Хүүхдийн эмч тохиолдол бүрийг мартаж болохгүй

Багадаа гэрийн бүрээс тарьдаг хүүхэд байлаа

-Эн тэргүүнд Танд гавьяат эмч болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Төрийн өндөр шагнал авна гэдэг сайхан юм байна. Төр, засгийнхаа буяныг дааж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө чадахгүй болтлоо л зүтгэнэ дээ.

-Гавьяат авах гэж байгаа тухай мэдээ хэдийд авав?
-Пүрэв гаригт ажлаа хийж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж дуулгасан. Сонсоод их балмагдсан л даа. Гэр бүлийнхэн маань ч яг тэр үед мэдсэн байсан. Нөхөр, хүүхдүүд маань цугларч, бүгд наашаа гарцгаасан.

-Хэнтий аймагт 32 жил ажиллаж байгаа юм байна. Таны төрсөн нутаг уу?
-Төгсөөд анх Сүхбаатар аймгийн Онгон суманд сум дундын эмнэлэгт хоёр жил ажилласан. Тэгээд л Хэнтий рүү шилжсэн. Би Хэнтийн хүн. Түүнээс хойш 30 жил тэндээ хүүхдийн эмчээр ажиллалаа. Надад хотод ажиллах санал ирж байсан ч Хэнтий аймгаа орхиогүй. Аав, ээж минь тэнд байсан, одоо ч нас дээр гарсан аав, ээжийнхээ дэргэд байна. Би дөрвөн хүүхэдтэй, бүгд л дээд боловсрол эзэмшиж, ахуй амьдралаа залгуулаад сайхан л амьдарч байна. 11 ач, зээтэй. Өндөрхаан уул, Хэрлэн голтой хувь заяа минь холбоотой байсан, тэндээ л амьдралаа туулж явна.

-Эмч болохыг багаасаа л хүсч байв уу?
-Ээж маань насаараа эх баригч, хүүхдийн тарианы сувилагчаар ажилласан. Багадаа ээжийгээ дагаж, ажил дээр нь очдог байлаа. Цагаан халаад өмссөн эмч нарыг хараад сайхан юм гэж бахархдаг байлаа.
Манай аймагт 1956-1958 онд ЗХУ-ын тусламжаар арьс өнгөний өвчнийг бууруулах экспедиц явахад ээж маань сувилагч, аав нярваар явж байсан. Украинаас ирсэн Мария Михайловна гэдэг доктор бэлгийн замын халдварт өвчнийг бууруулахад хувь нэмэр оруулсан хүн. Тэдний дунд амьдралын минь гурван жил өнгөрөв. Хүмүүстэй харилцаж, үйлчилж байгаа нь надад их таалагдаж багаасаа эмч болохыг хүссэн минь тэр. Гэрийн бүрээс, хөшгийг тарьж тоглож өссөн. Анагаахын дээд сургуулийг 1975 онд төгсч хүслээ биелүүлсэндээ баярлаж явдаг. Тэр үед сайн эмч болъё гэвэл хөдөө яв гэж багш нар маань ярьдаг, тэгээд ч шинэхэн эмч нарыг хөдөө томилдог байлаа. Дотрын эмчийн мэргэжлээр зургаан жил сурсан анхны эмч нар л даа, бид. Төгссөнөөс хоёр жилийн дараа л дотрын эмчийн мэргэжлээсээ аажмаар хүүхдийн эмч рүү урвасан.

-Анхны гараагаа эхлэхэд тэр үеийн эрүүл мэндийн салбарт ямар бэрхшээл хүндрэл байсан бэ?
-1975-1990 онд манайд хүүхдийн эндэгдэл, өвчлөл өндөр байсан. Тухайн үеийн социалист орнуудад 1000 амьд төрөлтөд 9-10 хүүхэд эндэхэд дундаж үзүүлэлт гэж үздэг байв. Монголд тэгэхэд 1000 хүүхдээ 50-60 хүүхэд эндэх нь улсын дундаж болж байсан нь аймшигтай тоо байгаа биз. Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Улаанбаатарт ялангуяа их байсан. 1977 онд намайг Хэнтийд очиход 130 гаруй хүүхэд эндэгдэж байсан нь улсын дунджаас хоёр дахин их үе. Энэ үе төр, засгаас, эрүүл мэндийн байгууллагаас их арга хэмжээ авч, эмч нар их ачаалалтай ажилладаг байсан. Бид хүүхдийн гэсэн болгоныг тусгаарлан, мэргэшүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байв. Гэхдээ тухайн үеийн хүүхдийн эмч нар зөвхөн эмчлэх үүрэг гүйцэтгэж байгаагүй. Зохион байгуулах, удирдах, урьдчилан сэргийлэх, эмчлэхэд анхаарч, нойр хоолгүй явж байсан. Yүний үрээр хүүхдийн эндэгдлийг аажим аажмаар буулгасаар 2000 он гэхэд улсын дундаж хэмжээнд очсон.
Хүүхдийн эндэгдэл буурсныг олон зүйлээр тайлбарлаж болно л доо. Хөхөөр хооллох бодлогыг дэмжин, хоёр жил хүртэл хугацаагаар цалинтай чөлөө өгч, бололцоогоор хангаад өгөхөөр хүүхдийн эндэгдэл буурсан. Хоёрдугаарт, Монгол Улс зах зээлд шилжсэнээр социалист орон болохоор ЗХУ-ын школ-оор эмч, мэргэжилтэн бэлтгэх, арга барил тактикийг дагаж байснаа олон улсын стандартад орж, олон улсад ашигтай гэж шийдсэн ДЭМБ, НYБ-ын Хүн амын байгууллагын шугамаар хэрэгжүүлээд ирэхээр өвчлөл эндэгдэл буурсан.
Тэр л он жилүүд миний хувьд дуудлага, ажлын ачаалал ихтэй хүнд үе байсан ч ажил, амьдралын асар их дадлага туршлага өгсөн.
Хүүхэд энд өвдөөд гэж хэлж чадахгүй шүү дээ. Тиймээс эмч нарт клиникийн өргөн мэдлэг зайлшгүй чухал. Тэгэхээр өөрийгөө байнга боловсруулж, ном уншиж, амьдралд үзсэн харсан нэг тохиолдлыг ч мартахгүй байж хүнийг өвчнөөс аварна. Хүүхэд эндэнэ гэдэг ямар хэцүү билээ.

