Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө юү, төрийн хүнд суртлын егөө юү

Энэ нь улс тунхагларны 82 жилийн ойн үеэр нээсэн Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын үүднээ шавааран сонирхогч, зураг авахуулагчдын дүр төрхөөс харагдана. Хүлээсэн хүний цээжнээс хөх утаа маналздаг. Янз бүрээр гоёж, гоодож, өөлж, өөнтөглөн ярьж байна. Чингисийн хөшөөний толгой багадав, морьтон баатрын хоромсого дахь сумын зэв дээшээ харжээ, урвагч Хубилайн хөшөө хойморт залрав гэх зэргээр өгүүлнэ. Энэ ч юуны хамаа гэж бодов. Мөд баригдаж дуусдаггүй эд ээ хэмээн нэгэн залуу шогширч байна. Бид Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг бүтэн жилийн турш тэмдэглэнэ гээд ноднин яг өдийгөөс эхлэн дарцаглан хөөрч, дарайсан зузаан жагсаалт гаргаж байв. Дотооддоо тэмдэглэсэн зарим үйл ажиллагаа нүүр бардам болоогүй ч чих халууцуулахгүйгээр болж өнгөрснийг хэлэх нь зүй. Хүн төрсөн өдөртөө найз нөхөд, хамаатан садан, ах дүүгээ нэн тэргүүнд урьдаг. Бид буриад, тува, өвөрмонгол, халимаг зэрэг бусад монгол туургатнуудаа их ойд олигтой татан оролцуулж чадсангүй дээ. Заримд нь улстөрийн шалтгаан бий байсан авч бидний амиа бодсон зан үүнд нөлөөлсөн билээ. За энэ ч яахав, тусаа барсан хэрэг. Харин өнгөрсөн жилийн яг өдийд санагдах юм. Манай сониноос эхлэн их ойгоо наадаж наргихдаа бус, бүтээн байгуулалтын жил болгоё хэмээн санаачлан, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр түрлэг нэмэн, дээр дооргүй дэмжсэн дэг. Өнгөрсөн оны ЗМ сонины дугаарыг сөхөөд үзоэрэй. Энэ үзэл санааны дагуу манай эрх баригчид оүтээн байгуулалт хийхээр шуудран оров оо. Бүтээн байгуулалттай хамтатган их ой, эзэн Чингисийн нэрээр бизнес хийв ээ гэдэг сануулгыг ч сэтгүүлч бид өгч байв.
Манай төрийн түшээд бүтээн байгуулалтын лут санаа бодож олсон нь Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор байсан. Үүнийг ард түмэн нь ч дэмжив. Ерөөс дэлхийн ард түмнүүд өөрийн улс, үндэстний түүхэн том ой, тэмдэглэлт он жилүүдийг угтаж лут лут бүтээн байгуулалт хийх нь олонтаа. Баруун Европоос эхлээд, америк, хятадууд үүгээрээ толгой цохино. Тэгэхээр энэ санаа нь зөв байж таарна. Зүйтэй ч гэж бүгдээрээ гараа өргөв. Уг цогцолборыг бүтээн байгуулах үүрэг даалгаврыг Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрын дарга байсан С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд асан Н.Батбаяр нар дээрээс авч, алга ташилт нижигнээд л. Барьж босгоход даруй 7.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргасугай гэхэд энгийн олон пээ, мөн их мөнгө өө. Төрийн өргөө хойно зориулахаас ч яахав гээд дуугүй болж байв. Сэтгэлийн хөөрлөөр шийдсэн уг барилгын ажил Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхны ор суурин дээр тоос манаргаад байхаас өөр зүйл байдаггүй. Манайдаа л аварга том барилга байгууламжид тооцогдох уг цогцолборыг барьж байгуулах, гүйцэтгэх этгээдийг ямар ч тендергүйгээр шалгаруулснаар хамаг но дэгдсэн билээ. УИХ-ын гишүүн Д.Арвины Их өргөө компани энэ онцгой эрхийг эдлэв гээд яльгүй шуугиснаар асуудал замхрав. Гэтэл зураг төсөл нь бэлэн болоогүй байхад шахуу туйпуугаа өрсний гор гарсан уу, хэсэг зогсоодохов.
