Yнсгэлжин охин тодорлоо

Энэ жилийн уралдаанд 17 аймаг, гурван хотын 160 орчим хүүхэд оролцов. Хот, хөдөөгийн 57 хүүхэд өвөрмөц, шинэ загвар зохион бүтээж оролцсоноос Монгени цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Туул нэгдүгээр байр, Эрдэнэт хотоос ирсэн Г.Орхон-Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Б.Дулам нар хоёр, гуравдугаар байр эзлэв. Энэ удаагийн Yнсгэлжин охин-оор 38 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Х.Бадамгэрэл тодорч, Б.Аззаяа хоёр, Ц.Мөнхжаргал гуравдугаар байр, Х.Номин-Эрдэнэ тусгай байрыг тус тус эзэлсэн юм.
Шилдэг загвар зохион бүтээгч номинацын тэргүүн байрын эзнийг Дүрслэх урлагийн дээд сургуульд шалгалтгүй элсэн суралцах эрх, алтан медаль, 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулав. Шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан Х.Бадамгэрэл мөн медаль, мөнгөн шагнал хүртсэнээс гадна Мисс интернэшнл-ийн Монгол дахь салбар Мисс Монголиа тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тэмцээний шүүгчээр Монгол модель агентлагийн захирал Д.Болормаа Тахь ХК-ийн менежер Г.Оюунгэрэл, Монгол костюмс төвийн загварын багш Ч.Содтуяа нар ажиллав. Yнсгэлжин уралдааныг санаачлагч, Монголын хүүхдийн ордны захирал, соёлын тэргүүний ажилтан Н.Нармандах, Монголын загварын ертөнцөд нэгэн шинэ үеийн давалгаа орж ирэх мөч ойртож байна. Хүүхдүүд маш чадварлаг, чамбай болжээ гэж байсан юм. Yнэхээр ч Yнсгэлжин 2007-гийн оролцогчид ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох чанар чансаа, эрч хүчтэй байгаа нь урласан бүтээл, уралдаанд оролцож байгаа байдлаас нь мэдрэгдэж байв. Мөн Улс тунхагласны баярын өдөртэй давхцаж буйгаараа ч тэр үү, бүтээлүүд нь ихэвчлэн эртний монгол ахуйгаас сэдэвлэсэн байсан. Уралдааны төгсгөлд 50 гаруй хүүхдийг загварын чиглэлээр суралцах эрхээр шагнасан нь тэднийг цаашид илүү ихийг сурч мэдэх урам зориг хайрласан бодит дэмжлэг болсон нь лавтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button