МИАТ-ын онгоцыг барьцаалав уу?

Даланзадгад-Улаанбаатарын чиглэлийн онгоцыг барьцаалсан тухай мэдээлэл цацагдсантай холбогдуулан Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд өчигдөр 11 цагийн орчим болсон үйлдлийг хүний амьд явах эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйл ажиллагаа гэв.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан
-Даланзадгад Улаанбаатарын чиглэлийн онгоц Чингис хаан буудалд газардсаны дараа тус онгоцны ард сууж явсан дөрвөн залуу зарим зорчигчдын биед халдан онгоцны нисгэгчийг хулж, нисэхийг шаардсан байна.
Үүний улмаас зорчигчид сэтгэл санааны гүн хямралд орж, төр засаг байна уу, яагаад иргэдээрээ ингэж тохуурхаж байна вэ хэмээн асуухад хүрлээ. Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүдийн хувьд бид Ерөнхий сайдад асуулга тавихаар зэхэж байна.

Гишүүн Б.Мөнхтуяа
-Онгоц барьцаалсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш үүний учрыг нь олох гэж чармайлаа. Эхний үед хэн ч мэдэхгүй байсан бол одоо (18 цагийн үед) гадны гэмт халдлага биш сургуулилт байсан гэх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацаж эхэллээ. Гэхдээ чухам яг хаанаас зохион байгуулсан гэдэг нь одоо ч тодорхой бус байна. Үнэхээр сургуулилт байсан бол олон улсын жишгээр зорчигчид, нисэх газарт мэдэгдэх учиртай.
Бидний авсан мэдээллээр баг өмсч, буугаар зэвсэглэсэн залуус дөрвөн зорчигчийн биед халдан бүр нэг эмэгтэйн биед шарх сорви үүсгэсэн байна.

Энэ асуудлаар Ардчилсан намын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах болно. Гишүүн Д.Бат-Эрдэнэ
-Иргэд сургалт байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Нисгэгч нарыг хүлээд, Өмнөговь аймгийн Тамгын газрын нягтлан бодогч эмэгтэйн биед халдсанаас тэр бүсгүйн даралт ихсэн ярьж чадахгүй байна. Үүнийг сургуулилт байсан гэж үзвэл тероризм, гэмт халдлагаас хэрхэн хамгаалах бус харин ч терорист үйл ажиллагаа хэрхэн явуулах вэ гэсэн туршилт болсон гэж үзэж байна.

-Энэ нь чухам юу байсан талаар тодруулахаар эрх мэдэл бүхий хүмүүстэй холбогдов уу?

Гишүүн Б.Мөнхтуяа
-Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын газраас тоймтой хариу өгч чадахгүй байгаа нь биднийг эргэлзэхэд хүргэж байна.

-Иргэний нисэхийн ерөнхий газар ч мэдэхгүй байсан уу?

Гишүүн Ц.Баярсайхан
-Өмнөговь аймаг дахь Тагнуулын газар, Онцгой байдлын албатай холбоо барихад мөн л юу ч хэлж мэдэхгүй байна лээ. Нисэх буудал нь ч мэдэхгүй юу болов гэж гайхаад байсан. Өнөөдөр амьд явах баталгаа энэ Засгийн газрын үед алга. Жирийн албан хаагч ажлын байрандаа амь насаа алдаж байна.
Зорчигчдын хэн нэг нь амиа алдсан бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Гишүүн Д.Бат-Эрдэнэ
-Баг өмсч, буугаар зэвсэглэсэн залуус нь архи уусан байсан нь ямар нэгэн зүйл болоод түүнийгээ сургуулилт нэрээр өнгөлөн далдалж байгаа юм биш байгаа гэж бодоход хүргэлээ.
Эрхэм гишүүд ийн мэдээлээд бие нь муудсан эмэгтэйтэй холбоо барих утсыгч өглөө.

Ц.Онон Тероризмтэй тэмцэх сорилт байжээ
Өчигдрийн бага үдэд Чингис хаан буудалд юу болсныг Ерөнхий сайд М.Энхболдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Оногоос тодрууллаа. Түүнд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлийн хэлснээрТЕГ-аас зохион байгуулдаг ээлжит арга хэмжээний нэг нь өчигдрийн барьцаалалт байжээ. Тероризмтэй тэмцэх сорлитыг жил бүр хийдэг гэлээ. ҮүнийгТЕГ, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаас өөр хэн ч мэдээгүй нууц үйл ажиллагаа байсан бололтой.

-Сорилтод жирийн иргэд өртөж бие, сэтгэл санааны хохирол амслаа гэж УИХ-ын гишүүд мэдээлэл хийснийг юу гэж үзэж байна вэ?
-Жирийн иргэд өртсөн гэдэг нь ташаа мэдээлэл.

Ардын эрх сонин 232 /510/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button