Барилгын салбарын дампуурал

Хаа сайгүй нүдэн дээр сайхан, сайхан барилгууд ургаж гарч ирээд л
Хэдхэн жилийн өмнө нийслэлээр маань зочилж байсан харийнхан ч одоо ирээд Улаанбаатар хачин их өөрчлөгдсөнийг гайхан магтаж буй. Үүнд манай хувийн хэвшлийнхэн үсрэнгүй дэвшил гаргасан гэгдэж байгаа. Дээр нь 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр гээд л. Улсын төсвөөс ч ирэх жил барилгын салбарт чамгүй их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 2007 онд улсын төсвөөс хийх хөрөнгө оруулалт /хүснэгт 1/ дийлэнхдээ л барилгын салбар руу чиглэсэн гэдэг нь харагдаж буй. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтын 102 тэрбум 729 сая төгрөгийн 60,5 хувийг барилгад зарцуулахаар төлөвлөж буй. Их засвар, тоног төхөөрөмж гээд бусад хэсэгт ч барилгынхны эзлэх жин бас байгаа. Дээрээс нь Монгол Улсыг Хөгжүүлэх сангийн мөнгөнөөс ч 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт зарцуулах хэсэг байгаа. Гэтэл манай хувийн хэвшлийнхний ч, төсвийн ч хөрөнгө оруулалтын гол хэсэг болоод байгаа барилгын салбар нэг л биш байгааг эрдэмтэд сануулж байна.
Учир нь, энэ салбарт ороод байгаа хөрөнгийн ихэнх нь гадагш урсдаг аж, яг л манай эх оронч бус гол мөрнүүд шиг.

Эндээс та барилгын салбарт оруулсан ихэнх хөрөнгө гадагш урсч буйг харж болно. Барилга барихад зарцуулдаг зардал, материалын болон цалинг эс тооцвол бараг л 100 хувь импортын бүтээгдэхүүнд урсдаг аж. Барилгын материал ч гэсэн дээ, элс, хайрга, дотооддоо хийж буй тоосго тэргүүтэнг эс тооцвол мөн л гадагшаа чиглэлтэй. Ийм нөхцөлд барилгад зарцуулж буй их хөрөнгө дотоодын эдийн засагт наалдац багатай болж таарч байна. Мэдээж барилгууд бидэнд үлдэнэ л дээ. Гэхдээ нөгөө талаас борлуулалт хэрэгцээгээ үл тооцсон, ялангуяа оффисын ганган барилгууд бол хөөсөн эдийн засгийн бас нэгэн шинж болох нь бий гэдэг. Энд юу өгүүлэх гэв ээ гэвэл нэгэнт хөгжин цэцэглэж байгаа, хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлж буй барилгын салбараа улам өөд нь татаж өөрсдөө дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлээ байгуулцгаая гэсийм.

Дашрамд дурдахад барилгын салбараа улам хөгжүүлэх боломж буйг судлаач Б.Мандах Нээлттэй нийгэм форумд болсон төсвийн талаарх хэлэлцүүлгийн үеэр хөндөж байсан юм. Тухайлбал, манай улс нэг жилийнхээ төсвийг 0,5 хувиар хэмнэхэд л 50 ажилтантай барилгын материалын зургаан үйлдвэр байгуулж, 100 ажилтантай арван компанийг иж бүрэн техник, технологиор хангах боломжтойг судлаач Б.Мандах онцолж байсан. Жилийнхээ төсвийг арав, тав бүр ердөө нэг бүхэл хувь ч биш, ердөө л 0,5 хувийг нь хэмнэхэд шүү дээ. Ийнхүү наад зах нь бичиг цаас, дарга нарын унаа тэрэг гээд элдэв зардлаасаа 7,4 тэрбум төгрөг хэмнэхэд бид барилгын материалын бүхэл бүтэн баазтай болох нь. Бас өнөөдөр гадагш урсч байгаа их хэмжээний мөнгөний нэлээхэн хэсэг нь Монголдоо шингэж үлдэнэ гэсэн үг.

Тэгэхээр барилгын салбарынхан маань өрж угсрах бүтээн байгуулалт-аасаа гадна өөрсдөө материалаа бэлтгэх үйлдвэртэй болоход анхаарах цаг хэдийнэ болсон байгаа биз. Манай төр засгийнхан ч элдэв халамж, эсвэл өөрсдийн тансаглалд мөнгөө үрэхээсээ илүү энэ мэт алсаа харсан бодлого хэрэгжүүлдэгсэн бол. Зөвхөн одоо ч бүрэн дуусгаж чадаагүй байгаа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд зарцуулаад байгаа 17,8 тэрбум төгрөгөөр хэчнээн үйлдвэр байгуулж болох байна вэ, та бодоод үз. Багаар бодоход 50 ажилтантай, барилгын материалын 12 үйлдвэр, 100 ажилтантай 20 компани байгуулах байсан байна шүү дээ

Ардын эрх сонин 231 /509/
А.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button