Ю.ТИМОШЕНКО Украиныг хувирган бойжуулах үйл явц удааширсан, гэвч зогсоогүй

Хатагтай Ю.Тимошенко Германы Die Welt сонинд Орос, Украины хоорондохь харилцаа, Ерөнхий сайдын худал яриа, өөрийн намын зорилгын талаар ийнхүү ярьжээ.

-Виктор Ющенко бараг хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч болсон. Тэр энэ хугацаанд ямар том алдаа гаргасан бэ, таны бодлоор?
-Хэдхэн хоногийн өмнө бид Жүржийн хувьсгал-ын ойг тэмдэглэсэн, тиймээс би түүний талаар ямар нэг муу юм ярихыг хүсэхгүй байна. Хоёр жилийн өмнө Жүржийн хувьсгал ялсан. Ющенко Ерөнхийлөгч болсон. Энэ нь бидний хувьд том ялалт болсон. Бид нийгэмдээ ардчилал, олон ургальч үзлийг, улс орны бодлогод шууд нөлөөлөх боломжийг иргэдэд олгосон. Гэвч 2004 оны сонгуулийн өмнө хийгдчихсэн байсан Yндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн нь бидний хамгийн том алдаа болсон. Yндсэн хуулийн өөрчлөлтийн улмаас сонгуулиас хойш жилийн дараа Ерөнхийлөгч бараг л эрх мэдэлгүй болсон. Ерөнхийлөгч Ющенко эрх мэдлийнхээ зарим хэсгийг Ерөнхий сайдад шилжүүлж өгөх ёстой болоход Ющенко нөхцөл байдалтай гэнэт нүүр туулсан. Шинэчлэл биднийг гацаанд оруулсан. Энэ шалтгааны улмаас Украиныг хувирган бойжуулах үйл явц удааширсан, гэвч зогсоогүй. Ерөнхий сайдын өнөөгийн эрх мэдэл Украинд болж буй өөрчлөлтөд ямар ч нөлөө үзүүлэхгүй.

-Гэвч социалистууд, коммунистууд давамгайлсан Засгийн газрын эвслийг харвал Украин улс Жүржийн хувьсгал-ын өмнөх үед эргээд ирчихсэн юм шиг санагдах юм?
-Нийгэм ийм хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Магадгүй хуучин зарчмуудыг нэвтрүүлэх оролдлого гарч байж болох юм. Хэрвээ ингэвэл замбараагүй байдалд хүргэнэ.

-Ерөнхий сайд Янукович Европын холбоо болон НАТО-той хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж хэлсэн нь аль хэр үнэний хувьтай вэ?
-Ангараг дээр амьдрал илрүүллээ гэж хэлбэл аль хэр үнэн байх вэ. Ямар нэг юм хийж байгаа юм шиг царайлахын тулд шалтаг гаргаж байгаа нь тэр. Янукович Оростой эдийн засгийн нэгдмэл орон зайг бий болгоно гэж сонгогчдодоо амлаад ялалт байгуулсан. Энэ нь бид эргээд зөвлөлт системийн элементтэй харилцаа холбоо тогтооно гэсэн үг. Сонгуулийн өмнөх кампанийн үеэр Янукович Европын холбоо, НАТО-той ойртон нөхөрлөх нь алдаа болно гэж хэлж байсан. Тэр хэзээ үнэнийг хэлсэн юм бэ, тэр үед үү, одоо юу. Түүний өнөөдрийн бодлогыг анхаарч харах юм бол бүх юм тодорхой болно. Янукович Ерөнхийлөгчийн томилсон сайд нарыг халсан. Жишээ нь, өрнөдийн чиг баримжааг дэмжиж байсан Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдыг тэр халсан.

-Та Yндсэн хуулийн шинэчлэлийг буцаахыг хүсч байгаагаа хэлсэн. Энэ нь улс орныг хуваагдахад хүргэх юм биш биз?
-Шинэчлэлийг буцааснаас болж улс орон дахиад хуваагдана гэж би бодохгүй байна. Хүн амын 60 хувь нь дэмжихгүй байгаа бодлого л улс орныг хуваагдал бутралд хүргэнэ. Сүүлийн үеийн судалгааг харж үзэх юм бол хүн амын дөнгөж дөрөвний нэг нь л Янукович улс орныг зөв замаар авч явж байна гэж үзэж байна. Тэгэхээр ардчилал гэж түүнд байна уу.

-Оростой харилцах харилцааг яаж хөгжүүлэх вэ?
-Орос бол бидний нөхөрсөг харилцаатай байдаг хөрш улс. Бид адил тэгш эрхтэй хамтын ажиллагааны төлөө байдаг. Биднийг эрт, орой хэзээ нэгэн цагт идэж болох шагнал гэж үзэхийг бид хүсэхгүй. Бидний харилцаа нягт суурин дээр зогсох ёстой. Том, бага ах дүүгийн хоорондох шиг харилцаа байж болохгүй.

-Та сөрөг хүчнийг нэгтгэж нэгдсэн хөдөлгөөн болгохын төлөө байдаг. Энэ хөдөлгөөнд ямар ирээдүй байх бол?
-Хэн ч аугаа ардчилсан намыг байгуулахыг төлөвлөөгүй байна. Гэвч бид ардчилсан бүх намыг нэгтгэж эвсэл болгохыг хүсдэг. Энэ бол нэгдсэн нам болохгүй. Бүх нам Жүржийн хувьсгал-ын үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрөх нь энэ эвслийн гол болзол байх ёстой. Засгийн газрын явуулж буй бодлогод нааштай хандлага, чиглэл харагдах юм бол бид хамтран ажиллахад бэлэн. Yүнээс гадна бид одоохондоо байхгүй байгаа нийгмийн шударга ёсыг бий болгохыг хүсч байна. Yүний тулд бид ээлжит бус сонгууль зарлаж, Yндсэн хуулийн шинэчлэлийг хүчингүй болгохыг шаардаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button