Ард түмэндээ төр итгээд үзэх хэрэгтэй

-Саяхан бүх ард түмний их хуралдай болоод өнгөрсөн. Энэхүү хурал болох зайлшгүй шаардлага байв уу?
-Ард түмний төлөөлөл төрд байх ёстой гэдэг үүднээс нь хандвал энэ бол болох ёстой л явц Улсын үндэс буюу төрийн хар хайрцагны бодлого Yндсэн хуульд зайлшгүй тусгагдсан байх ёстой. Одоо мөрдөж буй үндсэн хуульдаа бид энэхүү Улсын үндэс гээчийг тусгаж өгсөнгүй. Зүгээр л иргэн хүн эрх чөлөөтай байх ёстой гээд заагаад өгчихсөн. Эрх чөлөө гэдэг нь яаж хэрэгжиж, тухайн хүн ямар үүрэг хариуцлага хүлээх юм, төрийн залгамж бодлогын шинж чанар яаж хадгалагдах ёстой юм бэ гэдгийг Yндсэн хуульдаа оруулаагүй. Yүнээс болж олон замбараагүй үйл явдал болж улс төр хямран, Монгол Улсыг улс гэж хэлэхэд хэцүү болоод байна. Жишээлбэл, Япон, Америк зэрэг улсууд яаж амжилтад хүрсэн гэхээр эхлээд Улсын үндэс гэгчийг тодорхойлж хуульдаа тусгаж өгсөн. Түүгээрээ дамжуулан жирийн иргэнээсээ аваад улс төрийн томчууд хүртэл ямар юмыг гавьяа байгуулах гэдэг юм, улс үндэстний эв нэгдэл гэж юу юм, үнэт зүйл нь юу байх ёстой, үндэсний баатар гэж ямар байх юм гэх мэтчилэнгээр бүх юмаа тодорхой болгодог. Yнэндээ бол манайхан үндэсний эрх ашиг гэж юу юм бэ гэдгээ одоо болтол тодорхойлж чадахгүй маргалдаад л сууж байгаа шүү дээ.

-Тэгэхээр энэ бүх асуудлыг цэгцлэх, томьёолох нэг ёсондоо мэргэжлийн улс төрчид Монголд байхгүй гэж та хэлэх гээд байна уу?
-Тийм шүү. Мэргэжлийн улстөрч байхгүй. УИХ, Засгийн газар, ерөнхийлөгчийг сонгоход сонгох, сонгогдох зарчим байнга алдагддаг гэж хэлэхэд болно шүү дээ. Yүнээс гадна сонгох, сонгогдох ёс зүйн нийгмийн ухамсар байхгүйтэй энэ бүхэн холбоотой. Энэ чинь л улсын үндэс гэгч гол зарчимтай болохыг шаардаад байгаа юм. Yүнийг би 16 жилийн турш хэлсэн дээ. Энэ улсын үндсээс төрийн ёсыг гаргаж ирдэг юм.

-Улсын үндэс гэж та их хэллээ. Ер нь улсын үндэс гэж яг юу юм бэ?
-Монгол Улсын төрийн шинж чанар ямар байх юм. иргэд, тэдний боловсрол ямар байж төрөөс түүнийг хэрхэн дэмжих ёстой юм, ямар зүйлийг сайн, муу гэж хэлэв гээд бүхэл бүтэн философи байх ёстой. АНУ-ын улсын үндэс нь прагматик философи гэж байдаг. Тэдний үнэт зүйл нь хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, ардчилал, бурхан, би гэдэг үзэл байдаг. Монголчууд Чингис хааны үед Улсын үндэс гэгчийг маш өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан учраас дэлхийн гүрэн болтлоо хөгжиж, хүчирхэгжиж чадсан юм.

-Бид Чингис хаанаа их судаллаа. Энэ жил л гэхэд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэлээ шүү дээ?
-Тэмдэглэх ёстой. Гэхдээ хөшөө босгож, эрт балрын өнгөрсөн үеэ санагалзан гутрах гэж биш тухайн үед бий болгон мөрдөж байсан улсын үндэсийн гүн ухааныг нь судлан авах ёстой. Хэдийгээр өнгөрсөн үеийн гэх ч энэ цаг үетэй нийцүүлэн авах зүйл олон бий. Төрийн бодлого хуучирна гэж байдаггүй, харин мартагдах нь бий шүү. Чингисийн тухай түүхэн үйл явдлууд нь кино болон үлдэхэд юу нь муу байхав. XIII зуунд НYБ, НАТО байхгүй байхад дэлхийд хүчирхэг аугаа улсыг хоромхон хугацаанд байгуулсан тэр их хурд, хүч, тэсрэлт, зохион байгуулалтаас өнөөдөр бид суралцах ёстой. Энэ бол зөв цэгцтэй бодлого, хурдан шуурхай хэрэгжилт, хамгийн гол нь хурд байсан шүү дээ. Yүнээс бид Улсын үндэс гэдгийг нь аваад үндсэн хуулиндаа оруулаад өгчих л хэрэгтэй байна.

