Тийм л цэрэг үгүйлэгдэв

Зэвсэгт хүчний 016-р ангийн шинэхэн цэргүүдийг та харж байна. Гэхдээ өчигдрөөс эхлээд тэд шинэ нэртэй хуучин цэргийн дансанд орсоон. Тангаргаа өргөөд л. Чанга дуугаар, бүдүүн хоолойгоор цэх зогсон эх орныхоо өмнө эр хүн болсноо тунхаглана.
Өргөсөн тангаргаасаа няцах юм бол төрийн хуулийн хатуу цээрлэл хүлээнэ хэмээх тэрхүү тангаргийн төгсгөлийн энэ үг жинтэй, бас зүрх зүсэм, сэтгэл догдлуулам юм билээ. Эм хүнээс эрчүүд ийм зоригоороо л ялгардаг аж. Саяхан л аав, ээжээсээ салж ядан, нутагтаа хоргодон байсан болов уу гэмээр залуухан эрс сарын дотор өөр хүн болсон нь анзаарагдана. Шинель нь нэг ч нугалаагүй, жийсэн хромонд нь нүүрээ тольдмоор…

Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, мотобуудлагын гэж нэрлэдэг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн шинэ дайчид уржигдар тангараг өргөсөн юм. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Тогоо тангаргийн баярт оролцож, мотобуудлагын жишиг ангийн үйл ажиллагаатай танилцав. Тангаргийн баяр, Улс тунхагласан өдөртэй давхцсан учир ангийн хашаа хөл ихтэй, аав, ээжийн сэтгэл өндөр байх. Барилдаан, урлагийн тоглолт, уулзалт, жагсаал гээд цэрэг эрс ч өөрсдөө завгүй, хөөрцөглөөд л…
Эх орныхоо өмнө үүрэг хүлээж, зэвсэг үүрэн цэрэг болсондоо бахархаж байгаа нь илт. Дулаан байр, тохилог ширээ сандал, тэр байтугай интернетэд холбогдож, дэлхийтэй хөл нийлүүлэх боломжтой гээд цэргийн амьдралд өөлөх зүйл ховор санагдав. Гэхдээ тэнд байсан тэр олон залуус дунд дээд боловсролтой хүн хоёрхон байсныг эс тооцвол.

Хөдөө мал дээр байсан, хотод ажилгүй байсан, амьдрал нь гундуу байсан, тийм л залуус цэргийн албанд аргагүйн эрхэнд ирдэг болчихоо юу гэмээр. Хоёр зуун цэргийн хоёр нь боловсролтой байна гэдэг даанч чамлалттай тоо. Мөнгөтэй, боловсролтой нь халаасандахаа тоолж өгөөд л эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, эр хүн болж төрснийхөө ид шидийг тас нууж орхидог болчихож…
Уг нь эх орон чинь дуудаж байвал эр хүн болсноороо бахарх гэдэг санагдана. Цэргийн ангид тийм л нэг
дүр зураг үгүйлэгдэв. Боловсролтой, шинэ үеийн, жавхалзсан цэрэг.

Ардын эрх сонин 231 /509/
Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button