Гишүүд тойрогтоо мөнгө хуваарилах нь ардчилсан парламентат ёсонд яавч зохихгүй

-УИХ-ын тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилах гэж байгааг судлаачийн хувьд та үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Уг мөнгөний агуулга нь орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт юм. Бодлогын үндсэн зарчмаар бол УИХ-ын тойргуудад хуваарилна гэдэг үг илүүдээд байна. 76 тойрог бүрт 250 сая төгрийг хуваарилна гэхээр энэ эргээд гишүүдтэй холбогдоно. Мөн УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн болохоор сонгуультой уялдаад байгаа юм.

-УИХ-ын гишүүд ингэж тойрогтоо төсвөөс мөнгө зулгаах нь хэр зөв бэ?
-Хуулиар бол гишүүд төсвийн бодлогыг тодорхойлдгоос биш зарцуулах ёсгүй. УИХ-ын гишүүн нь Yндсэн хуулийн концепцоор Монголын ард түмний элч төлөөлөгч юм. Түүнээс биш, тойргийн депутат биш. Гэтэл одоо тэд Ардын Их хурлын депутатын адил тойргийн эрх ашиг яриад сууж байна.

-19 тэрбум төгрөг Шадар сайдын багцад байх ч хөрөнгийг зарцуулахдаа тухайн орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын даргатай зөвшилцөнө гэж гишүүд ярьж байна. Энэ нь мөнгийг зарцуулахад гишүүд гар бие оролцоно гэсэн үг биш үү?
-Төсөв гэдэг тодорхой зүйл. Сайдын эсвэл аймаг, нийслэлийн Засаг даргын багцад уг мөнгө орох ёстой. Шадар сайдын багцад хөрөнгийг оруулах нь тийм ч зөв биш байх. Тэр багц гэдэг нь УИХ-ын гишүүдийн санал хүсэлтээр төсөв хийдэг багц биш. Ер нь бол би гишүүд анх тойрогтоо 10 сая, дараа нь 100 сая төгрөг хуваарилах гэхэд огт ойлгоогүй, дэмжээгүй. Yүнийг болих хэрэгтэй. Гишүүд тодорхой хэмжээний мөнгийг тойрогтоо зарцуулахаар төсөвт суулгуулна гэдэг ардчилсан парламентат ёсонд яавч зохилтой биш. Тойрог гэдэг нь сонгууль явуулахад л ашигладаг хэрэгсэл, зохион байгуулалтын хэлбэр шүү дээ. Сонгууль дууссанаас хойш тойрог ярих ёсгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button