Д.Идэвхтэн Бага хурлын үеэр нам доторхи хөдөлгөөнүүдийн төлөөлөгчидтэй уулзах бодолтой байгаа

-Бага хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Манай намын бага хурлын товыг намын Удирдах зөвлөлөөс гаргадаг. Хэдийгээр 12 дугаар сарын эхээр гэж ойлголцсон боловч өдөр судрыг нь нарийн тогтоогоогүй байна. Хэлэлцэх асуудлыг Бага хурал өөрөө тогтоодог. Гэхдээ хувийн бодлоо хэлэхэд, улс орны өнөөгийн эдийн засгийн байдлыг хэлэлцэх шаардлагатай гэж бодож байна. Мөн намын дотоод асуудлыг ярилцах болно.

-Намын дотоод гэх асуудал тань анхаарал татаж байна. Сүүлийн үед МАХН-д нэлээд хэдэн хөдөлгөөн бий боллоо?

-Намын дотор үйл ажиллагаа явуулдаг Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёсны төлөө жигүүр болон Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Эрс шинэчлэлийн төлөө хөдөлгөөний санаачлагчтай уулзаж ярилцана. Дээрх жигүүр болон хөдөлгөөнд оролцож байгаа манай намын гишүүдээ хуралд урьж оролцуулан ярилцах нь чухал.

-Мөн сүүлийн өдрүүдэд Зүүний хүчний холбоо гэж байгуулагдсан талаар ярьж бичиж байна. Үнэхээр энэ холбоо намаа хамгаалах зорилгоор байгуулагдаж байгаа юм уу?

-МАХН-ын зарим гишүүн Зүүний хүчний холбоо гэгчийг байгуулсан гэдгийг сонин хэвлэлээс олж мэдлээ. Удирдах зөвлөлд албан ёсоор ийм холбоо байгуулагдсан талаар мэдэгдээгүй байгаа болохоор энэ холбооны талаар тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Хувийн бодлоо хэлэхэд, Зүүний хүчний холбоо гэх нэрээс нь аваад үзвэл зүүн төвийн үзэл баримтлалыг баримталж байгаа юм болов уу гэж ойлгогдож байгаа. Түүнээс намыг хамгаалах эсэх тухай ойлголт байж таарахгүй. Ер нь намын дотоод асуудалд санаа зовж байгаа эдгээр хөдөлгөөнүүдтэй аль болохоор харилцан ойлголцож, тайлбарлах, өөрөөр хэлбэл, яриа хэлцлийн замаар асуудлыг шийднэ үү гэхээс хүчээр хамгаалах асуудал байж болохгүй.

Монголын мэдээ сонин 233 /2009/
Т.Баярмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button