Олон намтай ч ганц намын тогтолцоотой Монгол Улс

бүртгүүлэлгүй хасагдахад хүрсэн есөн намыг эрхээ цуцлуулсанд тооцвол дор хаяж 15 намтай гэсэн тоо бий. Хувьсгалт, ардчилсан, шинэ, хуучин социалист, коммунист, бүгд найрамдах, уламжлалын, үндэсний, ард түмний, орон нутгийн, либерал, эмэгтэйчүүдийн, эх оронч гээд үзэл баримтлалын хувьд тэдэнд хамраагүй хүрээ гэж алга. Тэднээс МАХН, Ардчилсан нам, Эх орон, Иргэний зориг, Бүгд найрамдах нам парламентад суудалтай. Үндэсний шинэ болоод Ард түмний нам парламент дотроос мэндэлсэн. Аль ч талаас нь аваад үзсэн Монгол Улс гарцаагүй олон намтай орон. Гэтэл 1992 оны Үндсэн хуулийн гол эх баригч, нэртэй хуульч Б.Чимидийн ярьснаар Монгол Улс олон намтай л болохоос олон намын бус ганц намын тогтолцоотой улс аж. Түүнийгээ тэрээр АНУ-ын жишээн дээр тайлбарласан юм. Ардчиллын өлгий Америкт коммунистаас авахуулаад чамлахааргүй тооны нам үйл ажиллагаа явуулдаг ч Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр л сонгууль бүрт ана мана үзэлцэж, Конгресс, Сенатад суудлынхаа тоогоор өрсөлдөж, Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийг ээлжээр шахам төрүүлдэг.

АНУ олон намтай ч хоёрхон намын тогтолцоо үйлчилдэгийг хуульч Б.Чимид үүгээр тайлбарлаж байсан. Тэгвэл хамгийн ойрын жишээ манай өмнөд хөрш байна. БНХАУ-ыг бидний дийлэнх нь Хятадын коммунист нам /ХКН/ гэсэн ганцхан намтай гэж үздэг. Тэгвэл Хятадад ардчилсан нам ч бий, түүхэн зохиолуудад гэмин гэж нэрлэдэг гоминдан /хувьсгалт нам/ нам ч бий. Нийтдээ долоо найман нам БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг ч эрх баригч нь ганцхан ХКН. Бусад намуудын үйл ажиллагааг Бүх Хятадын Ардын улс төрөөр зөвлөлдөх зөвлөл гэдэг байгууллага зохицуулан явуулдаг. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тус зөвлөлийн дарга манай улсад айлчилж байсан. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хуралдах бүртээ дээрх зөвлөлдөх зөвлөлийнхний саналыг сонсч хөтөлбөртөө тусгадаг гэх зэрэг олон намын үйл ажиллагаа байдаг ч ганц намын тогтолцоо өдгөөг хүртэл үйлчилдэг байна.

Бид анзаардаггүй болохоос түүнтэй агаар нэг үзэгдэл өнөөдрийн Монголд үйлчилж байгаа ажээ. Монгол Улс олон намтай нэртэй ч дийлэнх нь сонгуулиар л амилж, бусад үед дарга, туг, тамга, нэрнээс цаашгүй болдог. Хорь гаруй намыг нэрлээдэх гэвэл арвыг барагцаалах хүн бараг гарахгүй л байх. Сонгуульд нэр дэвшүүлж оролцлоо ч өрсөлдөөний ид үед нэрээ татаад бултаж орхино. Эсвэл аль нэг намын захиалгаар нөгөө талын саналыг хуваагчийн үүрэг гүйцэтгэчихээд л ичээндээ орчихно. Парламентад суудалтай намуудын хоёроос бусад нь дээд тал нь дөнгөж долоон суудалтай. Намын бүлэг болох хэмжээний наймаас дээш гишүүнтэй нь ердөө МАХН, Ардчилсан нам хоёр. Гэтэл Эх орон-Ардчилал эвсэл болж сонгуульд орсон намууд эвслээ тарааж орхисноос Ардчилсан нам парламентад бүлэг байгуулах эрхгүй болж зөвлөл гэсэн зохион байгуулалтад орсон. Ингээд УИХ-д албан ёсны бүлэгтэй нь зөвхөн МАХН үлдэв.

УИХ-аар хууль, тогтоол батлуулах, мөрийн хөтөлбөрийн амлалтуудаа биелүүлэх зэрэгт МАХН бүлгээрээ зиндаархан арай л давуу байр суурь эзлээд байгаа нь, бусад намаа бодвол цэгцтэй бодлого барьж, гишүүдээ нэг зүгт залж чаддаг нь, анхнаасаа олон намын цус холилдолгүй цэвэр угшлаараа өдий хүрч, арай илүү төлөвшсөнөөрөө Монгол Улс нэг намын тогтолцоотой гэж хэлэхэд хүргэж байж болзошгүй. Гэхдээ Монголд эргэлт буцалтгүй ялсан ардчиллын түүчээ Ардчилсан намыг орхиж болохгүй. Үүгээрээ ч хоёр том нам л улс төрд голлоно гэж МАХН, Ардчилсан намын удирдлагууд аархах дуртай. Улс төрийн намууд гүйцэд төлөвшиж амжаагүй өнөө цагт Монгол Улс олон намтай, ганц намын тогтолцоотой гэдэг нь оносон томъёолол байж мэдэх юм.

Ардын эрх сонин 231 /509/
Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button