Миний олж сонссоноор бол хоёр дах удаагаа зураг төслийг нь боловсруулж янзалсан юм байх. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг дээ. Шинэ зураг төслөөр уг цогцолборыг барихад шаардагдах хөрөнгийн хэмжээ 7.5 тэрбумаас 10.4 тэрбум төгрөг болж өслөө. Хурдан барьж дуусгах гэж буйнх биз ээ гэж бодов. Улсын наадмын үеэр нээж, ард түмнээ алмайруулна хэмээн Ц.Элбэгдоржийг огцорсны дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон Су.Батболд, БХБ-ын сайд Ж.Наранцацралт нар даналзаж байсан нь талаар өнгөрсөн билээ. Улсын наадмын үеэр ногоон гивлүүрийг нь авахад уг өргөөний нүүрэн хэсэг дөнгөн, данган бүрэлдээд байв. Бас болоогүй ээ, гадаадын зочин, гийчин томчуудыг дагуулж авчраад Их Монгол-800-аар ийм зүйл босгов. Удахгүй есдүгээр сар гэхэд цомбойчихно гэж дээрх эрхмүүд инээмсэглэн тайлбарлаж байсан гээч. Хоног хугацаа өнгөрсөөр. Ахин дутуу зураг төслөө янзлаад үзвэл1 даруй 17.8 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн лүндэн хэрэгтэй болоодохов. Үүнийгээ ирэх оны улсын төсөвт суулгаж өгөх юм гэнэ лээ. Уг өргөөг барихад шаардагдах хөрөнгө мөнгөний тоо хэмжээ өдрөөс өдөрт хэдэн тэрбумаар нэмэгдээд байгааг юу гэж ойлгох вэ. Лав л анх төлөвлөснөөсөө 10.3 тэрбум төгрөгөөр давж гарав. 20 тэрбум төгрөг гэдэг тоглоом биш шүү дээ. Улсын наадмаар нээх болов уу гэж Монголын ард түмэн их ойн хамгийн том бүтээн байгуулалтыг хүлээн ширтэж байлаа. Талаар өнгөрөв. Өөр нэг том баяр болох улс тунхагласны баяр хүртэл хүлээ гэсний дагуу өдийг хүргэв. Даарч бээрэн хүлээгээд харахнаа уг өргөөний нүүрэн хэсэг туниа муутайгаар амь оржээ. Одоо үлдсэн ганц үңцэсний их баяр болох Цагаан сар хүртэл хүлээх бололтой. Аягүйдвэл ирэх зуны наадмаар ногоон гивлүүр татаастай хэвээр байвал гайхах зүйлгүй гэдгийг манай эрх баригчдын хоёр удаагийн өргөөний нээлт-д оролцсон байдал нотлоно. Учрыг гадарлах хүмүүс өөрсдөө дундаас нь идэж уугаад байхад яаж энэ бүтээн байгуулалт нь амь орохов дээ. Зохион байгуулалт муутай ажил иймэрхүү л байдаг гэж дургүйцэнгүйгээр мөрөө хавчив. Лав л дөнгөж энгэрийг нь сөхөөд орхисон уг цогцолборын одоогийн байдал саяхан мэндэлсэн гэхэд итгэмээргүй дүр төрхтэй байсан шүү. Монгол нутагт оршин тогтнож байсан эртний төрт улсуудыг нэр устай нь тэмдэглэсэн шилэн самбар дээрх газрын зураг харагдана. Манай хамгийн ууган төрт улс Хүннү гүрний нэр л лав тэнд алга аа. Тэгээд яах гэж газарзүйн мэргэжилтэн шиг мэдэмхийрсэн юм бол. Чингис хааны хөшөөний доод суурийн хэсэг газар хагарч цуурсан, мөн хоёр талаар нь сарампай банзаар халхалчихсан байх юм. Түүнчилэн зүүн талын хашлага хавтангууд нураад эхэлсэн байна лээ. Та очоод үзээрэй. Дэгтүй нэгний гарт нурж мэдэх нь байна. Ийн атал өнгөрсөн улс тунхагласны баярын өдрөөр мөн л гадаадынхныг урин авчирч, мөнөөх хачирхалтай бүтээн байгуулалт-аа гайхуулж үзүүлсэн байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button