Эргэцүүлэн бодож зэрэгцүүлэн жишихэд

Өнөөдөр бидний биедээ авч яваа иргэний үнэмлэхний нэрийн өмнө ухаалаг гэдэг үг нэмэгдсэнээр монголчууд иргэний бүртгэл мэдээллийн хоцрогдсон өнөөгийн загвараас ангижирч цаг, мөнгө хэмнэн хүнд суртлыг арилгаж нэг үгээр шинэ эдийн засаг авч ирэхтэй эн дүйцэхүйц үр дүн өгөх юм гэнэ. Их эвслийн Засгийн газрын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн нэрлэснээр Цахим засаглал мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр манай улс гурваас тав дахин баян болж чадахыг тэр нэгэн семинарын үеэр хэлсэн нь бий. Энэ зүгт иргэн миний хувьд эрэгцүүлэн бодож, зэрэгцүүлэн жиших зүйл байна. Юутай ч хуучин улаан паспортыг сольж эхэлснээс хойших замыг эргэж харвал сонин, содон баримт бишгүй хөврөнө. Уг паспортыг бас л богино хугацаанд солихоо мэдэгдэж байсан бол өнөөдрийг хүртэл зуун хувь хэрэгжсэн гэдэг баттай мэдээлэл гараагүй байна.

Уг паспортыг солиход тэрхүү паспортод бичигдсэн гол гол тэмдэглэлүүдийг үндэслэн одоогийн иргэний үнэмлэхэд бичлэг хийж байгаа. Ухаалаг иргэний үнэмлэх үүнээс эрс өөр. Бүх иргэдийн хурууны хээ, нүдний солонгон бүрхүүл, цусны бүлэг, нүүрний био мотрик гээд анкетын бүх асуултуудыг багтаасан мэдээллийн төв сан, тэдгээрийг шингээсэн карт хийж хэрэгжүүлнэ гэдэг мөрөөдлөөр биелчихгүй нь мэдээж.
Улаан паспортыг иргэний үнэмлэхээр солиод заасан загварын дагуу зураг авахуулахаас эхлээд паспортаа гээсэн, үрэгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, гэрлэлтийн баталгаагаа тэмдэглүүлээгүй гээд замбараагүй явдал их байснаас энэ ажилд хичнээн ташуур өгөөд ч урагш олигтой явахгүй байсныг бид мартаагүй. Ийм сургамж байсаар байтал ухаалаг иргэний үнэмлэхийг 2008 онд багтаан солихоор хэн, юуны учир сэрүүн зүүдлээд байна хэмээн иргэний хувьд сонирхон холбогдох нийтлэл, нэвтрүүлгийг уншиж, сонсч бас чиглэлийн ажил эрхэлдэг хүмүүсийн санал, сэтгэгдлээс сонсч байхад эргэцэж тээнэглзсэн бодол төрсөөр. Нэгэнт уг сэдвийг хөндөж байгаагийн учир Засгийн газрын 1999 оны 167 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын иргэний үнэмлэх, бүртгэлийн дүрэм-ийг эргэж харлаа.
Уг дүрэмд Монгол Улсын иргэний үнэмлэх авах өргөдөл, маягт хэвлүүлэх, иргэний үнэмлэх шинээр болон дахин олгох, түүнд хөдөлгөөн тэмдэглэл хийх, иргэний үнэмлэх олгосон материалыг архивт хадгалах, байгууллага, хувь хүнд лавлагаа, тодорхойлолт өгөх, зөрчил гарсан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх асуудлыг иргэний бүртгэл мэдээллийн байгууллага хариуцна гэж заажээ. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэнтэй холбоотой гол гол бичиг баримтууд мэдээ лавлагаа, архив, нууцлалын асуудлыг ХЗХД-ийн яам, түүний харьяа, ИБМУТ, зохицуулж байгаа нь энэ журам, дүрэмд нийцэж байна. Гэтэл ухаалаг иргэний үнэмлэх олгох асуудал дээрхи байгууллагуудад тийм ч их хамааралтай биш бололтой.

