Дэлхийн 20 гаруй сая хүн софтболоор хичээллэдэг

Энэ спортоор дэлхийн 20 гаруй сая хун сонирхон хичээллэдэг байна. Монголын софтболын холбоо өнгөрсөн гуравдугаар сард байгуулагджээ. Софтбол бол монголчуудад
нэн тохиромжтой, манайд хөгжих боломжтой спортын төрөл гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баатарцогт ярьсан юм. Одоогоор манай улсад софтболоор тогтмол хичээллэдэг 50- 60 хүн байдаг аж.

Тусгай талбай шаарддаг
Софтболыг хурдан болон удаан шидэлттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг аж. Хурдан шидэлттэй софтболыг тоглоход цохиурын зүг бөмбөгийг шулуун шугамаар шиддэг байна. Шидсэн бөмбөгийн хурд нь цагт 100 км хүртэл эрчтэй байдаг.
Харин удаан шидэлттэй нь цохиурын зүг бөмбөгийг шулуун бус, дээгүүр хазайн шиддэг учраас эрч багатай аж. Эмэгтэйчүүдийн, хурдан шидэлттэй софтболын спортын төрөл олимпын хөтөлбөрт багтдаг байна. Софтбол тоглоход тусгай талбай шаардлагатай аж. Есөн хүний бүрэлдэхүүнтэй хоёр багтоглож, долоон удаагийн довтолгоонд хамгийн олон гүйлт хийж чадсан баг нь хожно. Тоглолтын гол зорилго нь шидсэн бөмбөгийг цохиулахаар тасалсан тоглогч 1-3 гэсэн байрлалуудын дагуу гуйж, эргэж үндсэн байрлалд аюулгүй тойрч ирэх явдал юм.

Хэрхэн тоглох вэ
Довтлогч баг нь зөвхөн нэг тамирчинг цохиурын хамт талбайд гарган үндсэн байрлалыг эзлүүлэх ба тэр нь шидэгчээс гарсан бөмбөгийг цохиураар таслан цохих үүрэгтэй. Довтлогч нь бөмбөгийг аль болох хол цохихыг эрмэлзэж, цохисны дараа цохиураа орхин 1-3 гэсэн байрлал дагуу цаашлаад үндсэн байрлал уруу тойрон гүйнэ. Гүйгч нь бүх байрлалыг дайран, үндсэн байрлалд бөмбөгөнд гүйцэгдэлгүй ирж чадвал нэг гүйлт буюу нэг оноог тухайн баг авна. Зөвхөн довтолгоо хийж байгаа баг л оноо авах боломжтой.
Хамгаалагч багийн гол зорилго нь довтлогч багийн гурван тоглогчийг амжилтгүй цохиулж гаргах, оноо алдахгүйг хичээнэ. Довтлогч гурван удаагийн цохих боломжийг алдаж зохих хэмжээнд цохиж чадахгүй бол тоглолтоос гардаг. Хэрэв цохисон бөмбөгийг хамгаалагч багийнхан газар унагалгүй барьж чадвал тухайн цохигч талбайгаас гарна.

Тоглолтын хэрэгслүүд
Бөмбөг нь софтболын хамгийн чухал хэрэгсэл байдаг. Софтбол нь зөөлөн бөмбөг гэсэн утгатай боловч үнэн хэрэгтээ бөмбөг нь зөөлөн биш аж.
Бөмбөг нь 30.2 см-ийн голчтой, 166.5 грамм жинтэй, хурц шар өнгөтэй.
Цохиурыг нь маш өндөр зэрэглэлийн графит, карбон, магнез, керамик болон тэдгээрийн тодорхой нийлэмжээр хийдэг байна. Урт нь 86.4 см, жин нь 1077 граммаас илүүгүй байдаг.
Бээлийг нь савхиар хийдэг. Эрхий, долоовор хурууны дунд бөмбөгийг барих зориулалттай уут байдаг.
Бөмбөг баригч нь талбай дээр ганцаараа тусгай хэрэгсэлтэй гардаг. Энэ нь шидсэн бөмбөг болон цохиурт оногдохоос хамгаалах зориулалттай.
Цохигчийн каско нь оновчгүй шидсэн бөмбөгөнд цохиулахаас хамгаална.

Монголын мэдээ сонин 233 /2009/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button