МИАТ-ын онгоцыг барьцаалан зорчигчдод буу тулгажээ

Буянт-Ухаад онгоц барьцаалсан гэсэн мэдээлэл хэвлэлийнхнийг түргэн авахуулав. Бас Онцгой байдлын ерөнхий газрынхан ч шуурхай дуудлага авсан бөгөөд тэд ч үнэхээр халдлага боллоо гэж итгэсэн байсан гэнэ. Гэтэл үүнийг урьдчилан сануулаагүй сургуулилалт байсан гэж албан ёсоор тайлбарласан ч хэл үймээн намжсангүй. Өмнөговь-УБ чиглэлийн онгоцны зарим зорчигч энэхүү сургуулилтад өртөн, нэгэн эмэгтэй биедээ шарх сорви авч, бүгд сэтгэл санаа нь цочирдон, одоо ч хямралын байдалтай байгаа гэнэ.
Зорчигчдын ярьснаар баг өмссөн дөрвөн залуу шууд л буу тулган зорчигчдын гарыг мушгиж, заримыг цохисон. Үүрэг гүйцэтгэсэн тусгай ажилтнууд гэх тэдгээр залуус согтуу байсан гэнэ.

Энэ талаар тус зорчиж явсан Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга дарга
н.Түвшинбаяраас тодруулсан юм.

-Яг юу болосн талаар та тэнд байсан хүний хувьд дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

-Бидний сууж явсан онгоцонд ойролцоогоор 40-өөд зорчигч байсан. Би онгоцны суудлын араасаа гурав дахь эгнээнд, миний хажуу талд манай аймгийн Дулааны цахилгаан станцын ээлжийн инженер сууж явсан. Нэлээд урд талын суудалд сууж явсан дөрвөн залуу онгоцны үйлчлэгчийн цай аягалж өгдөг аяганд архи хийн уугаад л байгаа харагдсан. Би хажууд явсан инженертэйгээ Эд ч нэлээд ууж байна аа гэж ярьж явсан юм. Бидэнтэй хамт манай аймагт шалгалтаар ирсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхан хамт явж байсан. Ингээд онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардан бид бууж автобусанд сууж байтал нисэхийн хувцастай нэг залуу орж ирээд Ачааны өрөө рүү ор, онгоц барьцаалсан хэрэг гарлаа гэж хэлсэн. Бид ч ачааны өрөө рүү нь орон тэнд хоёр цаг гаруй болоход нэг хүнийг нь буудаад алчихлаа гэнэ гэж сонссон.

-Тэр үед үнэхээр онгоц барьцаалчихлаа гэж итгэсэн үү. Аймаар байсан уу?

-Тэгэлгүй яахав. Одоо ч бие хямрааад тайвширч чадахгүй байна. Доха явах тамирчдыг авч явахаар би энд ирсэн юм. Юун энэ ажлаа зохицуулах манатай. Онгоцонд үлдсэн зорчигчдын нэг болох манай аймгийн Даланзадгад хотын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан н.Түмэнгэрэлтэй би утсаар холбоо барилаа. Тэр надаас илүү шоконд орсон. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгч чадахгүй байгаа.

-Онгоцонд хэдэн хүн үлдсэн байсан юм бэ?

-Түмэнгэрэлийн хэлж байгаагаар бол онгоцонд архи ууж явсан дөрвөн зорчигчоос гадна бууж амжаагүй үлдсэн мөн дөрвөн хүн байсан гэсэн. Гэтэл архи ууж явсан нөгөө дөрвөн зорчигч баг өмсчихсөн, малгайгаа урагш духдуулан босч ирээд байлдааны маркийн автомат буу гэнэт гарган ирж, шатаа хураа гэж хашхиран бүгд толгойныхоо ард гараа ав гэсэн үүрэг өгсөн. Түүгээр ч зогсохгүй онгоцны нисгэгчийг хүлж, нэг эмэгтэйн уруул дээр нь цохиж, хий буудан нуруу руу нь түлхсэн гэж хэлсэн. Дасгал сургууль хийлээ гэхэд хүнд ингэж хандаж болохгүй биз дээ.

Иргэний нисэхийн ерөнхий газраас энэ талаар манайд албан ёсны мэдээлэл өгсөн юм. Нисэхийн ерөнхий газрын аюулгүй байдлын хорооноос энэ 2006 оны төлөвлөгөөнд зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үеийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан юм байна. Ийм сургалтыг олон улсын жишигт А, Б буюу бэлтгэлгүй ба бэлтгэлтэй гэж хоёр ангилдаг юм байна. Үүний хүрээнд А буюу бэлтгэлгүй сургалтыг өчигдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд 11.50-12.05 цагийн үед амжилттай зохион байгууллаа гэж мэдэгдсэн юм. Сургалтын зорилго нь онгоцыг гэнэт барьцаалсан тохиолдолд хэрхэх вэ, хичнээн хугацааны дараа онгоцны нисэгч хариу арга хэмжээ авч байна вэ гэдгийг шалгасан бөгөөд энэ шалгалтад онгоцны бүрэлдэхүүн амжилттай гэсэн дүн авчээ.
Харин үүнээс болж, зорчигчид маш их айж сандран цочирджээ. Тийм ч учраас хүнээр ингэж тоглож болдог юм уу гэж гайхаширч байна.

Ардын эрх сонин 232 /510/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button