Иргэний бүртгэл, мэдээллийн зөрчлийг арилгаж ухаалаг иргэний үнэмлэх олгох бэлтгэл ажилд нь оролцох төдийхөн үүрэг гүйцэтгэх юмуу даа гэмээр. Төр бол нийгмийн тогтолцооны төв байж иргэдийнхээ төлөө хуулийн дагуу ажиллах учиртай. Гэтэл энэ зорилго ард түмнээс хамааралгүйгээр цөөхөн хүний эрх ашгийн үүднээс замын дунд гацаж хазайгаад байгаа олон жишээний нэг тал бас л эндээс харагдаад байна. Зарим баримтыг эргэж харваас 2004 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнээ байгуулахдаа Монголын харилцаа холбооны компани болон МЦХ-ны чиглэлийн байгууллагуудыг хариуцан ажиллах ёстой мэдээлэл харилцаа холбоо технологийн газар гэдгийг шинээр бий болгож шууд Ерөнхий сайдын харьяанд байхаар үүргийн хуваарилалт хийж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Өнөөдөр энэ байгууллага ажлын чиг үүргээ 180 градус эргүүлж дээр дурдсан яам, агентлагийн ажлыг шүүрч аван Монгол Улсын бүх иргэдийн иргэний үнэмлэхийг шинэчилж ухаалаг цахим карт-ыг бид хийнэ хэмээн хөөрцөглөцгөөж хурал, семинар зохион байгуулах, хэвлэл мэдээллээр сурталчилах ажлыг гардан явуулсаар. Хэрвээ дүрэм журмаа мөрдөж хууль зүйгээ хүндэтгэдэгсэн бол энэ асуудлыг ХЗДХ-ийн яам, түүний харьяа ИБМУ-ын төв, гадаад хэргийн яамны консулын газар гэхчилэн энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд иргэний үнэмлэх шинэчлэх саналаа боловсруулан Засгийн газартаа асуудал оруулж улмаар УИХ-ын холбогдох байнгын хороогоор дамжуулан УИХ-аар хэлэлцэн Yндэсний аюулгүйн зөвлөлд танилцуулж шийдүүлсэний үндсэн дээр өргөн цар хүрээтэй уг ажлыг хийж эхлэх учиртай. Иргэдийн холбогдох нууц юмны бүх асуудлыг шингээсэн ийм картыг хийж хэрэгжүүлэх нь мэргэжлийн бус компани, хувь хүмүүсийн хийх ажил огт биш гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ чигт өнөөдөр дэлхийн олон орон анхаарал тавьж байгаа нь бодит үнэн. Ой санамж шингээсэн карт буюу ухаалаг иргэний үнэмлэхийг хийж хэрэгжүүлэхэд нэлээд их хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарагдах аж.

Энэ бүхнийг анзаарч уг ажлыг хэрэгжүүлэхдээ хэзээ, яаж, хэрхэн гэдэгт ул суурьтай хандахгүйгээр аль болохоор хурдавчлах замыг сонгоод байгаагийн цаана юу нуугдаж байна вэ. Цэвэр бизнес, мөнгө санхүүгийн эрх ашгийн үүднээс энэ ажлыг яаравчлуулаад байна уу даа гэмээр.

Цахим засаглал мастер төлөвлөгөөнд нийт дөрвөн үндсэн бодлогын чиглэлээр 22 төсөл тусгагдсаныг хэвлэлээр мэдээлсэн. Эдгээрээс зөвхөн техник, тоног төхөөрөмжид гэхэд л 10-15 тэрбум төгрөг зарцуулагдах тухай чих дэлсэв. Ухаалаг иргэний нэг үнэмлэх ойролцоогоор 8-10 мянган төгрөгт багтаж гарах төлөвтэй.

