Гадаадад худалдагдсан бүсгүйчүүдээс 20 нь л эх орондоо иржээ

Дэмий л дотроо амархан аргаар мөнгө олох гэсэн арчаагүй охиныг нь зүхэж хязгааргүй урсах нулимсаа анзаарах чөлөөгүй мэгших ээж. Чи өөрөө эх хүн байж миний охиныг аваад ирж болсонгүй юу. Даанч дээ. Охин минь одоо дөнгөж 19-хөн настай юм шүү дээ. Гэтэл чи түүнийг харсаар байж тэр тамын тогоонд орхиод ирэхдээ зүрх чинь шаналсангүй гэж үү Энэ үгийг захидал бичээд их мөнгө олохоор гадагшаа явсан охины ээж хэлсэн. Түүний охиныхоо араас дэндүү их шаналсандаа ийн харамгүй муу үгийг цацаж харсан бүхнийгээ буруутгаж байсныг мэдэх болохоор дэмий л загнуулаад тайвшрахыг хүлээсэн дээ хэмээснээр бидний яриа эхэлсэн юм. Хүйсийн тэгш эрхийн төвийн дарга Г.Ганбаясах гэхэд хүмүүс андахгүй. Дунд сургуулийн багш мэргэжлээ хүний эрхийн төлөө гэх сэтгэлээр сольсон Г.Ганбаясах эгчид анх аав нь энэ ажлыг хийхийг санал болгосон гэдэг. Тэрбээр хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийг хил дамнуулан худалдаалах, бэлгийн мөлжлөгийн талаар багагүй мэргэшсэн нэгэн юм билээ.

-Сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийн талаар нэлээд их ярих болсон. Бүр зохион байуулалттай гэмт хэргийн тоонд ч зүй ёсоор оруулах боллоо?
-Зохион байгуулалттай гэмт хэргийн үндсэн гурван шинж тэмдэг байдаг. Үүнд бүлэглэсэн бөгөөд хууль бус үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагдсан, маш өндөр ашигтай, улс хооронд буюу олон улсын түвшинд хийгддэг зэрэг. Ер нь хүн худалдаалах гэмт хэрэг гэдэг маш нарийн зохион байгуулалттай бусад гэмт хэрэгтэй гинжин холбоогоор уялдаатай байдаг нь ажиглагддаг. Нөгөө талаар уг гэмт хэрэг дотроо олон төрлийн гэмт хэргийн чанарыг агуулж байдаг. Тухайлбал, хохирогчийн амийг хөнөөх, хүчиндэх, зовоох, тарчилгах, биеийн болон бэлгийн хүчирхийлэл. Энд нэг зүйлийг хэлэхэд хүний наймаанд хамгийн ихээр өртдөг хүмүүс нь хүүхдүүд, эмэгтэйчүүд байдаг. Тэднийг уг гэмт хэрэгт татан оруулдаг зүйл бол амархан аргаар мөнгө олж, баяжна гэсэн гэнэн бодол нь. Тиймээс хэвлэл мэдээллээр хэдэн хүн гадаадад худалдагдсныг зарлах биш түүнээс хэрхэн урьдчилэн сэргийлэх талаар түлхүү мэдээлэх нь чухал байна. Нөгөө талаар тэнд энд биеэ үнэлэгч тийм ийм үнэтэй байдаг хэмээн хэвлэлээр зарлах нь маш буруу зүйл юм. Харин тус улсад нь биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд, охидыг ямар эрсдэл тосч байдгийг гаргаж ирэх нь чухал.

