250 саяын асуудал дахин эсэргүүцэлтэй тулгарлаа

Тус намын гүйцэтгэх зөвлөлийнхний үзсэнээр энэ асуудал нь хууль бус хэрэг бөгөөд энэ мөнгөнөөс татгалзахаа мэдэгдлээ. Тус намын УИХ-д суудалтай гишүүд нь намын гүйцэтгэх зөвлөлийнхний гаргасан шийдвэрийг хүндэтгээ үзэж биелүүлэх ёстой гэнэ. Тус намын дарга Ц.Элбэгдорж хэлэхдээ өнөөдөр монголд шийдвэрлэх зохих асуудал зөндөө байна. Хэрвээ энэ мөнгийг тэгж л их гаргах гээд байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, энэ олон ажилгүй иргэдээ ажилтай болгох хэрэгтэй. Хэрвээ энэ мөнгө ингэж зарцуулагдвал монгол оронд маань ч хэрэгтэй юм даа гэсэн юм.
УИХ-аас гишүүдийн мэдэлд 250 сая төгрөг тараах болсон нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд өөрсдөө хууль санаачлах эрхтэй ч ийм асуудлаар санал оруулах учиргүй юм байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд халдсан хэрэг болох гэнэ. Харин Засгийн газраас дээрх саналыг оруулж гишүүд дэмжсэн бол зүйд нийцэх байсан бололтой.
Нөгөөтэйгүүр дараагийн сонгууль болох цаг ойртсон энэ үед ийм шийдвэр гаргаж буй нь авлига өгч буйтай агаар нэгэн үзэгдэл хэмээн зөвлөлийнхөн үзэж буй аж. Дээрх асуудлыг олон нийт эсэргүүцэж байгааг Ардчилсан нам сөрөг хүчний хувьд дэмжиж байр сууриа илэрхийлэх юм байна.
Гүйцэтгэх зөвлөлийнхөн хэд хоногийн өмнө мөн хуралдаж, дээрх асуудлыг хөндөн шүүмжлээд өнгөрсөн билээ. Энэ тухайд ямар нэгэн тодорхой мэдэгдэл гаргаагүй нь тус хуралд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд оролцоогүйтэй холбоотой аж. Мөн хурлаар Эгийн голын УЦС станцыг Хятадын Засгийн газрын зээлээр барих нь буруу, хөрөнгө оруулалтаар баривал зохистой, зээлийг өөр зүйлд зарцуулах нь зөв, хүүхдийн мөнгийг сар бүр олгох нь бодит байдалд илүү нийцнэ хэмээн албан ёсоор байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гаргаж байсан юм.

/Оллоо.МН/
Б.Ц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button