Ерөнхий сайд урд хөршөөс өнөөдөр ирнэ

Энэ сарын 22-27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд М. Энхболд өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ. Ерөнхий сайд М.Энхболд өчигдөр Шэньси мужид зочлов.
Тэрээр Кан Шифу хүнсний компанид зочлоод дараа нь Цин Ши хуандийн бунхант цогцолборыг үзэж сонирхлоо.
Ци Ши хуанди бол Хятад орныг анх удаа нэгтгэснээрээ энэ улсын түүхэнд нэр нь мөнхөрсөн хаан юм.
МЭӨ 215 онд Цинши эзэн хааны зарлигаар, мянган жилийн өмнеөс энд тэнд хэсэг хэсгээр барьсан Цагаан хэрмийг холбон нэгтгэж нэгэн их хэрэм хана босгосноор Түмэн газрын Их Цагаан хэрэм гэх болсон түүхтэй.
Түүний өөр нэг гавъяа бол Хятадын ханз үсэг бичгийг журамлаж, нэг маягийн хэлбэр загварт оруулахыг зарлиг болгосноор ханз үсэг одоогийн дүр төрхөө олсон гэж үздэг юм.

Цин Ши хуандийн хойд насны ордон саяхан болтол газрын хөрсөн дор амгалан тайван, нам гүмхэн оршсоор, түүний тухай олон үеийнхэн зөвхөн түүхийн судраас л уншиж мэдэн, эрж хайсаар өнөөг хүрчээ. Чингэтэл 1974 онд нутгийн нэгэн тариачин өвгөн тариан шан татаж газар хагалж байгаад гэнэт цөмрөн доош унаснаар энэ бунханыг олж илрүүлсэн түүхтэй.
Бунхны нийт урт 230 метр, өргөн нь 62 метр, гүн нь 65 метр юм.

XX зууны археологийн гайхамшигт нээлтүүдийн нэг болсон эл газар доорхи ордон нь бүгд гурван хэсэг том бунхнаас бүрдсэн агаад хоорондоо 3-5 км зайтай толгодын дор оршдог. Гол бунханд 6000 гаруй явган ба морин цэргийн 180 см гаруй өндөр хүрэл, шавар хөшөөнүүд жагсаан байрлуулсан нь Цин Ши хуандийн торгон цэргүүд юм.
Шэньси муж нь Хятадын төв хэсэгт Шар мөрөн, Хөх мөрний хоорондох хөндийд оршдог. Ашигт малтмалын нөөцөөр улсдаа дээгүүр ордог. 90 гаруй төрлийн ашигт малтмалын орд илэрснээс нүүрс, төмөр, хөнгөн цагаан, хар тугалга, цайр, алт, фосфор, нефть, бал чулуу зэрэг 30 шахам төрлийн ашигт малтмал олборлолтоор Хятаддаа эхний аравт ордог. 37.2 сая хүн амтай. Мужийн төв нь Сиань хот.

Ардын эрх сонин 230 /508/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button