-Таныг хил дамнуулан худалдаалагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн талаар багагүй судалгаа хийсэн гэж сонсч байсан. Судалгаагаа яаж хийдэг юм бэ?
-Сүүлийн 10 гаруй жил охид эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж, тэдний хойноос дөрөв таван улсад очиж байлаа. Зарим охидыг хараагүй ч гэр бүлийнхэн нь байнга ярьдаг, зургийг нь авчирч үзүүлдэг байсан болохоор эчнээ маш сайн таньдаг болчихдог. Ийм л охидын нэгтэй Макаод судалгаа хийн явж байхдаа тааралдсан юм. Харин үргэлж харсаар байгаад бараг таньдаг болчихсон болохоор тэр охиныг харангуут л таньсан. Нэрээр нь дуудаад байхад тэр хүн чинь би биш хэмээн зугтаж байсан охинд ээж чинь чиний хойноос амьдаараа шар махтайгаа хатаж байна. Чи нутагтаа, гэртээ очих ёстой хэмээн нэлээд хөөцөлдсөн. Гэсэн ч хүчрээгүй, намайг хараад л зугтаж байсан. Бүр өнөө ажилдаа дуртай болчихсон, нэг үгээр хэлбэл буруу зам руу эргэлтгүй орчихсон байсан л даа. Гэтэл явах гэж байхад өнөө охин ирж уулзаад би таньтай явахгүй, харин удахгүй гэртээ очно. Тэгээд ээжид хэлчихээрэй гэсэн. Ийм шуударсан хүнд хэлэх ч үг олдоогүй. Дэмий л ирээд ээжид нь охиных нь үгийг дамжуултал ээж нь намайг буруутгаж өөрийн охиноо бол яаж ийгээд л аваад ирэх байсан. Хүний хүн Гюлохоор л гээд гомдоод байсан юм. Харин сүүлд нь өнөө охины ээж надтай ирж уулзаад охин маань ирсэн. Гэхдээ буцаж явна гээд би явуулахгүй гээд арай л хүлэх нь холгүй явна. Одоо л чамайг ойлгож байна. Уучлаарай хэмээгээд явсан ч хэдхэн хоногийн дараа охин нь оргоод алга болчихсон хэмээж билээ.

