Ганц худаг-ийн үнэн нүүр царайг илчилсэн тэмдэглэлүүд төрийн ажилтнуудын булхайг дэлгэж байна

хамт олон, төр засаг, албан хаагч гэх тоглоомоор Монголчууд өөр хоорондоо хатуухан тоглох, сэтгэлийн хат, зориг, дүрээ босгох жүжигчний авьяас, ямар ч аргаар юуг ч хийж, хэнийг ч хайрлалгүй хожих нарийн заль мэхтэй байж, ялалт хожилдоо сэтгэл дүүрэн явж чаддаг чадварыг үнэхээр алмайран гайхаж, над мэтийн эргүү толгойтнууд байвал сэрэмжлүүлэх зорилгоор уг тоглоомын хатуу дүрмийн нууцаас хуваалцъя хэмээн мунгинан бичих учир минь энэ ээ.
1. Айл гэр болж тоглох тоглоомд өртсөн минь
2. Хамт олон болж тоглох
3. Анд найз
4. Дэлхийн тавцанд Ядуу буурай орон болж тоглох Монголын маань төрийн нэрийг барьж тоглоомны эцсийн үр дүндп хожигдсэн тэргүүтнүүдийг будаа болгох /бялдуучлал, хахуулиар дүүрсэн/ аргачлал.
5. Эрх мэдэлтнүүдийн, сохор номингуудын ордон Ганц худаг-т илгээгдсэн өдрүүд

Ганц худаг-т Монгол улсын иргэн яаж амьдардаг вэ?
Ганц худгийн тоот өрөө. Ням гараг. Өглөө босолт 7 цаг. Тарни уншлага. Цай уулаа. Эндхийн ТҮЦ-ээс авсан Rollton chicken-ийг усанд найруулан нормонд өгдөг талхаар гэдсээ дүүргэв. Камертаа тавуулаа. Би таслан сэргийлэгдэх гэгч арга хэмжээ авахуулсаар зургаан сар болж байна. Өрөөний доторх байдал хэвийн. Өрөөний талбай 12мкв. Цонхгүй. 15х20 см хэмжээтэй цонх бүхий төмөр хаалга. Хаалганы дээд талд байрлах 20х20 см хэмжээтэй цоорхойд байрлуулсан гэрэл /40вт/ өдөр шөнөгүй асаалттай. 13 ширхэг банзаас бүрдсэн намхан наар бидний хэвтэр. Ерөнхийдөө өдрийн ихэнхийг нааран дээр өнгөрөөнө. Өрөөний зүүн урд буланд жорлон суултуурыг шаталсан байдлаар цементлэн суулгажээ. Гар хүрвэл нурж унах 1.2 м өндөр панеран хаалгатай. Жорлон байнгын усгүй. Нүүр, гар, бие, үс, толгой. Ер нь бүх л угаалгыг жорлонгийн дэргэж байх 10 л багтаамжтай канистр, 20 л багтаамжтай будгийн саванд ус нөөцлөн авч бүх л өдөр хэрэглэнэ. Усыг өдөрт хоёр удаа тавьж өгнө. Хаалганы дэргэд солих хувцсаа 50 төгрөгийн шар уутанд хийж өрж тавина. Наар, дээрх уутны хоорондох зайд цаасан хайрцаг бүхий бидний нэрлэдгээр хөргөгч байна. Хөргөгчинд ТҮЦ-нээс авсан боов, бэлэн гоймон, шоколад голдуу байна. Наарны доор шар савтай маслоо хадгална. Шал мэдээж бетон. Хоолыг өдөр, орой нэг нэг аяга өгнө.
Хоолны цэс Гэдэс, цувдайгаар хийсэн хар гурилтай шөл, цуйван, будаатай шөл, хааяа будаатай аарц. Долоо хоногт хоёр удаа 15 минут агаарт гаргана. Чийг ханхалсан, агааргүй сүүмгэр гэрэл бүхий энэ орчинд хоригдсон хүмүүсийн ихэнх нь зүрх, бөөр, элэг, цөсний өвчинд нэрвэгдсэн. Дээр нь сэтгэлийн шаналал. Нүүр, биеийн арьсаар улаан юм туурна. Оролдвол тэр дороо л олширч тархана даа. Үе мөч, нуруу янгинаж, бие чилнэ.
