МАХН-ын популист амлалт ингэх гээд байсан юм аа

МАХН-ынхан Ардчилсан намынхантай барьцан дэндүү популист зүйл амласныг нь ойрын үйл явдлууд тод харуулах боллоо. Харин Ардчилсан намын итгэлийн мөнгө буюу хүүхдэд арван мянган төгрөг өгөх амлалт биеллээ олж эхэлсэн нь амьдралд нийцсэн шийдвэр гэлтэй. Ирэх жил хүүхэд бүрт сард 11 мянга 330 төгрөг өгөхөөр УИХ шийдвэрлэлээ. Үүний дараа Үнэндээ бол Ардчилсан намын амлалт биелсэн хэмээн УИХ-ын гишүүн З.Энхболд том дуугарсан. Хүүхдийн мөнгө нийгмийн баялгийг хүүхдээр дамжуулж иргэдэд хүргэж байгаа тун зүй зохистой зүйл гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энд МАХН-ын шинээр мэндэлсэн хүүхдэд олгох 100 мянгыг хамаатуулж болох талтай. Дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний төвийнхний ярьж буйгаар хүүхдийн мөнгө нэмэгдсэнийг иргэд маш талархалтай хүлээн авч байгаа юм билээ. Тухайлбал, дөрвөн хүүхэдтэй айл итгэлийн мөнгөөр сарын хоол, хүнсээ өлхөн авдаг болох нь, цалингаа өөр зүйлд зарцуулж болох боллоо хэмээн нэгэн эмэгтэй өгүүлж суусныг тэд дурсч байсан.
Харин МАХН-ын шинээр гэр бүл бологсдод олгох 500 мянган төгрөг Засгийн газрыг мухардмал байдалд оруулаад байгаа нь илт.

Тус намын энэхүү хэт популист амлалт нөгөө Ингэх гээд байсан юм гэдэг киноны нэрийг өөрийн эрхгүй санагдуулаад авав. 500 мянгыг өгөх асуудал анхнаасаа л будилаантай байсан. Чухам хэнд өгөх юм бэ? Шинээр гэрлэсэн залуу хүмүүст өгөх юм уу, хөгшин хүн анх удаа гэрлэсэн бол яах юм бэ? Хүүхэдтэй ч шинээр гэрлэсэн бол энд хамаарагдах уу? Зөвхөн 2006 онд танилцаад гэрлэсэн бол энэ мөнгийг авах уу? Нэг гэрт орчихсон байж байгаад энэ онд гэрлэвэл дээр мөнгөнд хамаарагдах уу гээд олон асуултыг араасаа дагуулсан түүхтэй. Төр, засгийн тэргүүнүүд ч хоорондоо зөрүүтэй тайлбарыг өгч, дунд шатны ажилтнууд хэнийх нь үгийг дагахаа мэдэхгүй иргэдийг бухимдуулж байсан нь саяхан. Харин Дээд шүүхээс энэ дагуу тайлбар гарсны дараа бага зэрэг журамлагдсан гэнэ лээ.

500 мянгыг авах гэсэн хосууд энэ намар хурим гээчийг ёстой хийх шиг л болсон. Тохиогоод удаагүй байгаа намрын дунд сарын дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр 90 гаруй хос арга, билгийн бөгжөө солилцон бүртгүүлж, М.Энхболдын Засгийн газ¬рыг автоматаар дөрвөн сая гаруй төгрөгийн өрөнд оруулж байсан билээ. Зөвхөн Гэрлэх ёслолын ордонд энэ шүү дээ, Ордонд ирэхгүйгээр хэдэн ч хос хот, хөдөөгүй хуримласныг эрх биш холбогдох газрууд мэдэж л байгаа байлгүй дээ. Юутай ч аравдугаар cap хүртэл шинээр гэр бүл бологсдын мөнгийг хагас хугас болгож байсан юм байна. Харин одоо энэ мөнгийг олгохыг бүрэн зогсоожээ. Сангийн сайд Н.Баяртсайхан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд хэдхэн хоногийн өмнө нэгэн албан бичиг илгээсэн байна. Үүнд …Дээд шүүхийн 2006 оны аравдугаар сарын 30-ны өдөр гарсан тайлбарын дагуу 2006 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүл шинээр гэрлэгчдийн тусламжид хамрагдах эрхтэй болсны улмаас 2006 онд нэмж шаардагдах 11.4 тэрбум төгрөгийн асуудлыг энэ онд багтаан санхүүжүүлэх боломжгүй байна. Иймд 2007 оны төсөвт нэмж тусгасны дараа, 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн олгох саналтай байна. Сайд Н.Баяртсайхан гээд гарын үсгээ зуржээ.

Энэ дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд 500 мянган төгрөг олгох асуудлыг зогсоохыг нийслэл, дүүрэг, аймаг, сумдын нийгмийн халамж үйлчилгээний газар, хэлтсийн ажилтнуудад сонордуулсан байна. Тэгээд ч шинээр гэр бүл бологсдод олгох мөнгө хаа хаанаа байхгүй, хүүхдийн мөнгөнөөс шомбодож байсан гэнэ лээ. Энэ нь шинээр гэр бүл бологсдын урмыг хугалаад байгаа нь мэдээж. Энэ шийдвэрийп сонссон зарим нь хатуухан хэлбэл хуурамч гэрлэлтүүд л хэцүүдэх нь дээ хэмээн хошигноход хүргэж байгаа гэлцэнэ. Ийнхүү араасаа түмэн асуулт, мянган сөрөг үзэгдэл, бүр цаашилбал буман онигоо дагуулсан, хувьсгалт намын амлалт болох шинээр гэр бүл бологсдын 500 мянга гацаанд орлоо. Гацаанд орох болсон шалтгаан нь амьдралд нийцэхгүй, зохиомлоор бий болгож болох зүйл амласантай холбоотой. Харин хүүхдийн тоог бодитойгоор гаргаж болох учраас хүүхдийн 10 мянга гэр бүл бологсдод өгөх тусламж шиг гацаанд орохгүй гэж албаны хүмүүс ярьж байсан.
Гэхдээ шинэхэн хосууд минь сэтгэлээр бүү унаарай. Ирэх жилийн төсөвт мөнгө чинь тусгагдаж, ирэх оны эхний өдрөөс нөхөн олгогдоно гэж Сангийн сайд албан бичигтээ өгүүлснийг дахин сонордуулъя.

Ардын эрх сонин 232 /510/
С.Номин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button