Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар үндэсний хэмжээнд хуран чуулж байна

Эх нялхсын эндэгдлийг энэ байдлаар цаашид бууруулж чадвал Мянганы хөгжлийн зорилтод хүрэх нөхцөл бүрдэх юм.
Жирэмсний хяналт, эхчүүдийн амрах байранд амарсан эхчүүдийн тоо, жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгслийн хангамж, ерөнхий боловсролын сургуульд хичээл заах багш нарын хангалт нэмэгдэж, охидын төрөлт, жирэмсэн эхчүүдийн дундах цус багадалт буурах зэргээр үндэсний хөтөлбөрийн гол шалгуур үзүүлэлтүүд хугацаанаасаа өмнө биелэгджээ.

Ийнхүү нөхөн үржихүйн эрүүл мэндийн Үндэсний хөтөлбөр 2002-2006 онд амжилттай хэрэгжүүлээд хугацаа дуусаж байгаа тул ололт амжилт, сургамж, ажлаа дүгнэн, цаашдын хэрэгцээ шаардлага, тулгамдсан бэрхшээл, асуудлыг хэлэлцэн, дараагийн шинэчилсэн хөтөлбөрөө бодлогын түвшинд боловсруулахаар салбарын мэргэжилтнүүд хуран цугларсан байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн Үндэсний 4 дүгээр бага хурал Төрийн ордонд бүтэн хоёр өдөр үргэлжилж өнөөдр өндөрлөнө. Уг хурлаар НҮЭМ-ийн Үндэсний 3 дахь шинэчилсэн хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, үндэсний зөвшилцөлд хүрэх, НҮЭМ-ийн эм хэрэгслээр тогтвортой хангах стратегийг хэлэлцэж тохиролцох гэсэн үндсэн хоёр асуудлаар ярилцаж байна.
НҮЭМ-ийн үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжихэд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол-Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банкны НҮЭМ, эсэн мэнд амаржихуйн болон эхийн эндэгдлийг бууруулах хөтөлбөр, төслүүдийн арга зүйн болоод санхүүгийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж НYБ-ын ХYн амын сангийн хэвлэлийн ажилтан мэдээлсэн юм.

Уг бага хурлыг Монгол улсын Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү бага хуралд төрийн болон төрийн бус иргэний нийгмийн сүлжээ байгууллагууд, , аймаг, сумын зарим засаг дарга нар, эрүүл мэндийн газар, холбогдох байгууллагуудын эмч, мэргэжилтэн, бодлого боловсруулагч зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Ж.Алт
/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button