Хар тивийн хүнсний хөтөлбөрийг эрс шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байна

Сүүлийн 20 жилийн дотор Африкийн хүнсний хямрал гурав дахин нэмэгдлээ. Африкийн өлсгөлөн орнуудад үзүүлж байгаа тусламж асуудлыг түр хугацаанд шийдэж байгаа бөгөөд харин хар тивийн хөдөө аж ахуйн салбарыг унагаж байна гэж Британийн Oxfam гэдэг буяны байгууллага мэдээлжээ.
Уг байгууллагын илтгэлд Африкийн байдлын талаар өгүүлэхдээ Барууны орнууд болон Африкийн орнуудын Засгийн газар хүмүүс үхэж үрэгдэх үед туслахаасаа илүүтэй хүнсний хямрал гаргахгүйн төлөө ажиллах нь чухал гэлээ. Баян орнуудаас хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар нийлүүлэх нь африкийн фермерүүдийн аж ахуйгаа хөтлөн явуулах үндсийг эвдэж байна гэж тус байгууллага санууллаа. Үр дүнд нь хар тивд шинэ шинэ хүнсний хямрал гарч байна гэж Oxfam дүгнэжээ.

Барууны орнуудад одоогийн явуулж буй хангалтгүй мөртлөө хожимдсон тусламж үзүүлэхийн оронд өлсгөлөнгийн анхдагч шалтгааныг арилгах зорилгоор хөрөнгө оруулалтыг нэн даруй хийж эхлэх хэрэгтэй гэж тус байгууллагын захирал Барбара Стокинг ярьж байна. Сүүлийн арваад жилд Африкт, тэр дундаа баруун Африкт хэдэн арван тэрбум ам.долларын тусламж үзүүлжээ.

Гэсэн ч 1980 онтой харьцуулахад тивийн хүнсний хямрал гурав дахин ихэссэн байна. Oxfam-ын мэдээгээр африкчуудын бараг тэн хагас нь өдөрт нэг ам.доллар хүрэхтэи үгүйтэй зардлаар амьдарч, хагас өлсгөлөнгийн байдалд байна. Цаг агаарын хүнд нөхцөл, эдийн засгийн хориг саад Африкийн хөдөө аж ахуйг сүйрүүлж байна гэж Oxfam үзжээ. Баян орнуудын тавьсан эдийн засгийн саад африк фермерүүдэд дэлхийн зах зээлд гарах боломж өгөхгүй байна. Боловсруулсан кофег Африкт нийлүүлэгч гол орон нь Герман болсон бөгөөд энэ нь нэг зүйлийг хэлээд байгаа юм. Энэ бүгдийн хажуугаар төсвийнхөө дөнгөж таван хувийг хөдөө аж ахуйд зарцуулж байгаа Африкийн орнуудын Засгийн газар ч буруутай гэж Oxfam-ын шинжээчид дүгнэлээ.

Африкийн өлсгөлөнг дарахын тулд хүнсний бүтээгдэхүүнийг хөгжиж буй орнуудаас авах ёстой гэж Oxfam хэлж байна. Барууны орнуудын өндөр үнэтэй хүнсийг зохих газар нь хүргэхийн тулд дор хаяж таван cap зарцуулж байгааг Oxfam анхаарууллаа.
1992-2002 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь 43 хувиар унасан Африкийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхийг Британийн буяны байгууллага уриалжээ.

Ардын эрх сонин 231 /509/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button