Иргэн бүр нэг буу импортлон, өмчлөх эрхтэй

Монгол Улсын хэмжээнд байгаа галт зэвсгийг тоолж дуусчээ. Энэ тухай Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Ганболдтой ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн галт зэвсэг тоологдоод байна вэ?

-2006 онд нийслэлийн хэмжээнд 6870 галт зэвсэг бүртгэгдээд байна. Нийслэлийн дүүргүүдэд бүртгэгдэж байгаа галт зэвсгийн тоо жилээс жилд өсч байна. Тухайлбал, өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 4284 галт зэвсэг бүртгэгдэж байсан.

-Иргэд, байгууллагад эзэмшүүлэх галт зэвсгийн тоонд хязгаарлалт тавьдагуу. Сүүлийн үед галт зэвсэг ашиглан хүний аминд халдсан хэрэг цөөнгүй гарах боллоо?

-Хязгаарлалт тавьдаггүй. Харин галт зэвсэгт нь тохируулан зохих зөвшөөрлийг олгодог.

-Галт зэвсгийг ямар ямар зориулалтаар эзэмших зөвшөөрөл олгодог юм бэ?

-Иргэнд ан агнуур, спорт сургалт, цуглуулгын зориулалтаар, харин хуулийн этгээдэд харуул хамгаалалт, спорт сургалт, цуглуулга, үзмэр, урлагийн тоглолтын зориулалтаар өмчилдөг.

-Иргэд биеэ хамгаалах зориулалтаар буу эзэмшиж болдог уу. Том компанийн захирлууд бүгд л буутай гэдэг?

-Хувь хүн биедээ гар буу, хийн болон үрлэн сумтай буу өмчилж хэрэглэхийг хуулиар хориглодог. Хамгаалалтын алба байгуулаагүй тохиолдолд хуулийн этгээдэд ч галт зэвсгийн зөвшөөрөл олгохгүй.

-Хил гаалиар иргэд галт зэвсэг оруулж ирж болох уу?

-Улсын хилээр нэг удаа нэг галт зэвсэг нэвтрүүлэхийг Монгол улсын иргэнд зөвшөөрдөг. Хамгийн гол нь эрх зүйн бүрэн чадамжтай, ял шийтгэл эдэлж байгаагүй хүн байх ёстой. Оруулж ирсэн галт зэвсгээ зөвхөн өөрөө өмчлөх тохиолдолд эзэмших зөвшөөрөл олгоно. Харин сум нэвтрүүлэхийг хориглодог.

-Худалдаж авах тохиолдолд хаана хандаж болох вэ?

-Иргэд галт зэвсгийг өмчлөхөөр хүсэлт тавихдаа галт зэвсэг хаанаас худалдаж авах вэ гэж асуудаг. Одоо мөрдөж байгаа Галт зэвсгийн тухай хуулинд заасан журмын дагуу галт зэвсэг худалдаалах төв байдаг. Одоогоор хотод Хорсмен клаб, Асе трэвел гэсэн хоёр компани тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр галт зэвсэг, сумыг хотод худалдаалж байгаа. Дээрх компаниудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих журмаар галт зэвсэг худалдаж авахыг иргэдэд зөвшөөрнө. Худалдаж авангуутаа цагдаагийн байгууллагад хандаж, эзэмших зөвшөөрөл аван, бүртгүүлэх ёстой.

-Галт зэвсгээ бүртгүүлэхдээ ямар ямар баримт бичиг бүрдүүлэх ёстой байдаг вэ?

-Иргэн хүн иргэний үнэмлэхийн хуулбар, 3×4 хэмжээтэй гурван хувь цээж зураг, галт зэвсэг
эзэмшихийг хүссэн өргөдөл, ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тогтоосон цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг галт зэвсгийн марк, дугаар, төрөл тодорхойлсон баримт болон хоёр ширхэг сумны хамт авчирч бүртгүүлэн, эзэмших зөвшөөрлөө авна. Хүнд болон онц хүнд гэмт хэрэгт, эсвэл галт зэвсэг ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ял шийтгэлгүйд тооцогдоогүй байгаа болон архаг архичин, мансуурах донтой гэж тооцогдсон хүнд галт зэвсэг өмчлөх, эзэмших, зөвшөөрөл олгодоггүй.

-Эзэмших зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, гэрчилгээ аваагүй иргэнийг 30 мянга хүртэл, албан тушаалтныг 30-60 мянга хүртэл, хуулийн этгээдийг 50-150 мянга хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ оногдуулдаг. Эцэст нь галт зэвсгээ бүртгүүлээгүй байгаа бол арванхоёрдугаар сарын 15-ны дотор амжиж бүртгүүлээрэй гэдгийг тэмдэглэе.

Ардын эрх сонин 231 /509/
Ц.Эрдэнэцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button