Нялхсын эндэгдэл хоёр дахин буурчээ

Сүүлийн арав гаруй жил хэрэгжүүлж буй нөхөн үржихүйн шинэ бодлогын үр дүнд өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дээшилж, эх нялхсын эндэгдэл хоёр дахин буурчээ. Гэвч бэлгийн замаар дамжих халдварт өвчин газар авч байгаа нь үндэсний хэмжээнд сэтгэл түгшээсэн асуудал болоод байна гэж өчигдөр хуралдсан Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний дөрөвдүгээр бага хуралд оролцогсод дүгнэсэн юм. Манай улсын хувьд хүн амаа нэмэгдүүлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв бодлого хэрэгжүүлэх үүднээс 1991 онд нөхөн үржихүйн анхдугаар бага хурлыг зохион байгуулсанаас хойш дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн шинэчилеэн хө-төлбөр-ийг Засгийн газар 2001 оны арванхоёрдугаар сард баталсан билээ.

2002 оноос хэрэгжүүлж эхлэсэн дээрх хөтөлбөрийн үр дүнгийн талаар өчигдөр хэлэлцлээ Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш нялхсын буюу тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хоёр дахин буурчээ. Харин эхийн эндэгдэл 20 орчим хувиар буурсан байна. Эхийн эндэж буй шалтгааны 30 хувь нь эрхтэн тогтолцооны өвчин, 25 хувь нь цус алдалтаас үүдэлтэй байдаг аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэснээс хойш бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт, эмчилгээ, гэр бүл төлөвлөлт, үр хөндөлтийн үйлчилгээ, үргүйдлийн эмчилгээнд орчин үеийн аргыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийн нэр төр, нууцыг чанд хадгалсан, нөхөн үржихүйн эрхийг хүндэтгэсэн цогц үйлчилгээний хүртээмж сайжирсан гэж дүгнэлээ. Түүнчлэн алслагдсан нутгийн хүн ам, сургууль завсардсан хүүхдүүд, ядуу болон орон гэргүй хүмүүс зэрэг нийгмийн бүлгүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж үйлчилгээг хүргэх арга замыг шийдвэрлэсэн байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжсэн эрх зүйн орчин бүрэлдэж боловсронгуй болсон зэрэг олон зүйлийг хөтөлбөрийн хугацаанд нааштайгаар шийдвэрлэжээ.
НҮБ-ын Хүн амын сан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Гал голомт Үндэсний хөдөлгөөн хамтран мянган гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал суурь судалгааг хийжээ. Судалгаагаар ихэнх гэр бүл гурван хүүхэдтэй байхыг зохимжтой тоо гэж үздэг болох нь харагдсан байна. Түүнчлэн гэр бүл болох зохимжтой насыг эрэгтэйчүүд 27, эмэгтэйчүүд 25 гэж үздэг бол эрэгтэйчүүд 33, эмэгтэйчүүд 30 наснаас дээш гэр бүл зохиохыг оройтно гэж үзжээ. Судалгаанд оролцогчдын 48 хувь нь гэрлэлтээ заавал бүртгүүлэх нь зүйтэй гэж хариулсан байна.

Ардын эрх сонин 231 /509/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button