Архичдын зочид буудал ачаалал ихтэй байлаа

Харин зарим нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг эрүүлжүүлэх газар манайхаас өөр газар байдаггүй хэмээн энэ газрын хаалгыг дахиж татах юм биш гэж халагладаг. Пүрэв гарагийн 18 цагт сурвалжлага бэлтгэнэ гэж тохиролцсон ёсоороо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд очив. Энэ өдрийн ээлжинд эрүүлжүүлэхийн эмч, цагдаагийн ахмад Б.Алдармаа ахлагчтай холбоочин, жолооч зэрэгтаван цагдаа ажиллаж байлаа. Ээлжээ хүлээж аваад хоёр цаг гаруйхан болж байсан ч хэдийнэ таван хүнийг сараалжин цонхтой өрөөндөө залаад амжжээ. Дүүргийн цагдаагийн хэлтсийн хонгилд байрлах эрүүлжүүлэхийн хаалгаар ормогц эвгүй үнэр ханхийв. Үүдэнд ухаангүй болтлоо уусан эрэгтэй хүн хурхирч харагдана. Тийм гэхийн аргагүй нэвширсэн үнэрийг гаргах гэсэн юм болов уу доод хонгилын цонхнуудыг онгойлгосон нь өрөөг сэрүүхэн болгожээ.

-Ачаалал ихтэй байна уу, Алдармаа эмчээ?

-Өө. Их их. Дуудлага ихтэй л байна даа. Өвлийн улирал эхлээд ч тэр үү эрүүлжүүлэх хүний тоо нэмэгдсээр байна.

-Эрүүлжүүлэх газар болгон хүмүүсээ хянаж байх ийм камертай байдаг уу?

-Мэдэхгүй. Манайх өнгөрсөн гуравдугаар сард ийм камертай болсон. Ажлын ачааллыг маш хөнгөвчилж байна.

-Толгой эргэмээр эвгүй үнэр ханхлах юм?

-Бидний ажлын нөхцөл хүнд шүү дээ. Би эрүүлжүүлэхийн эмчээр 12 жил ажиллаж байна. Эрүүлжүүлэгдэхээр ирсэн хүмүүс янз бүр л байдаг. Хамуутай, сүрьеэтэй, арьс өнгөний өвчтэй, зарим нь өтгөн шингэнтэйгээ холилдож ирэх нь ч бий. Тэр болгоноос сэжиглээд байх эрхгүй. Эрүүлжүүлэхийн цагдаа нар тусгай хувцастай л болмоор байна. Энэ бүхнээс болоод зарим ажилтан харшилтай болсон гэв. Энэ үеэр цагдаа нар согтуучуудыг сугадсан цагдаа нар орж ирсээр байлаа. Гэрийн хүн маань л цагдаа дуудаад өгчихлөө. Би яагаа ч үгүй гэсээр нэгэн өвгөн орж ирлээ. 57 настай Б.Доржжүгдэр гуай гэртээ агсам тавьснаас энд иржээ. Харахад согтолт нь гайгүй мэт. Гэвч өвгөн хувцсаа хэчнээн тайлахгүй гэж гэдийсэн ч дотуур өмднөөс өөр хувцасгүйгээр орны бүтээлэг нөмөрсөөр камерт орлоо.

-Согтолтын зэргээс шалтгаалж эрүүлжүүлэх үү?

-Согтолтын зэргийг тогтоодог багаж байхгүй. Замын цагдаа нарт л байдаг. Нүдэн баримжаагаар тогтоож байна. Гэхдээ согтолтын зэрэг нь бага байна гээд буцаагаад явуулчихаар дахиад л хэрэг зөрчил гаргадаг. Гэртээ очоод эхнэрээ хутгалсан тохиолдол ч гэрч байсан. Эрүүлжүүлэхийн эмч ийнхүү ярьсан юм.
Баянзүрхийг сонгон сурвалжлага хийх болсон нь дүүргийн онцлогтой холбоотой. Тус дүүргийн гурван том худалдааны захыг бараадсан архичин олонтой. Дуудлагын цагдаа нартай хамт Нарантуул худалдааны захад самналт хийхээр 21 цагийн үед хөдлөв. Зам зуур жрлооч Баярмагнай төрөөс өгдөг хэмжээтэй шатахууныг хэрхэн хүргэдгээ ярьсан. Нэг өдрийн 15 литр шатахууны нормтой ч 100 км-т наймыг иддэг орос хуучин пургон автомашин нь шатахуун их шаарддаг байна. Нарантуул олон улсын худалдааны төвийн хэсгийн цагдаагаас гурван хүнийг эрүүлжүүлэхээр хүлээж авлаа. Энд ч согтуу хүн байна, тэнд ч хурдан ирнэ үүгэсэн хэсгийн цагдаа нарын дуудлага үргэлжилсээр.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Хонхороос дуудлага иржээ. Гэтэл энэ үед Хонхорт хүчингийн хэрэг гарсан дуудлага жижүүрийн цагдаад ирснээр энэ дуудлагад өөр унаа явлаа. 23 цаг болж байхад эрүүлжүүлэх байр 30 хүнтэй болсон байв. Уг нь эрүүлжүүлэгдэж байгаа нэг хүнд хоёр ам метр талбай квадрат ногдох дүрэмтэй гэнэ. Гэвч манай нөхцөлд үүнийг мөрдөх боломжгүй гэнэ. Тэр байтугай гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн эрүүжүүлэхэд нэг өдөр 99 хүн эрүүлжүүлэгдэж Рекордэвдэж байсан аж. НМХГ-аас эрүүлжүүлэх байрны стандартын шаардлагыг хангах тухай албан бичиг гаргажээ. Энэхүү стандартад бүр эрүүлжүүлэгдсэн хүнд өглөө нь бантан хийж өгөх ёстой гэнэ. Харин тэр айхтар шаардлагыг нь биелүүлэх гэхээр өнөө л мөнгөний асуудалтай холбоотой болчихдог аж. Монгол, Орос хоёроос бусад ихэнх улс оронд эрүүлжүүлэх байр нь хордлого тайлах газар гэсэн боловсон нэртэй байдаг юм байна. Мөн цагдаагийн газрынхаа харьяа биш харин Эрүүл мэндийн яамныхаа харьяанд байдаг аж. Эрүүлжүүлэхийг тойрсон бас нэг асуудал бол эрүүлжүүлэхэд орсноос болж амиа алдсан хүмүүсийн тухай байдаг. Эрүүлжүүлэхийн цагдаа нар энэ асуудлаас болж согтуучуудтай зөв харилцдаг болсон.