Өнөөдөр бүтэн сайн өдөр тул хэн нэгнийг хүлээх ажилгүй. Гэхдээ амралтын гэж хүмүүсийн хүсэн хүлээдэг бямба, ням гараг энд бол эсрэгээр, цагийг өнгөрөөх гэж үйлээ барна даа. Энд амьдралын мөн чанарыг хүнд сайн ойлгуулна. Ганц, хоёр сар суугаад гарвал ч хүнд юм ухааруулах л газар. Удаан хугацаанд хоригдож, гав гинж, эрх чөлөөг бусниулан сүрдүүлэх цагдаа нарт хэлмэгдэж, арчигдвал тамын газар. Би л хувьдаа цагдаа, жандармын төлөөлөгч гэх нэр бүхий этгээдүүдийн арчаагүй, увайгүй аашлах занг тэсвэрлэшгүй. Эндхийн харгалзагчид гурван ээлжээр 24 цагаар ээлжилнэ. Цэвка гэж товчилсон нэрээр цэвэрлэгч, үйлчлэгчийг дуудах ба шүүх хурлаар хэргээ шийдүүлж ял сонссон хүмүүсээс сонгон ажиллуулдаг. Гурав, дөрөв дэх өдөр ар гэрийнхэнтэй уулзуулдаг эргэлтийн өдөр. Гэвч миний хувьд энэ эрх хаагдмал.
Бас нэг өдөр.
Өглөө ууттай хогийг хаалганы люкэнд гаргаж Цэвкад өглөө. Буцаж жаахан хэвттэл люкны тавиур дээр нэг талх тавигдлаа. Өнөөдөр камер цэвэрлэх миний ээлж, 0.5 л хуванцар таван аягандаа хар цай авлаа. Ундааны савандаа цай авч грилка оруулан дулаацдаг юм. Бүгд биеэ усаар угааж, би дараа нь шал жоронгоо цэвэрлэлээ. Өглөөний өгсөн талх түүхий, идэхийн аргагүй тул арга буюу цайгаа ууж хоосон хоцорцгоов. Б надаа илүү туршлагатай, тэрээр Гайгүй болсон талх авахын тулд буцаж хэвтэлгүй хүлээдэг хэмээн бувтнаад хэвтээд өглөө. Н хөзрөөр мэргэлж, хүн бүхний овог нэрээр шившин, буусан мэргийг тайлан хэллээ. Энд хувьдаа хүн гэгчийн талаар бодож, төсөөлж байсан, бармталж байсан үзэл маш их өөрчлөгдсөн. Хүн сүргийн идэш болжээ.
Бас нэг өдөр
Эмчийн үзлэгт бүгд хамрагдав. Өмгөөлөгчөө, байцаагчаа хүлээдэг ажил үргэлжлэнэ. Одоо 12 цаг, өмгөөлөгч ирээгүй л байна. Зүрх суларч, бие хүндэрнэ. 14 цагийн орчим байцаагч О ирлээ. Миний үл мэдэх зүйлийн талаар асууж, мэдлэг мэргэжлээр өндөр гэдгээ их л ам бардам ярьж, миний сэтгэхүйгээр тоглох оролдлого хийлээ. Хорихын коридор дүүрэн орилсон байцаагчийн үгийг камер бүрт сонсчихсон энэ өдрийн хов жив болон яригдаж байна даа. Отгон дүүг минь хүртэл 72-т хорьсон байна. Зовлонд хүн сэтгэлийн хат суух их чухал. Тэр тусмаа над шиг эрх муужгайн адил өссөн хүнд их хэрэгтэй. Ничто не вечно. Ничто. Как могло пойти все только плохо. Ради этого разве я трудилось? Сколько с турдностей я преобралось в моей жизни? Но надеюсь, все станет на место, все выяснятся. Бог на моей стороне. Если есть. Только ему одному известно что было в самом деле. Шөнө дундаас хойш муу нойртой хонолоо. Өглөө өмгөөлөгч ирж байцаагч О-г хүлээж хүлээж явлаа. Үдээс хойш ТҮЦ-ний захиалга ирж, бэлэн гоймон, Навчит хэмээх боов, нойтон салфетька, хатуу чихэр гэх мэт. Бүтээгдэхүүн дээр нь болоо ч үгүй зургаан хоол авч, ойрд идээгүй байсан тул өрөөнийхөн маань баяртай л байлаа.
