Г.Чулуунбаатар Тойрогт бус орон нутгийн төсөвт оруулах нь зүйтэй

Энэ бол гишүүдийн хувийн биш ч гэлээ одоохондоо аминчлан ярьж буй дүр зураг. Гэхдээ төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг бий. Тэгэхээр 250 сая төгрөг арай батлагдаагүй гэж хэлж болно. Тиймээс гишүүд тойрогтоо зарцуулахаар мөнгө авч байгаа нь Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэхийг ШУА-ийн
Философийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, судлаач Г.Чулуунбаатараас тодруулсан юм.

-Гишүүд тойрогтоо зарцуулахаар 250 сая төгрөг авахаар төсөвт оруулж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэж хүмүүс ярьж байна. Та энэ талаар саналаа хэлнэ үү?
-Тойрог гэдэг чинь зөвхөн сонгуулийн санал хураах үед хэрэглэдэг нутаг дэвсгэрийн хуваарилалт. Сонгогчдын жагсаалтыг гаргаж, саналыг зохион байгуулж авдаг тэр л үеийн зохион байгуулалт. Гэтэл гишүүд ийнхүү тойрогтоо зарцуулахаар мөнгө авч байгаа нь яав ч зохимжтой биш. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн бол хууль санаачлах, батлах үүрэгтэй. Тэгэхлээр 250 сая төгрөгийг орон нутгийг хөгжүүлэх гэсэн зориулалтаар өгч байгаа юм чинь гишүүдээр дамжуулан өгдгийг болих хэрэгтэй л байхгүй юу. Тухайн орон, нутгийн төсөв захиран зарцуулахад зориулалтаар нь оруулчих шаардлагатай юм. Эс тэгвээс гишүүд өөртөө авах гэж байгаа юм шиг хүмүүсийн дургүйцлийг төрүүлээд байна. Уг нь бол гишүүдэд тэр мөнгө огт ирдэггүй, тийм зүйлд зарцуулья гэсэн саналаа өгдөг юм билээ. Тийм учраас тойрог бүрт гэдэг томьёоллыг нь өөрчлөөд тухайн орон нутагт зохих төсвөөр нь дамжуулан оруулбал болно.

-Төсөвт үүнийг орон нутгийг хөгжүүлэхэд гэсэн томьёоллоор орж байгаа юм билээ.Өмнөх жилийнх шиг шадар сайдын багцад байлгах талаар юу гэж хэлэх вэ?
-Төсөв бол тодорхой шүү дээ. Засгийн газар, сайдын үгүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын багц гэж байгаа. Тэд үүнийгээ захиран зарцуулдаг. Хуульдаа тийм юм. Харин гишүүн тэнд тэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гэдгийг л хэлдэг. Тэгэхээр угаасаа энэ 10, 100, 250 сая төгрөгийг тойрогт нь гэж өгдгөө болих л хэрэгтэй. .

-Ямар хуулийг зөрчиж байгаа юм бол?
-Үндсэн хууль болон төсвийн тухай хуультай зөрчилдөөд байгаа юм.
Хууль зүйн талаасаа УИХ-ын гишүүн тойрогтоо мөнгө хуваарилуулж авах нь зохисгүй. Гишүүд тойрогтоо гэсэн нэрээр биш тухайн хөгжүүлэх гэж байгаа орон нутгийн төсөвтөө 250 сая төгрөгөө оруулж сургууль байна уу зам засах гэж байна уу тэр л зориулалтаар нь зарцуулбал хэл ам ч дагуулахгүй болов уу.

С.Санчир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button