Гэхдээ харц, үг хоёроороо айлгаж байхгүй бол тэд давардаг гэнэ. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах хэлтсээс авсан мэдээллээр, улсын хэмжээнд зөвхөн энэ онд 19 хүн эрүүлжүүлэх байранд нас барсан байна. Тиймээс ч 19 цагдаагийн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэсэн үг юм.
Эрүүлжүүлэх тухайд цагдаагийн байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг согтуурлын зэргийг нь тогтоож тухайн хүнийг гэрт нь хүргэж өгөх, эсвэл асран халамжлах хүнд нь хүлээлгэн өгөх харин энэ бүх тохиолдолд үйлчилгээний хөлсийг нь авч байх журам байдаг аж. Цагдаагийн байгууллага бүр аргагүй тохиолдолд, өөрөөр хэлбэл, тухайн хүн өөрийн орон гэр, халамжлах хүнийхээ нэр хаягийг мэдэхгүй байх, эсвэл гэр орондоо агсам тавьж нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах аюултай хүнийг эрүүлжүүлэх ёстой гэнэ.

Гэвч цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх энэ журмыг нарийн мөрдөж иргэдэд үйлчлэх үүргээ төдий л биелүүлдэггүй юм уу даа гэсэн бодол төрж байсан. Өмнө өгүүлсэн Доржжүгдэр гуай шиг гэр орондоо агсам согтуу тавиад байгаа хүнийг эрүүлжүүлэхээс яахав. Гэтэл сүүлийн үед зарим нэг цагдаа нар баар, рестораны үүдээр эргэлдэж тэндээс гарч ирсэн хүнийг согтуу хэмээн баривчилж эрүүлжүүлдэг моод дэлгэрснийг нэг найз маань ярьж байсан. Баар, ресторанаас гарч ирж байгаа хүн мэдээж архи амссан байж таарна, тэгээд тийм өндөр өртөгтэй газар орж байгаа хүн бас мөнгөтэй байж таарна. Энэ нь цагдаа нарын олз болдог аж. Сонин хэвлэлээс сурвалжлагч явж байгаа болохоор ч тэр үү тэр шөнө цагдаа нар ийм ангуучлал хийгээгүй.

Нийгэм бүхэлдээ бухимдалд орж архидан согтуурсан хүн үлгэн салган яваад харьчихдаг цаг хэдийнэ ард хоцрон, согтсон бүхэн агсам согтуу тавьдаг болчихоод цагдаа нар хуульд заасан үйлчлэх үүргээ биелүүлж гэр оронд нь хүргэж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөөд байхаа больсон ч байж болох. Юутай ч цагдаа нартай хамтран хагас шөнөжин эргүүл хийхэд минь ийм тохиолдол гарсангүй. Харин ч унаа машинтай хүмүүс өөрсдөө ирж согтуу нэгнийг очоод эрүүлжүүлээд өгөөч, ирж очих зардлыг чинь төлье гэх нь таарч байсан.
Ер нь аль ч дүүргийн эрүүлжүүлэх байранд байнгын үйлчлүүлэгч хуучин танил-ууд байдаг гэнэ. Бидний жижүүрлэсэн шөнө ч ирж байгаа зарим нэгнийг цагдаа нар, Алдармаа эмч аанай л танимхайрхан угтаж байсан. Ер нь өвөл болж хүйтрээд ирэхээр эрүүлжүүлэх гэдэг дулаан байранд сайн дураараа ирэх сонирхолтой хүмүүс ч олширдог гэнэ.

Ийнхүү Б.Алдармаа ахлагчтай энэ ээлжийнхэнтэй жижүүрийн алба гүйцэтгээд шөнө хагаслан жижүүрээс буусан. Өглөө нь хамтран ажиллагсад уруугаа утасдаж лавлахад, нийтдээ 42 хүн эрүүлжүүлсэн гэсэн юм. 21 дуудлагын дагуу 111 км туулсан энэ ээлжийнхний эрүүлжүүлсэн хүмүүсийн ихэнх нь гэртээ агсам тавигсад болон гудамжныхан байсан гэнэ.
Мөн энэ өдөр нэг эмэгтэй эрүүлжүүлэгдэхээр ирсэн ч гарт нь буцаасан байна. Өнөөдөр нийслэлд ууж согтуурсан эмэгтэйг Төмөр замын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх л хүлээж авч байгаа аж. Өнгөрсөн шөнө тус эрүүлжүүлэхэд арван эмэгтэй эрүүлжүүлэгдсэн байна.

Монголын мэдээ сонин 232 /2008/
Г. Энх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button