-Одоо бид түүнийг авч хэрэгжүүлэхэд үр дүн юу байх вэ?
-Хамгийн гол нь одоо бид хичнээн цөөхөн ч гэсэн энэ аварга том хоёр гүрний дунд улс шиг улс болж, онцгой үед хүн төрөлхтний соёл иргэншлийг удирдах чадвартай тийм улс байх ёстой. Хамгийн гол үр дүн нь энэ юм даа.

-Гэтэл бид өнөөдөр бүх ард түмний хуралдай гээд олон иргэний хөдөлгөөндөө дарагдаад сууж байна шүү дээ?
-Бүх ард түмний хуралдайг ард түмнийг төлөөлж чадахгүй гэж улс төрчид маань үзэж байсан. Цаана нь дэмжиж, үгээ хэлэх юмсан гэж хүссэн олон хүн байсан шүү дээ. Зөвхөн цөөхөн хүн гэж үзэх юм бол эндүүрэл, том алдаанд хүрнэ. Ер нь аль аль тал нь үүнд үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй. Төр багахан алдаанаас болж мөн чанараа алдан ард түмнээ дарангуйлагч болж хувирдаг. Yүнээс гадна ард түмний утга учиргүй тэмцэл ч бас төрийн хүч чадлыг сулруулж ганхуулдаг. Тэгэхээр тэмцэж, тэмцэлдэж буй хоёр талууд зөвшилцөх, хэн нь үнэн, хэн худал яриад байгаагаа баримттай нь гарган тавих хэрэгтэй байна.

-Монголчуудад ажил өгөхөөр нэг хоёр өдөр хийж байгаад орхиод алга болчихдог гэсэн үг байх. Энэ талаар таны бодол?
-Өнөөдөр Монгол Улсад цалингийн бодлого алдагдсан гэж хэлэхэд болно. Монгол хүн 60-80 мянган төгрөгийн цалин аваад барилгын хар бор ажлыг нь хийж байхад хамт ажиллаж буй хужаа 400-500 мянган төгрөгийн цалин авч байгаа шүү дээ. Хийдэг ажил нь адилхан. Авдаг цалин нь тэнгэр газар шиг ялгаатай болохоор ямар ч хүн дургүйцэнэ биз дээ. Барилга дээр ажиллаж буй монголчуудыг тэнэг гэж боддоггүй л байлтай. Гадаадад явж байхад монголчуудыг ямар ч салбарт авч ажиллуулах их сонирхолтой байдаг нь мэдэгдсэн. Монголчууд бол үнэхээр хөдөлмөрч ард түмэн.

-Намууд сонгуульд өрсөлдөхдөө ажлын байр бий болгож цалин нэмнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгадаг шүү дээ?
-Гэхдээ дотооддоо ажлын байр бий болгоно гэхээсээ илүүтэй Солонгос явуулна, гадаадад ажиллах хүч гаргана, зуучлана гээд МАХН-аас сонгуулийн сурталчилгаа л хийж байсан шүү дээ. Гэтэл хүн болгон Солонгос, Америк яваад ажиллаад байх сонирхолгүй. Ямар ч хуулийн, нийгмийн хамгаалалт байхгүй оронд очиж ажиллана гэж хэн дурлах юм бэ. Гадаадад монголчууд зөвхөн мөнгөний төлөө л очиж ажиллаж байгаа нь нууц биш шүү дээ. Дотооддоо бид иргэддээ ажиллах нөхцөл бололцоог нь хангаад хууль эрх зүйн орчинг нь зөв зохистой бүрдүүлж гэрээ шаардлагаа өндөр тавиад төр итгэл өгөөд үзэх хэрэгтэй байна шүү дээ.

-Гэтэл цалин өндөр ажилд орохын тулд нөгөө авилга чинь газар авна биз дээ?
-Төрийг ганхуулж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ л дээ. Жишээ нь, Х.Баатарын 100 гаруй сая төгрөгийн хандив гээчийн асуудал байна шүү дээ. Тэгэхээр нам маань хандив нэхээд авилга аваад улс төр хийж байна гэж ойлгоход болохоор болчихсон байна шүү дээ. 1994 онд С.Зориг агсантай энэ талаар ярилцаж байсан. Ер нь нэр томьёололын хувьд авилга гэдэг нэрийг Монголд хэрэглэхээ болих хэрэгтэй. Коррупци гэж нэрлэх хэрэгтэй юм. Авилгатай тэмцэх олон арга бий. Тэмцэхийн тулд төрийн түшээд эхлээд ард түмэндээ итгэгдэх ёстой. Нэг бол ард түмний төлөөлөл авилгын эсрэг тэмцэх байгууллагыг хянадаг байх хэрэгтэй.