Буузыг зүгээр ч авахгүй. Хажуу өрөөнийхнөөс нууж, сэмхэн арын хаалгаар авна. Энэ талаараа өнөөдөр азтай л өдөр.
Бас нэг өдөр
Баярын өдөр учраас өглөө камер бүрээс бие биендээ баяр хүргэн, люкээр орилон ярих нь болжмор жиргэн шулганах адил. Өчигдөр өрөөнд минь 24 тоотоос 17 настай нэгэн /дээрмийн хэрэгтэй зүйл ангиар орж ирсэн/ шилжин орж ирлээ. Хувцас, толгойд нь тусгай амьтан үржиж, амьдарсныг нь цэвэрлэх гэж бөөн юм болоо. Жорлон дээр зогсоож, угаалгаад л барааны савангаар хөөсөртөл савандаж, гялгар уутаар ороон хонуулав. Уг жорыг Б бусдаас сурсан гэнэ. Хажуу өрөөний А-аас авсан номыг уншиж өдөр өнгөрөөнө. Т, Ж нар богд уулын газрын эзэмшлийн асуудал, авилгалын хэргээр шалгагдаж байгаа нь энэ. Энд бас гаалийн Баатар гуай ч авилгалын асуудлаар шалгагдаж, нэлээд хэдэн сар болж байна. Өмгөөлөгчийн уулзалтын өрөөнд л хааяа таарах юм даа.
Бас нэг өдөр
Өнөөдөр өрөөнийхөө хоёртой хаалганы зүгт салхитайг бодолцон харж унтлаа. Гадаа хөвсгөр сайхан цас орж байна. Байцаагч О ирж, мөрдөн байцаалтын өрөөнд аваачин байцаалт өгөхийг шаардаж, эгчийг чинь Төв аймагт хорьсон үхэх гэж байна. Захиаг нь унш хэмээн өглөө. Эгчид минь намайг хийсэн хэрэг гэдэг өөрөө ч мэдэхгүй зүйлийг хүлээлгэх зорилгоо гүйцэлдүүлэхээр ойлгуулж, дүү чинь үнэнээ хэлэхгүй байгаа гэж л итгүүлж дээ. Эгч минь, уучлаарай. Би хуурамч хорвоод бууж өгөхгүй. Байцаагч Чиний өмгөөлөгчийг гөлөг болгоно. Чамайг улам ихээр шаналган зовооно гэж ойлгоорой. Би өдөр бүр ганцаар ирж, мэдүүлэг авах гэж оролдсоноо батлан, өөрийгөө хамгаална. Чамайг хэргээ хүлээсэн хүлээгээгүй удахгүй шүүхээр шийдүүлнэ гэж хорих байрны коридор дүүрэн орилж, загнан явлаа. Илэрхий юмыг гуйвуулан хомроглож байна. Би амьдралыг их л гэгээлгээр бодож явсан.
Бас нэг өдөр
Өглөө мөрдөн байцаагч О ирлээ. Ганц худгийн хашааны харуулын ойролцоо эргэлтээр ирсэн хүмүүсийг гаднаас нь харахад ядарсан амьдралтай хүмүүс голдуу байх нь ажиглагдсан. Энд хоригдож буй хэн нэгнээ эргэн ирж буй тэдэнд хаврын хуйсгануур салхи аяг аашаа гарган элдэвлэн байлаа. Эргэлт гэж нэр төдий. Ар гэрээс авчирсан юмыг тэр бүрийд оруулахгүй. Эндхийн ТҮЦ-д зарах хуруу дарам тоолбол 10 нэр бүхий бараанаас л авах ёстой. Шоронгийн удирдлагын мэргэн арга юм уу л гэж бодогдох юм. ТҮЦ борлуулалт сайтай. Хүссэн ч хүсээгүй ч авах л болж байгаа юм. Боорцог, тамхи, мөөхий, шоколад, 00 цаас, саван, шүдэнз, бэлэн гоймон, витафит, нойтон салфетька. Харин молоко, доширакыг лангууны чимэг болгон тавина. Хоригдож буй хүмүүст өгч болохгүй бараанд орно. Долоо хоногт нэгэс хоёр удаа нэг удаагийн хоолны сав бүхий будаатай хуурга, пүнтүүзтэй хуурга, бууз 1000 төгрөг. ТҮЦ-ний үйлчилгээ иймэрхүү.
