МАХН-ын шинэчлэл төрийн шинэчлэлтэй давхцаж таарна

Тэдний нэгдэх болсны учрыг тэргүү, зохицуулагч нар тайлбарлахдаа намыг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсны улмаас хэмээж байгаа.

Ер нь МАХН-ыг шинэчлэх шаардлага эрэлт хэрэгцээ байгаа юм уу гэсэн асуудал ургаж байна. Үүнд хариулт өгөхөөр Уламжлал, шинэчлэл-ардчилал, шударга ёс, Онц их хурлын төлөө, Шинэ эргэлт, Улаан сарнай, хөгжил хөдөлгөөнүүд хамтран намын шинэчлэлийн талаар өчигдөр хэлэлцэв. Жигүүр, хөдөлгөөнүүд гишүүний батлах өвөрлөсөн дугаар хорооны иргэнээс эхлээд сайд нарыг хүртэл хэлэлцүүлэгтээ урьсан байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын зөвлөх Н.Одхүү, Нийслэлийн МАХН-ын дэд дарга Баасансүрэн, Боловсон хүчний газрын дарга Ц.Нямжав нар ирсэн байв. Улаан сарнай-хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболд уулзалт, ярилцлагыг хөтлөн явуулсан юм. Нийслэлийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаярыг урьсан боловч ирж амжаагүй тул танилцуулга мэдээллээ ирүүлнэ гэж амласан байна. Уулзалт ярилцлагыг дээрээс бэлдсэн сценариар бэлдэж том албан тушаалтнууд нээж үг хэлсэнгүй. Намаа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад жирийн гишүүдийн санал бодол, үзэл чухал гэж үзсэн байна.

БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО АЛДАГДАЖ ДАМПУУРСАН
Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга, МАХН-ын боловсон хүчний бодлого алдагдах байтугай дампуурсан гэсэн дүгнэлт хийхдээ хүний эзэмшсэн мэдлэг туршлагыг үл харгалзан албан тушаалыг мөнгөөр сольдог болжээ гэв. Түүний хэлснээр намын анхан шатны байгууллагад хэдхэн идэвхтэй гишүүн ажилладаг болсноос ээж аав, эхнэр, нөхрийнх гэж хэлүүлэхэд хүрээд байгаа аж. Дотоод ардчилал байхгүй, намын нэр хүнд унасан нь нийгмийн захиалгын үүднээс намыг шинэчлэх ёстой гэдгийг харуулж байгааг хэлж байсан. МАХН төдийгүй бусад намууд гадны намуудаас хуулбарласан үзэл баримтлалтай байдаг тул тэр нь байнга асар хурдтай шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа нь амьдралд нийцэхгүй байна. Уг үзэл баримтлалаа шинэчлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд 14 зүйл концепцийг ирэх сарын 9,10-нд болох намын бага хурлын үеэр дэвшүүлэн тавих юм байна. Хуучны хатуу гишүүнчлэлээс салж чөлөөт гишүүнчлэлд шилжих шаардлага тулгараад байгааг тэрбээр сөхөж тавилаа.

ШИНЭЧЛЭЛД ХОХИРОГЧ, ЯЛАГДАГЧ БАЙХГYЙ
Уламжлал шинэчлэл-ардчилал, шударга ёс жигүүрийн зохицуулагч Ц. Оюунбаатар, МАХН-ын үйл ажиллагаа доголдож намын нэр хүнд унаж байна. Намд шинэчлэл хийж байсан боловч тэр нь өнгөц хэлбэр төдий тул жирийн гишүүд шүүмжлэх нь аргагүй. Хөрөнгөтэй хэсгийг нам илүү хүлээн зөвшөөрч, нам дамжсан олигархи хүчинд үйлчлэх хандлага бий болжээ. Жирийн гишүүдээс тасарсан байна гэдгийг онцолж байлаа. Намын бага хурлаар хэлэлцүүлэх 14 зүйл шинэчлэлийг ядаж эхлүүлье гэж тэд үзэж байна. Хамгийн гол нь шинэчлэлд ялагдагч юм уу хохирогч гэж байхгүй, түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс ч ашиг хүртдэг гэж хэлснийг энд дурдмаар байна.

МАХН-ын бодлого бол төрийн бодлого болон хэрэгжиж байгааг баримт харуулж байна хэмээн Улаан сарнай, хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболд яриагаа эхэлж саналаа илэрхийлсэн. Ядуу хүүхдүүдэд мөнгө өгч албан тушаал хуваарилах нь төрийн оновчтой бодлого биш, Цалин тэтгэвэр нэмж байгаа боловч Монгол Улсыг богино хугацаанд хөгжүүлэх бодлого гаргаж ирэх цагийг яаран шаардаж байгаагаа хэлсэн. Учир нь, намын шинэчлэл төрийн шинэчлэл зэрэг явагдах болж таараад байгаа ажээ. Ийнхүү манай улсын ууган намын төлөө оюун бодлоо чилээж явдаг нөхдүүд нээлттэй ярилцсаны үр дүн гарна хэмээн зохион байгуулагчид итгэж байгаа. Жигүүр, хөдөлгөөн гараад ирэхээр албан тушаал гориллоо гэж хардах болсон өнөө цагт тэд хэлж байгаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг харах л үлдлээ.

Өнөөдрийн монгол сонины 229 /399/
С. Сосор

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button