Х. Намсрай Монголын шинжлэх ухаанд ирээдүй бий

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Физикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтэн, академич Х.Намсрай гуайн эрдэм мэдлэгийг дэлхий дахин хэдийнэ үнэлжээ. Түүнийг 77 орны 800 гаруй эрдэмтнийг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн гуравдагч орны академийн жинхэнэ гишүүнээр 1995 онд
бүртгэсэн бол, Дэлхийн оюуны үнэлгээний төвөөс XX зууны гарамгай эрдэмтэн цолыг 2000 онд олгосон байна. Хэр барагтай аавын хүүд олддоггүй энэхүү хүндтэй шагналаа Х.Намсрай гуай өөрийнхөө 37 жилийн уйгагүй хөдөлмөртэйгээ холбон тайлбарласан юм. Саяхан Монголын Үндэсний Шинжлэх ухааны академиас олгосон Монголын шинжлэх ухааны дээд шагнал болох Алисиагийн академик шагналыг ч бас үүнд хамаатуулсан. Ингээд академич Х.Намсрай гуайтай ярилцсанаа хүргэе.

-Монголын Үндэсний Шинжлэх ухааны академиас таны оюуныг үнэлж нэр хүнд бүхий шагналыг олголоо. Хүмүүс ч дагалдаж буй 30 сая төгрөгийг сонсонгуутаа л Манай улс эрдэмтнийхээ хөдөлмөрийг анх удаа өндрөөр үнэллээ гэж дуу алдсан. Энэ нэр хүндтэй шагналд хүргэсэн эрдмийн бүтээлээ ма¬най уншигчдад сонирхуулна уу?

-Москвагийн их сургуулийн Физикийн факультетийг 1969 онд төгссөнеөс хойшхи 37 жилийн хөдөлмөрийг маань Монголын Үндэсний шинжлэх ухааны академи, Экологи групп компаниас ийн өндрөөр үнэлсэн юм. Мөн Монголын шинжлэх ухааны нэрийг дэлхийд гаргалаа гэж үнэлснийх биз ээ. Энэхүү нэр хүндтэй шагналын анхныхыг нь би хүртлээ. Цаашид уламжлал болган олгох юм гэсэн.
Миний хийсэн гол бүтээл гэвэл, харилцан үйлчлэл хоорондын шинж төлөв огторгуй дотор тодорхой хугацаанд явагддаг болохыг судалсан юм. Мөн орон зайн бүтцийнх нь судалгааг хийсэн. Судалгаагаа ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, Итали улсын Триест хот дахь олон улсын онолын физикийн төвд хийсэн. Товчоор хэлбэл, хийсэн судалгаа шинжилгээний ажил маань дэлхийн төвшинд хийгдсэн гэсэн үг л дээ.

-Таны бүтээл гадаадын сэтгүүлд нийтлэгдсэн гэж байсан. Дээрх бүтээл байх нь ээ дээ?

-Яг тийм, Эрдэм шинжилгээний ажлыг үнэлэхэд бусад орны эрдэмтдийн ишлэл чухал байдаг юм. Тухайн хүний дэвшүүлсэн санааг өөр эрдэмтэн цааш хөгжүүлдэг. Нэг үгээр хэлбэл, ишлэлээрээ монголд нэгдүгээрт орж байгаа юм. Ишлэлд Х.Намсрай нь өөрийн гэсэн онол, арга, аргачлал, өөрийн гэсэн санааг боловсруулж микро ертөнц дахь цаг хугацаа орон зай санамсаргүй буюу квонт шинж төлөвтэй байх таамаглалын хүрээнд эгэл бөөмүүдийн харилцан үйлчлэлийн цэгэн бустай /тархалттай/ квонт орчны онолыг бий болгожээ гэж бичсэн байх жишээтэй. Энэ бүтээлээрээ Голланд улсад Монографи нэртэй ном хэвлүүлсэн юм л даа.

-Манай эрдэмтэд ишлэлгүй бүтээлтэй гэж шүүмжлүүлээд байдаг нь ийм учиртай байх нь ээ дээ. Ишлэлгүй бүтээл эзнээ араас нь чангаана биз?

-Тэгэлгүй яадаг юм. Манай эрдэмтэд бүтээлээ дэлхийд гаргахгүй байна. Дэлхийд гаргахгүй байгаагаас ишлэлгүй бүтээл хэвлүүлж байна. Мөн шүүмжлэлгүй сэтгүүлд бүтээл нь хэвлэгдэж байна. Бүтээлийг нь семинараар шүүн хэлэлцдэг арга ч алга. Нөгөөтэйгүүр эрдэмтдийн маань ашиглаж буй тоног төхөөрөмж хэт хуучирсан. Аль 1960-аад оны үед ашиглаж байсан тоног төхөөрмжтэйгээ л ноцолдож сууна. Энэ бүхэн эрдэмтдийн маань дэлхийд чадвараа харуулах боломж олгохгүй байна шүү дээ. Ерөөсөө Монголын шинжлэх ухаан хөгжихгүй байгаагийн нэг том дутагдал үүнд оршиж байгаа ч гэж хэлж болох бүрэн үндэстэй.

-Манай эрдэмтэд харин залхуу болчихсон юм биш үү. Төрөөс мөнгө өгөхгүй юм гээд сууцгаадаг гэх яриа байдаг?

