Хордуулах ажилд гаршсан тагнуулчид

Оросын тусгай албаныхан ул мөр үлдээлгүй хөнөөдөг бодис, таавар болсон эм тариаг сонирхдог нь өнөө ч хэвээрээ билээ.
Хүйтэн дайны үеэр Сталины байгуулсан хор бүтээх Камера үйлдвэрийн халааг Шуурхай техникийн арга хэмжээний алба авч, түүний бүтцэд хүнийг хөнөөх шинэ арга зам хайх лабораторийг багтаажээ. Энэ лабораторийн бүтээгдэхүүнийг 12 дугаар тасаг С буюу Оросын гадаад тагнуулын албанд нийлүүлдэг.
КГБ-д 32 жилийн турш алба хаасан генерал Калугин өдгөө АНУ-д амьдардаг бөгөөд өөрийн бичсэн Spymaster буюу Тагнуулын сүлжээний удирдагч гэсэн номдоо дээрх лабораторид ундаанд уусгадаг, мөн хүний арьсанд наалдуулахад зүрхэнд цус харвуулдаг төрлийн хор бүтээсэн тухай бичсэн байдаг.

Түүний яриагаар 1978 онд Болгарын тэрслүү үзэлтэн Георгий Марковыг хөнөөхөөр хоолонд нь хор хийх, хортой үрлээр буудах зэрэг хэд хэдэн хувилбарыг ярилцаж байсан гэнэ. Энэ хувилбарын нэг нь хорт гелийг машиных нь хаалганы бариулд түрхэх арга байсан боловч онилсон хүнээс өөр хүн түрүүлэн хордох магадлалтай байсан учир энэ аргыг туршаагүй байна. Хэрэв тэгсэн бол энэ нь Марковт ирж буй аюулын талаар мэдээлэл өгөх байв. Дараа нь Марковыг Италид амрах гэж байгаа тухай мэдээлэл ирсэн бөгөөд түүнийг усанд орох үеэр гелийг биед нь түрхэх хүнийг сонгон бэлтгэсэн байв. Гэвч цаг агаар муу байсан учир Марков далайд шумбаагүй тул энэ хувилбар бас биелээгүй аж. Эцэст нь түүнийг рицинээр хордуулсан үрлээр буудах хувилбарыг сонгож Марковыг Ватерлогийн гүүрээр явж байхад хөл рүү нь буудаж хорлосон билээ.

Камера үйлдвэрийн түүхэнд үл танигдах, ямар нь мэдэгдэхгүй хороор хордуулж байсан тохиолдол зөндөө бий. Баруунд зугтан гарсан Алексей Хохловын кофенд цацраг идэвхт таллий хийж хордуулсан байна. 1955 онд болсон нэгэн удаагийн хүлээн авалтын үеэр Хохлов хордсон ч амьд үлдэж чадсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Лондонд нас барсан Литвиненког сахиж байсан найзууд нь Түүний дайснууд шинэ хор хэрэглэсэн гэж сэжиглэж байлаа. Өмнө илэрсэн бүх төрлийн хорын үйлчилгээг судалж үзээд эмч нар Ийм тохиолдолтой өмнө нь хэзээ ч тааралдаж байгаагүй гэжээ.

Ардын эрх сонин 231 /509/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button