Бас нэг өдөр
Бидний идэх юм дуусч, эндхийн хоол төмстэй шөл, талхыг идэж өнгөрлөөө. Намайг байцаалт өгөхгүй болохоор хэрэг удааширч байгаа тухай гүтгэсэн тайлбарыг цагдаа нар өгчээ. Зөвхөн үнэнийг баримталж, амьжиргаагаа дээшлүүлж, ажлаа хийдэг төрийн албан хаагчид байдаг ч болоосой доо.
Бас нэг өдөр.
Манай камерт эндхийн ажилд шалгалтаар яваа Нийслэлийн ИТХ-ын дарга Болормаа хэсэг хүмүүсийн хамт орж ирэн ахуй нөхцөлтэй танилцан, миний бие энэ дашрамыг алдалгүй, санал бодол, хүн бүрт жишээ аван ярилаа. Ажил хийсэн нэр зүүдэг, цаасны тайлан хийж алдар зүүдэг хүмүүсийн нэг л биш байгаасай.
Бас нэг өдөр
Дээрээс ус алдаж, урссан чийг нэмснээс нойроо дийлэхээ болин мангууран нойрмоглож өнгөрөөлөө. Энд хяналтын албаны шалгалт ирнэ гэж ял авсан хүмүүсээс цонх, коридор угаалгаж цэвэрлүүллээ. Тэр хүмүүс юуг шалгах гэж ирж буй юм бол доо. Энд хоригдсон эрдэнэт хүний амь бие, эрүүл мэнд энэ талаар үнэлгээ гаргавал хохирол нь хэд байх бол доо гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэнэ.
Бас нэг өдөр
Үс минь бууралтаж өнгөө алдсаар, гаднаас нүүр үсний өнгийг харьцуулахад жүжигт тоглох гэж буй өнгө зүсээ өөрчлөн ример хийсэн жүжигчинг санагдуулна. Их л настай хүний дүрд тоглох бэлтгэл сайн хийгдсэн мэт болж байна даа.
Бас нэг өдөр
Гиюүрч суутал гэнэт авч одлоо. Өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах хүсэлт тавьтал зөвшөөрсөнгүй. Өмгөөлөгч эсэргүүцлээ илэрхийлээд яваад өглөө. Байцаагч болоо ч үгүй прокурорт байцаалт авсан гэж худлаа ярьсан байгаа юм. Би байцаагчийн эрхээр арга буюу байцаалт өглөө. Ах дүүсийг минь ямар учир хэрэгт татаад байгааг мэдэхийн тулд байцаалт өгсөн. Жинхэнэ хэлмэгдүүлэлт болж байна даа. Би байцаагчийн занан хэлж байсан Байцаагч хэргийг яаж шийдүүлэх вэ гэдгийг шийддэг гэсэн үг толгойд эргэлдэн, үнэн олох тайлбарыг өгсөн. Урьдын адил мушгин гуйвуулахгүй л болБи тэдний хурааж авсан баримтаар нотолно. Ар гэрт учруулсан сэтгэл санаа, эд материалын хохирлыг эд хариуцах уу. Тэдний үгээр хориод байсан прокурор хариуцах уу. Хяслантай хорвоо удахгүй дуусна. Би зөнгөөрөө мэдэрч байна.
Бас нэг өдөр
Шоронд Хяналтын албаны шалгалт ирж, хэд хоногийн өмнөөс гуйгаад ч өгдөггүй хлораминийг өдөрт таван ширхэгээр өгч байснаа, дуусангуут болчихсон. Монгол ард түмэн минь дээр дооргүй л жүжиглэцгээх юм. Дотор эвгүйч байна шүү.