-Залхуу байдал нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ Монголын эрдэмтэд тэр чигээрээ хойрго болчихсон юм биш шүү дээ. Авьяастай, мэдлэгтэй залуучууд байна. Тэднийгээ Монголд нь нухаад баймааргүй байна шүү дээ. Дэлхийн эрдэм шинжилгээний төвд ажиллуулж, дэлхийн төвшинд сургах шаардлагатай. Жишээлбэл, АНУ, ОХУ, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Канад, Европын холбоо нийлээд Хиймэл нар буюу халуун цөмийн урвалыг жолоодох зориулалттай төвийг Франц улсад байгуулахаар ажиллаж байна. Төвийг барих ажлыг энэ онд эхэлсэн. Өртөг нь арван тэрбум ам.доллар гэсэн. Үүнд Монгол хүн оролцох ёстой байхгүй юу. Дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах явцдаа маш их зүйлийг сурна. Даан ч манай төр асар их мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулах юм. Түүнийгээ ирээдүйтэй шинжлэх ухааны салбарт зарцуулмаар байна.

Нөгөөтэйгүүр сургасан эрдэмтдийнхээ хүчийг төвлөрүүлэхгүй байна. Саяхан 50 нас хүрсэн Дубнагийн Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд манай улсын 200 шахам хүн боловсрол эзэмшсэн байдаг юм. Тэгээд бүр академич тав, шинжлэх ухааны доктор 10 гаруй, дэд эрдэмтэн 60 шахам хүн төрсөн. Одоо тэднийхээ хүчийг төвлөрүүлэх цаг болсон байна. Монгол Улсад одоо атомын эрчим хүчийг ашиглах, онолын суурь судалгаа хийх цөмийн судалгааны төв үгүйлэгдэж байна. Хэрэв цөмийн судалгааны төвийг байгуулчихвал Монгол Улс эрчим хүчний гачаалаас гарах бүрэн боломжтой. Эрчим хүчийг гадаадад ч экспортолж болно. Гэхдээ өнөөдөр яриад маргааш бүтчихдэг зүйл биш. Эрдэмтэн судлаачдын маань олон жилийн хөдөлмөр шаардлагатай. Төр засгийн тууштай мэргэн бодлого ч чухал юм.

-Манайх эрдэмтнээ Халуун цөмийн урвалыг жолоодох зориулалттай төвд ажиллуулъя гэвэл төр хэдий хэмжээний мөнгийг гаргах шаардлагатай вэ?

-Авьяастай хүн шинжлэх ухааныг хөгжүүлдэг гэж ярьдаг юм. Үнэхээр авьяастай мэдлэгтэй бол мөнгө төгрөг гэхгүйгээр тухайн газраас нь санал тавиад л ажиллуулна шүү дээ. Хамгийн гол нь дэлхийн төвшинд хүртэл сурсан байх шаардлагатай юм.
Өөр арга ч бас бий. Манай төр засаг сэтгэл гаргавал Щвейцарь улсад төвтэй Женев хотод байрладаг Европын цөмийн шинжилгээний нэгдсэн лабораторид эрдэмтнээ ажиллуулах боломж бий. Гагцхүү төр засгийн мэргэн бодлого л чухал байна. Бодлогоо зөв тодорхойлж чадвал Монголын шинжлэх ухаанд ирээдүй ч бий шүү.

-Хүмүүсийн дунд манай эрдэмтэд бүтээлээ амьдралд нэвтрүүлэх нь хомс байна гэх шүүмжлэл бий. Таны бүтээлийг амьдралд хэрхэн ашиглаж байна вэ?

-Нэгдүгээрт миний бүтээлийг дэлхийн оюуны санд орсон гэж ойлгож болно. Бүх дэлхийн номын сангуудад бүтээл маань тавигдсан учраас оюутнууд өргөн ашиглана биз ээ. Бэлэн бүтээгдэхүүн болохгүй ч гэсэн оюуны хөрөнгө оруулалт болж оюутнуудад хүрч байгаа даа.

-Та бодвол их л олон шавьтай байх. Шавь нар тань энд ажиллаж байна уу.

-Шавь нар маань дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа шүү. Дубнагийн цөмийн шинжилгээний институтэд Г.Ганболд, Ц.Цогтбаяр хоёр, Казакстаны Алма-Атагын их сургуульд Денлхан маань багшилж байгаа. Профессор цолтой болсон гээч. АНУ-ын Серекусың их сургуульд Эрдэнэбаяр, Триест хотод Эрдэнэбат, Германд Содбилэг, АНУ-ын Стомфордын их сургуульд Батболд гээд нэрлээд байвал маш олон залуу судлаачид амжилттай ажиллаж байна.

-Залуу эрдэмтэд гэснээс таныг нэлээд хэдэн жилийн өмнө чадвартай эрдэмтдийнхээ оюу¬ныг үнэлэх зорилгоор гадны нэг хүнтэй хамтран сан байгуулсан гэх яриа байсан?

-Нобелийн шагналт Абдус Салан гэж хүнтэй гэрээ байгуулан Монголын залуу эрдэмтэн судлаачдыг шагнах санг бий болгосон. 1995 оноос эхлэн нийтдээ 24 хүнийг шагнасан. Шагналын сан нь 2000 ам.доллар. Оны сүүлээр шагнадаг гэх үү дээ. Физик, математик, хими, биологийн шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэд л энэ шагналыг хүртдэг юм.

Ардын эрх сонин 232 /510/
Г.Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button