-Хүн худалдаалах гэмт хэрэг нь томоохон хэмжээний сүлжээтэй байдаг гэсэн?
-Тийм шүү. Энэ сүлжээ нь жижиг хэмжээний бүлэглэлээс ялгаатай бөгөөд гадаадын орнуудын зах зээлийг хангаж байдаг. Энэ бүлэглэлүүд нь хүн худалдах гэмт хэргийн ихэнх аспектууд буюу зуучлах, элсүүлэх, тээвэрлэхээс эхлээд тухайн орны янхны газрууд, гудамжны биеэ үнэлэгчдийг хүртэл хянаж байдаг. Түүнээс гадна зарим нь зөвхөн хохирогчдыг элсүүлэх, тээвэрлэх үйл ажиллагаа ч явуулдаг юм билээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд уг гэмт хэргийг үйлдэгчид дандаа харгис хэрцгий хүмүүс байдаггүй. Тэд ээлжит хохирогчийг сонгоод маш эелдэг, бүр гайхмаар хуурамч ааштай байж маш их зүйлийг амладаг. Үүнд л хохирогчид хууртдаг. Ингэж хууртснаар тэд алддаг. Үүнийг л сайн санаж байх хэрэгтэй. Нэгэнт тэдний гарт өртсөн хохирогчид хүн биш яг л бараа таваар, эд хогшил бүр цаашилбал боол мэт болио. Мөн хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид нь ихэвчлэн 20-50 насны эрэгтэйчүүд байдаг ч сүүлийн үед эмэгтэйчүүд оролцох нь ихэссэн нь түгшүүр төрүүлж байгаа юм. Тэр бүү хэл гадуур явж тандалт хийдэг, мэдээ хүргэдэг бага насны хүүхдүүд ч байгаа гэсэн судалгаа байдаг юм билээ. Харин манай улсад уг хэргийг үйлдсэн ихэнх тохиолдолд элсүүлэгчид нь эмэгтэйчүүд, өмнө нь хохирогч болж байсан охид эмэгтэйчүүд байгаа нь харамсалтай гэсэн. Жилд 1.2 сая хүн өөрийн улсдаа болон харийн нутагт худалдаалагдаж байдаг гэнэ. Мөн олон улсын хүний эрхийн байгууллагаас энэ онд гаргасан судалгаагаар нэг жилд дор хаяж 2.45 сая хүн мөлжлөгийн байдалд хүнд хөдөлмөр эрхэлдэг гэжээ. АНУ-ын Төрийн департментийн мэдээлснээр жилд 600-800 мянган эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаж байгаагаас дийлэнхийг нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалддаг гэсэн байв. Мөн зөвхөн нэг жилийн дотор есөн сая эмэгтэйчүүд худалдаалагдснаас долоон тэрбум долларын ашиг олдог гэнэ. Үнэхээр аймаар, айхаар барахгүй жигшмээр тоо, тооцоо байгаа биз. Гэхдээ эрхэм уншигчдаа энэ бол дэлхийн хэмжээний тоо юм байна. Манайхаас хол юм гээд тайвшрах болоогүй. Хэдхэн жилийн өмнө манайд хэзээ ч ирэхгүй холын зүйл шиг бодогдож байсан энэ бүхэн манайд ирэхээр барахгүй, хаа сайгүй ээлжит хохирогчоо хайн тэнүүчилж байна. Тэд эгээ л үлгэрт гардаг махчин шиг цэцэг цэврүү шиг жаалхан охид, хөвгүүд, бүсгүйчүүд рүү маань улайнд дайрах элээ аятай эргэлдэж байна. Монголчууд жилд дунджаар 700 мянган хүн хилийн дээс алхдгаас 500 мянга нь хятад улс руу, 120 мянга орчим нь солонгос руу, 20 мянга нь АНУ руу, үлдсэн нь бусад орон руу явдаг хэмээн бүртгэсэн байх юм. Харин манай улсад хүний наймаанд өртөж хохирсон монгол иргэдийн тухай нарийн мэдээлэл хаа хаанаа их хомс байдаг бөгөөд 2006 оны байдлаар дөнгөж 20 гаруйхан хүнийг л хилийн чанадаас авчирсан байна. Эдгээр 20 гаруй иргэдийн дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртөж биеэ үнэлж байснаас Туркд ес, Израйлд хоер, Малайзад найман эмэгтэй худалдаалагдсан байсныг авчирсан аж.
Манайхан хацар гоо охид зөвхнн монголд л байдаг хэмээн шүүрс алдсан жуулчны тухай бахархан ярих дуртай хүмүүс. Гэтэл тэр шүүрс алдан шүлсээ залгиад байгаа эрхэм маань өнөө хацар гоо охидыг цөөхөн хэдэн зоос харуулаад л хөтлөөд талийж өгөхөд амаа ангайгаад л үлддэг нь харамсалтай. Үнэхээр харамсаад ч барахгүй уг хэргийн талаар өнөөдрийг хүртэл дуугарч байгаа хүн хэн ч алга гэхэд хилсдэхгүй. Учир нь хэдийгээр манайхан нэг их том дуугарч, эрх энэ тэр хэмээн цээжээ дэлдэн ярих дуртай ч харийн нутагт худалдагдаж тарчилж байгаа бүсгүйчүүд, хүүхдүүдийн талаар төрийн бус байгууллагуудаас өөр дуугарч, хөөцөлдөж байгаа газар ховорхон. Хаа нэг дуулиан шуугиантай хэрэг гарвал шалгаж байна, мөрдөж байна, тодруулж байна гэхээс илүү зүйл хэлдэггүй цагдаагийнхныг эс тооцвол шүү дээ. Харин хүний нутагт бие сэтгэлээрээ тоглуулж арай л амиа алдалгүй ирсэн монгол бүсгүйчүүд нутагтаа ирээд таг чимээгүй болчихдог. Тэдний амыг их үнээр дуугүй болгочихдог талаар эх сурвалж хэлж байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Нөгөө талаар хүний нутагт ч өөрийн нутагт ч амиа алдах хүртлээ хүчирхийлэлд өртөөд л чимээгүй яваад байдаг монгол бүсгүйчүүдийг тэвчээртэй, тэсвэртэй гэж болно гэж үү.

Х.Ганаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button