Бушуу туулай борвиндоо баастай гэж ард түмэн зүгээр ч нэг хэлчихээгүй болов уу. Yүнтэй уялдуулан ойр зуурын ганц нэг жишээ авахад Монголын нэртэй арилжааны банкууд бүгд виза, мастер карт гаргацгаасан. Банкнуудаас үүнд зориулж гаргасан мөнгө, хийсэн сурталчилгаа багадаагүй. Гэтэл амьдрал дээр энэ картаар үйлчилгээ хийлгэдэг газар тун цөөн. Одоогоор Улаанбаатар хотын их тойргоос цааш энэ картаар үйлчлүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Энэ нь манайханд ийм картыг ашиглахад сэтгэл зүйн бэлтгэл байхгүй, дэд бүтцийн хөгжил сул, олны сэтгэлд хадгаламжийн дэвтэр хэмээх нэр томьёо давамгайлсаар байгаатай шууд холбоотой.

Ой санамж бүхий ийм карттай болохоор олон орон зорьж байгааг дээр дурдсан. Yүнтэй холбогдуулан бас нэг жишээ авахад Англи улс 2012 оны Лондонгийн олимпоос өмнө өөрийн бүх иргэдийг ой санамж бүхий иргэний үнэмлэхтэй болгож бүх мэдээллийг төрийн мэдээллийн төв ДАТА-БАЗ-даа байрлуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Төрийн энэ мэдээллийн сан нь тусгай хамгаалалтын статусын дор байдаг. ДАТА-БАЗ-аас мэдээлэл авах, оруулах асуудал маш нарийн дэг журмын дагуу явагддаг аж. Ийм төслийг Монголд хэрэгжүүлэхээр бол хууль, эрх зүйн талаас бүх зүйлийг ахин дахин эргэн шалгаж шаардлагатай гэж үзвэл Герман, Англи мэтийн энэ чиглэлээр арвин дадлага хуримтлуулсан улс орнуудаас туршлага судалж ерөнхий мэдээллийг ард түмэнд нээлттэй хүргэж улмаар уг ажлыг хэзээ хэдэн онд ямар үечлэлтэйгээр, ямар өртөг зардалтайгаар хийх вэ гэдгийг нэг мөр болгосны дараа гүйцэтгэх нь зүйд нийцмээр. Энэ ажилд хөндлөнгөөс оролцож бүхнийг хариуцахаар болоод байгаа Монголын мэдээлэл харилцаа холбооны газрын хийх ёстой ажил өнөөдөр ямархуу төвшинд байгааг харилцагчид мэднэ.

2008 огтой золготол ганцхан жилийн хугацаа байна. Энэ хугацаанд бүгдээрээ ухаалаг иргэний үнэмлэхтэй болцгоочихнээ. Яаруу давчуу энэ хугацааны цаана 2008 оны сонгууль гэдэг нэг үг сэтгэлд тань бууж байгаа биз. Тийм ээ, сонгуулийн далбаан дор хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхээ эрх ашгийн үүднээс ухаалаг бизнес хийх гэж байгаа хэрэг шүү. Хийх ёстой ажил, гүйцэтгэх ёстой үүргээсээ хальж Цахим засаглал мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр шамдаж байгаа мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын цаана хэн гэдэг нууц ноёнтон хормой тосч суугаа бол.

Ядуу, нэн ядуу иргэдэд ийм үнэмлэхийг үнэгүй олгох сайхан ам бий. Түүнд шаардагдах олон тэрбум төгрөгийг хаанаас гаргахав. Мэдээж улсын төсвөөс. Өөрөөр хэлбэл татвар төлөгч таны өврийг суйлна гэсэн үг. Бүхнийг таниулах ой санамжит карт хэрэгжлээ гэхэд дэд бүтэц ор тас байхгүй хөдөө сум, багуудад уг картыг хэрхэн уншуулах юм. Нөгөө ухаалаг үнэмлэхээ уншуулахаар мянга мянган иргэд аймаг, хотыг зорих хэрэг үү.

Юутай ч Монгол Улс, Монголын ард түмний хувь заяа, эдийн засагтай шууд хамааралтай энэ эрхэм хэрэгт гоомой хандаж болохгүй шүү, эрхэмүүд ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button