Айлчлал амжилттай өндөрлөлөө

Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд уламжлал болоод байгаа дээд, өндөр хэмжээний яриа, хэлэлцээний үргэлжлэл бөгөөд 2002 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотай албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр монголын талаас хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хөндөж ярив. Тухайлбал, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хамтран боловсруулах, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж буй хамтын ажиллагааны эхлэлийг дэмжих, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, худалдаанд учирч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, батлан хамгаалах, соёл, боловсрол болон бусад салбарын харилцаа, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж тодорхой санал дэвшүүлэв. Мөн хятадын талаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхий сайдын хөндөж ярьсан асуудал, тавьсан саналуудтай санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Мөн БНХАУ-ын төр засаг Монгол Улстай харилцах харилцаагаа чухалчлан үздэгээ давтан нотлоод Тайвань, Далай ламын асуудлаар зарчмын байр сууриа цаашид ч үргэлжлүүлэн баримталж Хятадын талд тууштай дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас хүсэв. Мөн дараах асуудлуудыг хөндөж ярьж тодорхой санал дэвшүүлсэн. Үүнд
– Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг үр ашигтай, эрүүл саруулаар хөгжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын комисс зэрэг одоо байгаа хамтын ажиллагааны механизмыг бүрэн дүүрэн ашиглах, томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Хятадын томоохон компаниуд Монголын нүүрс, зэсийн орд газруудыг хамтран ашиглахад монголын талаас дэмжлэг үзүүлэх, Монголд хөрөнгө оруулж буй Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалахыг хүссэн. Мөн хөрөнгө оруулалт хийж буй өөрийн компаниуддаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, байгаль орчныг хамгаалах шаардлагуудыг хэрэгжүүлэн ажиллахыг шаардахаа илэрхийлэв. 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад ашиглах болсноор 2003 онд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалын үеэр хоёр тал хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хоёр талын холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн судлах, хэлэлцэхийг санал болгов.
Хоёр орны Ерөнхий сайд нарын энэ удаагийн уулзалт хэлэлцээ нь нэн амжилттай болсон бөгөөд тодорхой олон асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрсэн. Тухайлбал
– Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тодорхой бодлого чиглэлтэй, зохицуулалттай хөгжүүлэхэд баримтлах баримт бичиг болох дунд хугацааны хөтөлбөрийг хамтран боловсруулах асуудлаар зарчмын шийд гаргалаа.
– 2003 оноос эхлэн яригдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр холбогдох хэлэлцээрт гарын үсэг зурсан хятадын талаас олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг манай орны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад зарцуулахаар тохиролцлоо.
– БНХАУ-ын талаас үзүүлээд хараахан ашиглагдаагүй байсан буцалтгүй тусламжийг зарцуулах төслүүдийг тохиролцож холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотноо орчин үеийн биеийн тамирын цогцолбор барихаар болсон. Хятадын талаас нэмж 50 сая юанийн буцалтгүй тусламж олгох боллоо.
– Хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд Монгол, Хятадын аль алиных нь хөгжилд тустай, эдийн засаг нийгмийнх нь хөгжилд түлхэц үзүүлэхүйц томоохон төслүүдийг ажил хэрэг болгохоор идэвхтэй хамтран ажиллах боллоо. Тухайлбал Монгол Улсын нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц байгуулж Хятадад эрчим хүч экспортлох чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хийж буй судалгааны ажлыг дэмжиж, төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газруудын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.
Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д төлөх ёстой 28.3 сая шилжих рублийн болон 5.6 сая швейцари франкийн өрийг хүчингүй болгохыг хүсэв. БНХАУ-ын Ерөнхий сайд энэ асуудлыг нухацтай судлан үзэхээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо, Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Зя Цинлин нартай уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов. Эдгээр уулзалт болон албан ёсны хэлэлцээний үеэр Хятадын удирдагчид хоёр орны хооронд дээд, өндөр хэмжээнд тохирсон хамтын ажиллагааны тодорхой төсөл, асуудлуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэн үзэж байгааг давтан нотлов.
Монгол Улсын Ерөнхий сайдад мөн Бээжин хотын дарга Ван Цишань бараалхав. Энэ үеэр Улаанбаатар хот болон Бээжин хотуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцов. Уулзалтад хоёр талын 200 шахам бизнес эрхлэгчид оролцсон. Хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хооронд 100 гаруй сая ам.долларын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан болно. / Манай Морьт импекс ХХК Хятадын Камак интернэйшнл компанитай Туул-Сонгины бүсэд усны нөөцийн цогцолбор барих, Сэргэн мандалт групп нь Шанхай жуэль экскюэйшн машинери компанитай цэвэр бохир усны бүх төрлийн полимер труба үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр барих, Отгонтэнгэр их сургууль барилгын чиглэлээр, Тайж трейд махны үйлдвэр барихаар хятадын талтай баримт бичиг байгуулсан./
Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид мөн манай оронтой хил залгаа ШУӨЗО болон Хятадын төв хэсгийн Шэньси мужийн төв Сиань хотод тус тус зочлов. Ерөнхий сайдыг орон нутагт байх үеэр нь тухайн муж, ӨЗО-ны удирдлагууд бараалхсан. Ялангуяа манай баруун аймгуудтай хил залгаа, Ховд аймагтай шууд харилцаатай, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой ШУӨЗО-ны удирдлагуудтай орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой асуудлууд, тухайлбал, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах талаар хамтран ажиллах, хилээр зорчиж буй манай иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх, хууль бус татвар хураамж авахгүй байх тухай асуудлыг хөндөж ярьсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс ШУӨЗО-ны төв Үрэмч хотод Монгол Улсын ЕКГ-ыг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Ерөнхий сайд Бээжин хот болон орон нутагт байх үеэрээ Тайширын УЦС-ыг барих төслийг хэрэгжүүлж буй Хятадын УЦС-ын барилга байгууламжийн корпорацийн удирдлагуудтай уулзаж манайтай хамтран ажиллах сонирхолтой Хятадын Хуавэй, ШУӨЗО-ны Шинэ эрчим хүчний ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжид зочилсон.
Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд тогтоосон сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг бататган хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгох талаар тодорхой үр дүнд хүрсэн, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлсэн улс төр, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, амжилттай айлчлал болсон гэж үзэж байна гэж ГХ-ын дэд сайд Ц.Цолмон хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ онцолсон юм.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
БАРИМТ БИЧГҮҮД

– БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 50 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр
– БНХАУ-аас олгохоор амласан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт, импортын банкны хоорондын санамж бичиг,
– БНХАУ-ын буцалтгүй тусламжаар биеийн тамир, спортын цогцолбор байгуулах тухай солилцох захидал
– БНХАУ-аас Монгол Улсад 2000 тонн улаан буудай нийлүүлэх тухай солилцох захидал
– БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хээрийн экосистемийн судалгааны станц байгуулах асуудлаар судалгааны хэсэг ажиллуулах тухай солилцох захидал
– БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад чанарын хяналтын нэгдсэн лаборатори байгуулах асуудлаар судалгааны хэсэг ажиллуулах тухай солилцох захидал
– Гадаад хэргийн яамд хоорондын 2007-2008 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө
– Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Геологийн судалгааны газар хооронд Монгол, Хятадын хилийн бүсийн дагуух 11 000 000 масштабын геологийн зураг хийх болон дагалдах судалгааны ажил хийх төслийн тухай хамтын ажиллагааны хэлэлцээр.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button