүхдийн мөнгийг өгөх бололцоотой байсан. Харин гэнэтийн бий болсон ашгийг бид яг үнэндээ их зөв зарах хэрэгтэй байсан юм. Болж өгвөл энэ их том ашгаар том хөрөнгө оруулалтын банк байгуулаад, иргэдийнхээ жижиг дунд бизнесийн төслийг урт хугацааны хөрөнгө оруулалтын зээлээр дэмжих ёстой байсан. Тэгэх юм бол иргэд ч бизнестэй, ажлын байртай болно. Хамгийн гол нь ийм эдийн засаг гадны нөлөө цочролоос болж унадаггүй юм. Иргэд үйлдвэрлэгч болчихсон учраас эдийн засгийн чадавхиа хадгалаад үлдчихдэг. Манай эдийн засаг босоход нэг л юм дутаад байна. Тэр нь бага дарамттай урт хугацааны зээл.

-Төсөв хэлэлцэж байгаа байдлыг харахад нэг л их баян улс ийш тийш нь мөнгө цацаад байх юм. Ингэж болж байна уу?
-Их мөнгөтэй болоод түүнийгээ ингээд тарааж буй нь надад улам бүр айдас төрүүлж нойр хүрэхгүй байна. Мөнгөтэй болсны минь гай гарах вий гэж айж байна. Бусад улс орнуудын хөгжлийн түүхээс харахад иймэрхүү үйл явдлууд болж байсан. Тэд нар хөөрхий хөөрч яваад дараа нь бүр сүйрлийн байдалд орсон. Би бол түүнтэй адилхан үзэгдэл болж байна гэж улам бүр айдас хүрч байна. Сангийн яамны сайд Монголбанкны удирдлагад байнга л Муугаар эхлээд бодоорой. Эргээд үнэ унах юм бол бид ямар аюулд унах вэ гэдгээ урьдчилж заавал харах ёстой. Тэрийгээ ард түмэнд заавал хэлэх ёстой гэж би байнга сануулж байгаа. Мөнгөтэй болчихлоо гэж аархаад тийшээ ч зам тавина, ийшээ ч гэрэл тавина гээд байх юм. Энэ чинь наад зах нь 200-300 жилийн урт хугацааны хөрөнгө оруулалт руу мөнгө шидэж байгаа хэрэг. Яг үйлдвэрлэгч рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Мөнгөтэй дээрээ баахан юм эхлүүлдэг гэнэтхэн үнэ нь навс унадаг, тэгээд баахан дутуу барьсан зам, талд нь орсон өндөр хүчдлийн шугамтай үлдэнэ биз дээ. Өндөр хүчдлийн шугам татаад өгчихөөр нөгөө хүмүүс нь эрчим хүчнийхээ мөнгийг төлж чаддаггүй шүү дээ. Тэгээд үр ашиггүй хөрөнгө оруулалт руу мөнгө шидэж байгаа хэрэг. Яг үйлдвэрлэгч рүүгээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Мөнгөтэй дээрээ баахан юм эхлүүлдэг гэнэтхэн үнэ нь навс унадаг, тэгээд баахан дутуу барьсан зам, талд нь орсон өндөр хүчдэлийн шугамтай үлдэнэ биз дээ. Өндөр хүчдэлийн шугам татаад өгчихөөр нөгөө хүмүүс нь эрчим хүчнийхээ мөнгийг төлж чаддаггүй шүү дээ. Тэгээд үр ашиггүй хөрөнгө оруулалт болдог. Аягүй цамаархаж байна. Гэнэтхэн мөнгөтэй болоод гулгиж, пологдох нь холгүй хийрхэл яваад байна. Энэ бол маш их сэтгэл түгшээж байна. 100 сая доллараар чинь маш олон оюутнуудыг Америк, Япон, Солонгост нь явлуулья л даа. Бөөн бөөнөөр нь явуулья. Боловсролтой ард түмэн бол хөгжлийн гарцаа мэднэ шүү дээ.

Ц.Энхзул
Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button