Азийн олимп-ийн алтыг хэн авчрах вэ?

Олимпийн цагаан ордон өчигдөр цагаан хувцсаар ижилссэн тамирчдын хөлд дарагдав. Катарт өрсөлдөх Монголын тамирчид Дохад мандуулах төрийн далбаагаа Ерөнхийлөгчөөс гардахаар цугласан нь тэр байлаа.
Манайхан 1974 оны Тегеранд болсон ҮII наадмаас хойш энэхүү XҮ наадмыг хүртэл найман удаа Азийн спортын наадамд тоосоо өргөж байв. Энэ наадам ес дэх нь. Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Б.Наранбаатар, Х.Эрдэнэт-Од, Ц.Энхжаргал гээд шил даран жагсах залуу гавьяатууд. Тэр бүр ийм олноороо хилийн дээс алхаад байдаггүй ховор боломжийн нэг. Тийм ч болохоор Азийн наадам Азидаа л олимпийн наадмын энтэй билээ. Үзэсгэлэнт Катарын нийслэл Доха хотод болох бага олимпод манайхан спортын 26 төрөлд оролцож, 345 тамирчин Азийн дэвжээнд эр бяр, хүч чадлаа сорин өрсөлдөнө.

Х.Цагаанбаатар Монголын тугч боллоо
Olimpic house-д болсон тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон багийн ахлагч, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар Монголын багийн тугчид төрийн далбааг албан ёсоор гардуулсан юм. Азийн наадамд оролцох 300 гаруй тамирчдыг төлөөлөн туг барих хүндтэй үүрэг энэ удаа олимпийн отгон медальтан Х.Цагаанбаатарт оногдсон байна. 1998 онд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр багийн тугч хийснийг эс тооцвол Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, П.Сүхбат, Г.Өсөхбаяр гэхчлэн дандаа алдар цуутай бөхүүд Азийн наадамд тугчаар ажиллаж байжээ.

Азийн тоглолтоос арван алттай
Монголын спортын түүхийг сөхвөл манай улс 1974 оны Ираны Тегеранд болсон Азийн спортын наадамд оролцож эхэлснээс хойш нийт 84 медаль хүртжээ. Найман тоглолтоос хүртсэн эдгээр медалийн арав нь алт, 23 нь мөнгө, 51 нь хүрэл медаль байжээ.

Ооска Бусаны алтаараа тамирчдыг адислав
Тамирчид гэж муугүй сүжигтэй улс байдаг бололтой. Гэхдээ тэд лам залж, ном уншуулахад биш, медаль залж, адис авахад сүсэглэдэг гэнэ. Томоохон тэмцээний өмнө үйлддэг энэ ёслол өчигдөр мөн давтагдаж, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар 2002 оны Бусаны наадмаас хүртсэн алтан медалиараа тамирчдад адис өгч, хишиг даллага авахууллаа. Афины олимпийн өмнө гавьяат тамирчин Д.Нармандах мөн Атлантын олимпийн хүрлээрээ адис өгч, тэр жил гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил Зүүн Азийн наадмын өмнө боксын Д.Мөнх-Эрдэнийн даллага авахуулсан алтыг Ц.Мөнхзул Макаогоос авчирсан гэнэ лээ.

Засгийн газар 60 хүний зардлыг даав
Монгол Улсын Засгийн газраас Доха-2006 наадамд оролцох зарим зардлыг бүрэн шийдсэн билээ. Тэмцээнд амжилттай оролцож, медаль авах боломжтой, гэж үзсэн тэдгээр найдваруудын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, ОУХМ Б.Батзориг нарын чөлөөтийн 11 тамирчин, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Д.Нямхүү, Ц.Очирбат нарын 14 жүдоч, хоёр дасгалжуулагч, О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, дасгалжуулагч Б.Алтанцэцэг нарын есөн мэргэн бууч гээд хүндийн өргөлт, теннис, байт харваа, дугуй, хөнгөн атлетик зэрэг 60 тамирчин, дасгалжуулагч багтжээ. Түүнчлэн Монголын үндэсний олимпийн хорооноос штабын ажилтан, эмнэлэг, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 20 хүний зардлыг бүрэн даасан байна.

Дохад хэчнээн тамирчин ирэх вэ?
Катарчууд тив нэгт 45 орны 12 мянга орчим тамирчин дасгалжуулагч, албаны хүмүүсийг эх орондоо хүлээж авах ажээ. Эдгээр хүмүүст зориулж, 330 мянган шоо метр талбай бүхий 40 барилгаас бүрдсэн тамирчдын тосгон байгуулжээ. Афины олимпийн наадмын тосгонд бүтээн байгуулалтын ажлыг удирдсан грек мэргэжилтэн Х.Колифас энэ удаа ч мөн Катарын наадамд хүчин зүтгэсэн бөгөөд наадмын дараг дээрх тосгоныг Эрүүл мэндийн хотхон болгон ашиглах юм байна.

Гавьяат тамирчин О.Гүңдэгмаа Багаараа медаль авахыг зорьж байна

-Бэлтгэл хэр байна?

-Дажгүй байгаа. Өнгөрсөн аравдугаар сард дэлхийн аваргад оролцож ирснийхээ дараагаас үргэлж Азийн наадмын бэлтгэлтэй байсан.

-Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ?

-Ер нь Азийн тамирчид дэлхийд нэлээд дээгүүр бичигдэх болсон. Хятадын тамирчид яах аргагүй хүчтэй өрсөлдөгч байх болов уу. Мөн Япон, Тайваний тамирчид ч гэсэн сүүлийн үед их өндөр амжилт үзүүлж байгаа.

-Бусаны Азийн тоглолтоос та хүрэл медаль авч байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг өөрчлөх зорилготой байгаа байх?

-Тийм зорилго байлгүй яахав. Гол нь манайхан багаараа медаль авах бодолтой байгаа. Сая бид дэлхийн аваргад дөрөвдүгээр байрт орсон. Тэгэхээр Азийн наадамд медаль авах боломжтой гэж бодож байна.

Олон улсын шүүгч А.Басхүү Манайхан 2-3 медаль авах боломжтой

-Чөлөөтийнхөн Азийн наадмын бэлтгэлээ хэр үр дүнтэй хийсэн гэж бодож байна?

-Бэлтгэл ерөнхийдөө хангагдлаа гэж бодож байна. Манай тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, түүний дараа эх орондоо болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улмын тэмцээн гээд ерөнхийдөө байнгын бэлтгэлтэй байсан. Эрдэнэтэд болсон тэмцээний дараа бид үндсэн бүрэлдэхүүнээрээ Сонгины амралтад дөрөв хоног сэргэлтийн бэлтгэл хийсэн. Түүний дараа багш, дасгалжуулагч нар хамтарч, Спортын төв ордонд хамтарсан бэлтгэл хийж байлаа.

-Хэдэн медаль авах боломжтой гэж тооцоолж байна?

-Өмнөх Бусаны наадмаас манай эрэгтэйчүүд нэгалт, нэг хүрэл, эмэгтэйчүүд гурван хүрэл медаль хүртэж байсан. Энэ удаа энэ амжилтаа батлах, ямар ч байсан 2-3 медаль авах боломжтой гэж бодож байгаа.

Ардын эрх сонин 231 /509/
Б.Бадмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button