-Газрын лицензийн асуудлын талаар их маргаж байна. Таны бодлоор бид энэ асуудлыг яаж цэгцлэх хэрэгтэй вэ?
-Ашигт малтмалын нөөц дундардаггүй ундарга биш. Дэлхийн нөөц шавхагдаж буй энэ үед ашигт малтмалын үнэ улам өсөх магадлал их бий. Иймээс бид лицензийг бодлогогүй олгох явдлыг аль болох багасгах тал дээр анхаарах хэрэгтэй гэж би боддог. Бидний энэ үеэс хойч үед маань үлдэх өв хөрөнгө бол энэ. Улсад иргэдэд маань өнөөдөр үнэхээр ашиг тусаа өгч чадах хэдхэн гол ашигт малтмалын ордоо түшиглэн үйлдвэрлэл хөгжүүлээд бусдыг нь монголчуудын хэлдгээр үүцлэх л хэрэгтэй байна.

-Өнөөдөр газар хувьд шилжлээ. Yүнээс улбаалаад газраа гадаадынханд зарчих вий гэсэн болгоомжлол их байх юм. Ялангуяа хятадуудад?
-Болгоомжлох асуудал их бий л дээ. Хятадуудын хувьд МЭӨ 2550 оноос эхлэн монголын газар нутгийг авахын төлөө тэмцэж эхэлсэн байдаг. Түүх сөхвөл Монгол, Хятад хоёрын хооронд өрнөсөн бүхий л тэмцэл газрын төлөө байсан. Тийм ч учраас Монголын төрийн гол бодлого нь газар бол улсын үндэс гэсэн философи байсан шүү дээ. Өнөөдөр нийгэм хөгжиж хүн болгон өмч хөрөнгөтэй байх сонирхолтой боллоо. Нэгэнт хувьдаа авсан өөрийн өмч хөрөнгөө зарж үрэх нь иргэн хүний асуудал болж хувирлаа. Гэхдээ иргэндээ итгэж хувьчлах хэрэгтэй. Зарах шилжүүлэх асуудлыг нь хуулиар нарийн зохицуулж хууль зөрчсөн тохиолдолд хурааж авах нь төрд үлдэх гарц шүү дээ.

-Тэгэхээр хөдөөний малчид газраа яах вэ гэдэг их хэцүү. Жишээ нь малын бэлчээр энэ тэр гээд?
-Yүнийг бас л уламжлалт бодлого руугаа оруулах хэрэгтэй байна. Манайхан малаа фермерийн аж ахуйд шилжүүлнэ. Тэжээлийн ургамал тариад тэгээд болно гээд яриад байгаа. Yгүй ээ. Тэр болохгүй. Тэгэх юм бол монголын мал дуусна. Ямар ч бололцоо байхгүй. Монгол мал бол өөрөө яваад бэлчээртээ гараад хоолоо олж идэж байх ёстой. Yүндээ ч зохицсон байдаг. Yүнийг бурхан бүтээсэн бөгөөд Чингис хаан Мөнх тэнгэрийн хүчинд бий болсон юм шүү гэж хэлсэн байдаг.

-Та ард түмнээ өмчтэй болго гэж байна. Гэвч аль ч төрийн үед газар төрийн өмч байсаар ирсэн?
– Газрын хамгаалалтын асуудлыг л төр хариуцах ёстой. Харин газар өмчлөх гэдэг бол өөр. 1924 онд ван, гүнгийн эрх мэдлийг хязгаарлаж, газрыг төрийн мэдэлд болгосон байдаг. Хэчнээн тэгж төрийн мэдэлд газрыг авсан ч 440 гаруй км газрыг харьд алдчихсан байдаг шүү дээ. Газар ард түмний мэдлээс хөндий байна гэдэг байж болохгүй зүйл. Өнөөдөр ард түмэн өмчгүй учраас сүйрч байна. Хөдөөнийхөн малаа зараад хотод ирж ядуурч байгаа нь үнэн шүү дээ.

-Тэгэхээр бидэнд хөгжлийн өөр ямар гарц байна вэ?
-Монгол бол аялал жуулчлал хөгжих хамгийн ирээдүйтэй орон. Байгалийн баялагаа ухаад авчихгүй байлгаж л чадвал энэ чиглэлийн бизнес хөгжих таатай хөрс суурь бидэнд бий.

-Өнөөдөр алтны компаниудаас гадна алт ухаж буй нинжа нар газрыг маш их сүйтгэж байна. Энэ юунаас үүдэн бий болов?
-Энэ бол зах зээлд шилжихдээ иргэд өмчгүй болсноос үүдэлтэй юм. Хамаг юмыг нь социализмын үед нийтийн хөрөнгө нэрээр хураан авч өмчгүй болгосны үр дагавар нийгэм солигдоход ийнхүү эмзэгээр бий болж маш олон иргэд ядуурсан. Yүнээс гадна социалист нийгмийн үед бэлэнчлэх сэтгэлгээ хүмүүсийн сэтгэхүйд бий болсон. Энэ нь эргээд амар хялбар аргаар баяжих сонирхлыг төрүүлдэг. Өнөөдөр бид өнгөрсөн нийгмээс үлдсэн алдааг засах гэж явсаар төрөө улам бүр туйлдуулж байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button