Агросервис 615 сая төгрөгөөр зарагдлаа

Сүүлийн үед төр цөөнгүй өмчөө хувьд гаргаад байна. Тэдгээрийн нэг бол Агросервис. Авиахимийн үйл ажиллагаа эрхэлдэг энэ нислэгийн компанийг өчигдөр нээлттэй дуудлага худалдаагаар зарсан юм. Энэ талаар Төрийн өмчийн хорооны Менежментийн хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Агросервис компанийн нээлттэй дуудлага худалдаанд хичнээн компани оролцож, хэн хэдэн төгрөгөөр авав?

-Дуудлага худалдаанд гурван субьект оролцсон. Хоёр хувь хүн, нэг компани нээлттэй дуудлага худалдаанд оролцлоо. Дуудлага худалдаа ямар ч булхайгүй шударга явагдсан. Агросервис компанийг 383 сая төгрөгөөс эхэлж дуудлага худалдаанд оруулсан. Ингээд Моннис компани 614 сая 915 мянган төгрөгөөр тус компанийг авлаа.

-Энэ компани хэр ашигтай ажиллаж байсан бол?

-Агросервис бол нислэгийн компани. Гэхдээ хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэггүй. Зөвхөн хортон устгах ажил эрхэлдэг. Сүүлийн үед захиалагч бага байсан учраас ашиг муутай ажилладаг байсан. Энэ жилийн эхний есөн сарын байдлаар 55-хан цагийн нислэг үйлдэж, 17 сая төгрөгний ашиг олсон байсан. Уг нь хүчин чадлаараа бол 800-1000 цагийн нислэг үйлдэх боломжтой.

-Моннис компани энэ чиглэлээр ажиллуулах болов уу?

-Тэгэх байх гэдэгт итгэлтэй байна. Үйл ажиллагааг нь өөрчлөхгүйгээр менежментийг сайжруулаад бүр хүн тээврийн нислэг ч үйлдэж болно.

Ардын эрх сонин 231 /509/
Ж.Сүрэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button