Альбин чөтгөртэй анд бололцвол яасан юм бэ

-Ийм хачин бузар див хаанаас хэдийдээ гараад ирэв ээ. Харагдах бараа, сонсдох чимээгүй хэрнээ хөвдөнд унасан оч адил нүүлгэлтсээр нутаг орны маань шим шүүсийг сорж гүйцлээ. Далдын хар малгайг нь сөхөж ил гаргачихаж дийлэхгүйг бодоход үнэхээр бэрх юм байж таараа. Гайхаш тасарч, аргаа барсан олон ийн өгүүлж халаглана. Энэ уул нь цоо шинэ зүйл хараахан биш аж. Гарвал үүслийг нь мөшгөвөл сайн санаа, хүндлэл дээдлэл, өглөг буян, өгөөж хишгийн илэрхийлэл байсан бололтой. Эргэх цагийн орчлыг даган өөрчлөгдөн хувьссаар нэг л цагт түрийний бөөс толгойд гардаг-ийг үзүүлж эрх мэдэл, эд агуурсын шунал тачаалаар хөл залган доншуучилсаар орчлонг бүхэлд нь аалзны шүлс адил торложээ. Энэ бол авилга.

Арван жилийн тэртээх хаврын өдөр. УИХ дээр альбин чөтгөр хэмээн нэрийдсэн авилгын тухай хуулийг батлан гаргав. Илт ажиг сэжиг цухалзсаныг ахиж лавшрахаас нь болгоомжилж, Хурганы үс гуужих-аас өмнө учрыг нь олохын тулд энэхүү хуулийг төрүүлсэн хэрэг. Гэтэл сахил хүртээд шал дорджээ. УИХ-ын ээлжит сонгуулиар хууль тогтоогчдын өндөр сэнтийд заларсан төрийн гурван эрхэм түшээ альбинд алгадуулав. Нэгэн хэсэг сүрхий цочирдсон ч Монголын хууль гурав хоног гэгчээр хэсэг зуур нам болохуй чоно бороонд-ын үлгэр дахин амилав. Эрс хүчтэйгээр эсэргүүцэн босч, хэзээ ч дахин сэхэхгүйгээр даран сөнөхийг тунхаглаж бодсоор, зүүдэлсээр, ярьсаар

Цаг хугацаа жам ёсоороо урагшлана. Түүнтэй зэрэгцэн албин чөтгөр-ийн үсэргэсэн оч, хөвдөн доогуур нүүсээр Бодол, зүүд, яриа чухамдаа чөтгөрийн тухайд биш, түүнтэй хүзүү сээр холбосон хэн нэгнийг хайж олох нэрээр халхавчилсан хардлага, сэрдлэг, хэсэг бусгаар талцсан шөргөлцөлдөөн хэрүүл шуугиан болон хувирав.

Нүгэлтнийг олов гэлцэнэ. Оносон алдсаныг бүү мэд. Дуулианы эзнээр тодорсон нэгэн эр шоронгийн хаалгаар түлхүүлэн ороод сөхрөн унав. Ил гарсан нэгийн цаана нуугдсан хэд байгааг төсөөлж хэлэх арга үгүй.

Удаан дуншсан хууль төрж одоо л нэг хэмээн олноор дуу алдан угтав. Авилгатай тэмцэх байгууллага, хөрөнгө орлогын мэдүүлэг хоёр л амин сүнс нь бололтой. Хувийн бодлоо хэлэхэд авилгатай тэмцэх газар байгуулах нь тарчигхан төсөвт дарамт нэмэхээс цааших нь юу л бол. Төрийн эрхэм түшээдийн цэц булаалдан байгаагаар ажваас энэ байгууллага 90 орчим хүнтэй байхыг олон уу, цөөн үү хэмээн мэтгэлцэж дуулдана. Орон нутагт салбаргүй юм чинь дээ. Гэтэл чамгүй нүсэр нэгэн айл өрх тусгаарлах бололтой. Зөвхөн цалингийн сан гэхэд наана хэлэхэд 180-200 сая төгрөг. Цаана нь орон байр, гэрэл дулаан, ширээ сандал, унаа машин, утас телефон, бичиг цаасны гээд л

Хөрөнгө орлогын мэдүүлэг гэж хэчнээн жил ярьж байна вэ. Хэрэг болж, ач хүргэсэн нь ердөө асуулт хэвээрээ. Тоонд нь мадлуулан налайх зуур авилга гэдэг түймэр улам өргөжсөөр.

Эрхэм түшээд минь ингэж оюунаа цуцааж, цаг үрж, цаас гарздах хэрэг байна уу даа. Нуусан юм илэрдэг, цагдсан юм гаардаг, гамнасан юм дуусдаг гэдэгчлэн баригдах бие, үзэгдэх бараа, сонсдох чимээгүй альбин чөтгөртэй үзүүр төгсгөлгүй битүү замаар чоно тарвагацах-ын оронд анд болж хүж барилцаад хуулийн нэрээс эсрэг гэсэн үгийг хасчихвал яасан юм бэ гэж хэлмээр санагдав.

Авилгын /тухай/ хууль аль ч улс оронд байдаггүй байх. Яахав манайд буй болог. Гайхаж хачирхахаар этгээд сонсдож мэднэ. Түүнийг буруутгах учиргүй ч дэлхийд байдаггүй шинэ жишиг буй болгож болохгүйн учир юу билээ. Бид далд бугласан идээ бээр-авилга хэмээх ад чөтгөр-ийг ил гаргаж цээрлүүлэх цэвэрлэхийг зорьж байна. Анд болж хүж барилцсанаар атгаад авдаггүй юм гэхнээ барааг нь харах боломж нээгдэх юм биш биз.

Төр хяналтдаа авч зохицуулах цаг ч ирж мэднэ. Амьдрал гэдэг хязгааргүй орчин ч зөвхөн эерэг, сөрөгийн уулзвар. Тийм болохоор буй болсон нөхцөл байдлын сайныг нь татаж, саарыг түлхдэг авах гээхийн ухаанаар хандаж тунгаах л хэрэгтэй болно. Монгол Улс Авилгын тухай хуультай болж, дэлхий дахиныг дагуулан авилга хэмээх альбин чөтгөрийг ил гаргаснаар бүрэлгэж сүйрүүлдэг уршгийг нь бүтээж цогцлуулдаг увдис болгон хувиргах ч юм билүү яаж мэдэх вэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button