Бас нэг өдөр
Б эмнэлгээс гарч ирэн, харин А эмнэлэгт хэвтлээ. Зүрхээр хатгуулан өвдөх болж, эмч Хишгээ эмнэлгийн даргад хэлж зүрхний бичлэг хийлгэв. Усанд орлоо. Трубанд 10-аад душ гагнаж холбосон өрөөнд 20-иод хүн усанд ордог. Тус өрөөний баруун хананд 10-аад дэгээ өлгөж, нэг урт модон сандлыг дор нь байрлуулсан байна. Нарлагаанд гараад орж ирдээд удаагүй байтал нэг давхраас ус алдлаа. Сүүлийн долоо хоногт таван удаа дээрх явдал давтагдлаа. Өмхий үнэр, чийг агааргүй орчинд амьсгалахад үнэхээр бэрх. Өмгөөлөгч, байцаагч аль нь ч алга.
Бас нэг өдөр
Шоронд хоригдсоор долоон сар 10 хоног болж байна. Ном олж уншлаа. Өөр хоорондоо захиа явуулахыг шувуу, хоол эд юм хүргэхийг жиргээ гэж нэрлэдэг юм билээ.
Бас нэг өдөр
Эмнэлэгт хэвтлээ. Эндхийн цонхыг торложээ. Хаалга, цонхыг торлосон болохоос байгалийн гэрэлтэй, модон шалтай, цэрэг төмөр ортой, хөдөөний л нэгэн эмнэлгийг санагдуулна. Энд цагаар жорлонд бие засуулна. Агаар ямар гоё юм бэ. Чөлөөтэй амьсгална гэдэг ямар сайхан юм бэ. эмч өглөө бүр палатуудаа шалгадаг юм. өнөөдөр онц авлаа. Өмгөөлөгч ирлээ. Сүүлийнүед өмгөөлөгчийн хэлж ярьж байгаа нэг л сонин.
Бас нэг өдөр
Өнөөдөр 21 цагт А маань даалтанд гарлаа. Энд байсан миний хамгийн дотны хүн. Б түрүүний долоо хоногт гарсан. Бид энэ камерт есөн сар орчим цугтаа байсан. Би тэднээс ганцаар үлдлээ. Сэтгэл дотор нэг л сонин. Нэг талаас А-гийнхаа төлө их баярлаж байна. Нөгөө талаас биМэдэхгүй ээ. Бас гармаар байна. Өнөөдөр төлөөлөгч камераар дуудлаа. Жаахан юмнаас маргалдаж, намайг ганцааранг минь буцааж, замд Л-тэй тааралдсан. Их сонин. Бишүүрхэж байгаа ч юмуу. Эндхийн хардалт сэрдэлтийн аймаар орчинд би их өөр болжээ. Хүний урманд мэндэлсэнгүй. Сэжиг, ажиг авахуулахгүй гэж танихгүй хүн шиг өнгөрч чадсан. Орж ирээд харин уйлсан. Өчигдөр би түүний захидлуудыг хадгалж байснаа гарган уншиж дотроосоо эрч авч байсан. Өнөөдөр тааралдах совин байсан байх. Орой нь М, ТӨК гэх хүнд Б намайг юу гэж ярьж байсныг сонсоод дотор жаахан тийм болсон. А, Б эд бүгд бууны ноход байжээ.
Үхэх үнэндээ амархан
Амьдрах хэрэгтэй
Араа шүдээ зуугаад амьд үлдэх хэрэгтэй
Аргыг нь олно
Арга нь олдоно
Дээр өгүүлсэн тэмдэглэлийг уншигч та ГЕГ-ийн дарга асан Х.Баатарын захианы үргэлжлэл байж болзошгүй хэмээн андууравзай. Үүнийг урьдчилан хорих төв буюу олны нэрлэж заншсанаар Ганц худаг-т хэдэн сар саатуулагдсан иргэний тэмдэглэлээс түүвэрлэсэн юм. Х.Баатарын намын нөхдөдөө хандсан захидал өдөр тутмын хэвлэлийн хуудаснаа тархсан дуулиантай давхцан эл тэмдэглэл манай редакцид ирсэн. Монголд хүний эрх, эрх чөлөө дээд зэргээр зөрчигдөж байдгийг бид бүхэн гадарладаг хэдий ч Ганц худаг-т бичиглэсэн энэхүү тэмдэглэл танд нэгийг бодогдуулах биз ээ.

Хувийн Амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button