Оюутныг доромжилсон кондукторт арга хэмжээ авах болжээ

Кондуктор автобусны хөнгөлөлтийн билетийг үзэнгүүтээ Амралтын өдөр наад карт чинь үйлчлэхгүй гэж зандчин эцэстээ бүр тасалбар шалгагчтайгаа хавсарсан юм. Тэд үгээ нийлүүлэн Улс тунхагласны баяраар ажиллаж байдаг газар хаа ч байхгүй. Ажиллаж байгаа ганц газар Автобус баазынхан л байгаа. Та нар яг хичээл хийж харагдаач. Зугаацаж яваа чинь тодорхой л байна ш дээ гэж элдвээр хэлж нэгийг нь бүр уйлуулсан юм. Бид Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайханаас автобусны хөнгөлөлтийн билет амралтын өдрүүдэд үйлчилж байгаа эсэхийг асуусан юм.

-Танай холбооноос арав гаруй хоногийн өмнө нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газрынхантай амралтын өдөр ч автобусны хөнгөлөлтийн билеттэй оюутныг чөлөөтэй зорчуулна гэж тохиролцоогүй биш билүү?

-Тэгсэн, тохиролцоо хүчин төгөлдөр хэвээрээ л байгаа шүү дээ. Нийслэлийн Нийтийн тээвэр зохицуулалтын газрынхан, Том оврын автобус эрхлэгчдийн холбооны даргатай тохиролцсон. Улсын болон хувийн аль ч автобусаар үйлчлүүлж буй оюутан автобусны хөнгөлөлтийн карттай л бол амралтын өдөр ч чөлөөтэй зорчино.

-Тохиролцоо тань хэрэгжихгүй л байна даа. Баянхошууны автобусны кондуктор өчигдөр үдээс хойш хэсэг оюутныг элдвээр доромжиллоо. Та нар тэдний эрхийг одоо яаж хамгаалах вэ?

-Оюутнууд маань хуурамч автобусны билет үзүүлсэн юм биш байгаа даа.

-Тийм зүйл болоогүй. Өөрийгөө тасалбар шалгагч гэж цоллоод байсан хүн нь Та нарын наад билет амралтын өдөр хүчингүй гэж зандраад байсан юм чинь.

-Надад автобусных нь дугаарыг хэлээд өгчихвөл сайн байна. Ер нь манай оюутнуудад мэр сэр ийм зүйл тохиолдож байгаа. Гомдлоо 313015 дугаарын утсаар өгөөрэй гэж хэлэх байна. Энэ утас оюутны гомдлыг хүлээн авч холбогдох газар нь мэдээлж байгаа юм.

-Ийм гомдол хэр байна вэ?

-Түрүүчийн долоо хоногт Улаанхуаран чиглэлийн автобусанд ийм явдал болсон байсныг бид тэр даруй арга хэмжээ авсан. Өөр гомдол ирээгүй байна.
Дээрх мэдээллийг Монголын Оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан авсныхаа дараа оюутны гомдлыг хүлээн авах утсанд мэдээлсэн байсан бөгөөд жижүүр нь манай сонинд хандан холбогдох газарт уламжилж, тус автобусны кондукторт арга хэмжээ авах болсныг мэдэгдсэн юм.

Ардын эрх сонин 230 /508/
Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button