Хүүхдийг эмчлэхэд эцэг эхчүүд ч нөлөөтэй

-Хүүхдийн эмч болсон тухайгаа дурсана уу?
-Анх хүүхдийн эмчээр ажиллахдаа айж байсан. Хагас жил болоод л дадаж, мэргэжилдээ дассан. Хүүхэд бол цэцэг шиг л хэврэгхэн. Ямар ч хүн цэцэг хараад түүн рүү тэмүүлдэг. Хүүхдийг би энэ хорвоогийн хамгийн цэвэр ариун сайхан цэцэгтэй зүйрлэнэ. Тэдэнд хир тортог үгүй. Тиймээс ч өвчин зовлон байх ёсгүй. Эх дэлхий маань өнгө өнгийн сайхан цэцэгсээр алагласан байдаг шиг хүүхдүүд маань ч эрүүл энх байхыг хүсдэг.

-Та Хэнтий аймагт анхны хувийн эмнэлэг байгуулсан юм билээ. Яагаад хувийн хэвшил руу шилжих болсон юм бол?
-Би 24 жил улсын эмнэлэгт ажилласан. Тодорхой хэмжээгээр өөрийн хувь нэмрийг оруулсан. Улсын эмнэлэгт ажиллахад миний хувьд эмзэглэх юм их байсан. Тодорхой төсөв дотор л захирагддаг. Гэтэл хүүхдийн ор, дэвсгэр, цагаан хэрэглэл, хоол, эм тарианы хангамж тааруу. Тэгээд ахуй талаас нь өөрчилье гэж бодон хувийн эмнэлэг байгуулсан. Хүн болгон чаддаг юмаа зах зээлийн нийгэмд хийж эхлэхэд энэ чиглэлээр хүний хараат бус ажиллая гэж шийдсэн. Хүүхдийг тохитой орон дээр, сайхан цагаан хэрэглэлтэй, насанд нь тохирсон хоолтой, эмийн эмчилгээг нь стандартын дагуу зохих ёсоор нь хийхийг зорьсон. 1999 онд эмнэлгээ нээсэн. Ингэснээрээ би үйлчлүүлэгчээсээ холдоогүй, тэдэндээ л үйлчилж байгаа. 70 орчим хүнтэй аймгийн нэгдсэн эмнэлэг гэх том ам бүлээс өрх тусгаарлан гарахад ганцаардах л хэцүү байсан даа. Эмчийн хөдөлмөр бол хамтын хөдөлмөр. Зөвхөн эмч ганцаараа эмчлэхгүй, тэнд сувилагч, асрагч гээд эмнэлгийн ажилтан, ажилчдын хөдөлмөр зүтгэл багтана. Мөн хүүхдээ эрүүлжүүлэх гэсэн эцэг эхийн асаргаа сувилгаа ч нөлөөтэй. Эмчдээ итгэж, эмчийнхээ хэлснийг дагаж биелүүлээд байвал энэ эмчилгээ мөн.

