Ардчилсан намын удирдлага гишүүдэд 250 саяыг тараах нь буруу гэж үзлээ

УИХ-аас гишүүдийн мэдэлд 250 сая төгрөг тараах болсон нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхтэй ч ийм асуудлаар санал оруулах учиргүй юм байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдсан хэрэг болох гэнэ. Харин Засгийн газраас дээрх саналыг оруулж гишүүд дэмжсэн бол зүйд нийцэх байсан бололтой.
Нөгөөтэйгүүр дараагийн сонгууль болох цаг ойртсон энэ үед ийм шийдвэр гаргаж буй нь авлига өгч буйтай агаар нэгэн үзэгдэл хэмээн зөвлөлийнхөн үзэж буй аж. Дээрх асуудлыг олон нийт эсэргүүцэж байгааг Ардчилсан нам сөрөг хүчний хувьд дэмжиж байр сууриа илэрхийлэх юм байна.

Гүйцэтгэх зөвлөлийнхөн хэд хоногийн өмнө мөн хуралдаж, дээрх асуудлыг хөндөн шүүмжлээд өнгөрсөн билээ. Энэ тухайд ямар нэгэн тодорхой мэдэгдэл гаргаагүй нь тус хуралд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд оролцоогүйтэй холбоотой аж. Мөн хурлаар Эгийн голын УЦС станцыг Хятадын Засгийн газрын зээлээр барих нь буруу, хөрөнгө оруулалтаар баривал зохистой, зээлийг өөр зүйлд зарцуулах нь зөв, хүүхдийн мөнгийг сар бүр олгох нь бодит байдалд илүү нийцнэ хэмээн албан ёсоор байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргаж байсан юм.
Ардчилсан намынхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, 250 саяын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргах юм байна.

Ардын эрх сонин 231 /509/
С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button