-Хүүхэд хаана өвдөж байгаагаа хэлж чаддаггүй. Тэгэхээр тэднийг зөв оношлоход эмч юунд анхаарах ёстой вэ?
-Том хүнд архаг өвчин гэж байдаг бол хүүхэд цочмог өвчин их тусдаг. Тиймээс тухайн үед нь л шаардлагатай эмчилгээг хийхгүй бол минут, секундээр өвчин нь хүндэрч, амь насанд нь нөлөөлдөг. Эмч хүнд оношийг зөв тогтооход 50 хувь нь сайн цуглуулсан мэдээлэл хэрэгтэй байдаг юм. Бид эцэг эхчүүдтэй л сайн харилцаж, хүүхэд ямар зовиуртай байгааг тэдэнтэй л ярилцаж мэдэх хэрэгтэй. Зарим эцэг эх нүдэнд харагдтал хэлдэг. Зарим нь хэлж мэддэггүй.
Yүнээс гадна, онош тавихад эмчийн клиникийн өргөн мэдлэг хэрэгтэй. Өвчтөнөө зөв үзэх нь хамгийн чухал. Хайнга үзэх, өвчтөний биеийн байдлыг дутуу үнэлэх зэргээс болж эмч алддаг. Эмч хүн хүүхдийг үзэхдээ толгойн оройноос авахуулаад хөлийн улыг нь хүртэл бүрэн үзэж шинжлэх нь онош тавихад нөлөөлдөг.
Хүүхдийн эмчийн хувьд өөрт тохиолдсон нэг өвчтөний өвөрмөц болон тодорхой тусгай шинжүүдийг хэзээ ч мартаж болохгүй. Зрительный память гэж ярьдаг даа. Нүдэндээ байнга харагдахаар л санаж явах нь зүйтэй. Тархи, нугасны менингитээр өвдсөн хүүхэд биеийн байдал, байрлал, царайны өнгө ямар байгааг сайн шинжих ёстой. Тэгж байж л тодорхой тусламж үзүүлж чадна. 1970-аад онд цахилгаан менингит их гарч байсан. Тийм хүүхдүүд андашгүй. Тархи, нугасны менингит олон янз. Халдвартай менингиттэй хүүхдийн царай хөхдүү өнгөтэй, толгой гэдгэр байдалтай байдаг. Чихнээс болсон уу, амьсгалын халдвар аваад хүндэрсэн шүүдэст үү гээд өөр өөр. Yүнийг л эмч сайн ажиглаж мэдэх хэрэгтэй. Эмч хүнд алхам тутамд л өмнөх тохиолдлууд хэрэг болж байдаг.

-Эцэг эхчүүдийн ч нөлөө байдаг байх?
-Ээж, аав, эмч, ажилтнуудын хоорондын харилцааг орхигдуулж болохгүй. Эмч сайн оношилж, эмчилгээ бичсэнээр хүүхдийн бие эдгэчихгүй. Асаргаа сувилгаа эмчилгээний 50 хувь болно. Тиймээс эцэг эхэд нь өвчний талаар ойлгуулж, эмчилгээг хэлж өгөх ёстой. Эм тариа өвчнийг эдгээж байгаа ч хортой. Тиймээс ингэж сувил, тэдэн цагийн хугацаанд эмийг нь өгч, тариаг нь хий гэж хэлж өгч, эргээд тэрийгээ шалгадаг байх хэрэгтэй. Түүнээс биш, эмч хүн хэчнээн сайн оношилж, эмчилсэн ч эцэг эхийн асаргаа, сувилгаа дутвал үр дүн өгөхгүй. Тиймээс эмч нар хүний сэтгэлзүйд нэвтэрч байж үр дүнд хүрдэг гэж ойлгодог.
Хүүхдийг үзэхдээ хамгийн түрүүнд хооллож уу үгүй юу, ам нь цангаж уу, хөл дулаан байна уу, үгүй юу гэдгийг үзэх шаардлагатай. Хэчнээн сайн хооллож, эмийг нь өгсөн ч хүүхдийн хөл хүйтэн бол эрүүл байж чадахгүй. Ийм л зүйлээс эмч цаашид яах вэ гэдэг нь шалтгаална.
Онолын хэчнээн сайн мэдлэгтэй ч, хүнтэй зөв харилцахгүй, хүний сэтгэхүй, нууцад нэвтэрч чадахгүй, түүнээс гадна өөрийн зорилго, зорилтоо эцэг эхчүүдэд ойлгуулж чадахгүй бол эмчилгээ дутуу л болно. Эмч нар үүнд л алддаг. Ажиглаад байхад зарим залуу эмч сайн үзэж, зөв оношилчихоод картан дээр нь зүгээр л хэдэн үг бичээд дуугүйхэн сарвайгаад өвчтөнөө гаргачихдаг. Дутагдлыг нь би хэлж өгдөг. Тэгэхээр эмч нар нээлттэй байж, хүн хүний онцлогт тохируулж харилцах нь зүйтэй. Хөдөө орон нутагт хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар ховор. Тэгэхээр бидэнд клиникийн өргөн мэдлэг шаардлагатай. Ер нь хүүхдийн эмч нарын мэдлэг өргөн цар хүрээтэй байх ёстой. Яагаад гэхээр, практикт хүүхдийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх, олгох курст бусад мэргэжлийн талаас өргөн оруулдаг. Мэдээж, бусад нарийн мэргэжлийн эмч нартайгаа хамтран ажиллана. Би бусад эмнэлгийн эмч нартайгаа байнга харилцаатай байдаг. Тэд надад, би тэдэнд чадлаараа тусална. Тэднээс их юм суралцана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button