С. Шаарийбуу Сайхан сэтгэл, үнэн үгээр миний охиныг үдэж өгөөч

Бүсгүйг хөнөөсөн хэргээ хүлээгээд байгаа цагдаагийн ажилтнууд ч зэвсэг дэлбэлэх мэргэжлийн хүмүүс байсан бололтой-

Сэтгүүлчдийн өмнө охиноо өмгөөлөн С. Шаарийбуу ийн хэлсэн. Үе үе уртаар санаа алдах энэ эцэг Малайзад зүй бусаар амь эрсэдсэн охиныхоо сүнсийг амар байлгахыг сэтгүүлчдээс хүссэн юм. Ш.Алтантуяа бүсгүй Малайзийн улстөрчийн золиос болсон талаар гадаад дотоодын хэвлэлүүдээр бишгүйдээ нэг бичсэн. Загвар өмсөгч байсан, лалын шашинт малайз эртэй амрагийн холбоотой, бүр нэг ой дөрвөн сартай хүүхэдтэй гэхчилэнгээр элдвээр цуурч, энэ бүгдийг тэсч чадалгүй эцэг нь Сайхан сэтгэл, үнэн үгээр миний охиныг үдэж өгеөч хэмээн гуйхад хүрчээ. С.Шаарийбуу эхнэрийнхээ хамт Оросод ажиллаж байх үед том охин болох Алтантуяа нь төржээ. Хар багаасаа орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн тэрээр унаган орос, англи хэлтэй юм байна. Монголоор сайн ярьж чаддаггүй бүсгүй эх хэлээ сурахын тулд нэлээд чармайсан гэдэг. Дараа нь Хятадад дээд боловсрол эзэмшсэн аж. Миний охин орос, англи, хятад хэлийг төгс эзэмшсэн. Дээрээс нь япон, солонгосоор чөлөөтэй ярьдаг байсан юм. Хэвлэлд бичээд байгаа шиг тэнэмэл, завхай хүүхэн байгаагүй. Миний охин бусдын адил ар гэрээ авч явахын төлеө зүтгэсэн. Битгий гомдоорой, яг үнэндээ бол та нар бүгдээрээ л биеэ үнэлэгчид шүү дээ.

Хэн юу чаддагаараа амьдардаг юм. Хоолойгоо үнэлж хоолоо олж идэх нэг нь байхад оюунаа худалдах нөгөө нь байдаг юм. Миний охин та нарын адил чаддаг зүйлээрээ амьдарч явсан гэж С. Шаарийбуу охиныхоо тухай ярина лээ. Ш.Алтантуяа хэн бэ хэмээн эрээ цээргүй хувийн амьдрал руу нь өнгийсөн хэрнээ ямар амьдрал үүрч явсныг нь мэдэхийг хичээсэн нэг ч сэтгүүлч байгаагүйд эмзэглэснээ тэр нуугаагүй. Хөөрхий бүсгүйн бага хүү нь суумгай өвчтэй, багадаа татаж унадаг байсан гэнэ. Эмч нар нугаснаас нь ус авснаас хойш бүсэлхийнээс доошхи эрхтэн нь мэдээгүй болсон аж. Талийгаач бүсгүй хүүгээ эмчлүүлэхийн тулд бүхнээ зориулдаг байжээ. Бээжинд гурван ч удаа 5000 мянган ам. доллараар эмчилгээ хийлгэсний хүчинд одоо ярьдаг болоод байгаа гэнэ. Гэхдээ өдөрт 10000 төгрөгөөр бариа засал, хийлгэдэг гэсэн.

Талийгаач бүсгүй бага хүүгээ тусгай асрагчаар асруулдаг байжээ. Малайз руу Ш.Алтантуяа үеэлтэйгээ, дүүтэйгээ явсан тухай яриа байгаа. Гэтэл дүүтэйгээ биш гэрийнхээ асрагч охины эгчийг газар үзүүлэх зорилгоор Малайз руу авч явсан бололтой. С.Шаарийбуу энэ хэргийн мөрдөн байцаалтын талаар элдэв зүйл ярихыг хүсээгүй. Учир нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болж магадгүй гэж үзэж. Охин нь малайз эртэй хайр дурлалын холбоогүй гэдгийг эцэг нь баталсан. Ш.Алтантуяа Абдул Разакийн тухай олон но-г мэддэг байсан учраас ийн золиослогдоход хүрсэн гэж гэрийнхэн нь дүгнэж байгаа аж.

Энэ бол ердийн захиалгат хэрэг биш, маш ноцтой хэрэг гэж тэд үзэж буй юм байна. Абдул Разак зэвсгийн наймаачин гэнэ. Албан ёсоор зэвсэг наймаалах эрхтэй хүн юм байх. Хамгийн аймаар нь өөрийнхөө зардаг зэвсгээр талийгаачийг хөнөөсөн аж. Бүсгүйг хөнөөсөн хэргээ хүлээгээд байгаа цагдаагийн ажилтнууд ч зэвсэг дэлбэлэх мэргэжлийн хүмүүс байсан бололтой. Бүр нэг нь төрийн тусгай хамгаалалтад ажилладаг офицер хүн гэнэ. Охиныг нь алсан хэрэгт холбогдож, шоронд хоригдоод авсан Абдул Разакийг шүүсэн шүүх хурал бол шоу байсан гэж дүгнэж буйгаа С.Шаарийбуу ярьсан. Учир нь шүүх хурал ердөө л Абдул Разакийг магтан дуулсан шоу тоглолт болж. Малайз эрийн ах, дүү хоёр нь хоёулаа эмч учраас түүний өвчин сэдэрсэн гэсэн гоё үгээр батлан даалтад амархан гэгч нь гарсан аж.

Гэхдээ лалын шашинт энэ эрийг шүүх албан ёсны шүүх хурал ирэх сарын 14-нд болох сурагтай. Батлан даалтаар гарахдаа Абдул Разак нэг сая ам.доллар барьцаанд тавьж баярхсанд бүсгүйн эцэг ихэд эгдүүцэж буйгаа илэрхийлсэн. Юмыг мөнгөөр худалдаж аваад сурчихсан хүн юм билээ. Миний охин буудуулах гэж явахдаа юу бодож байсан бол гэхээс элэг минь эмтэрч байна гэсэн юм. Энэ хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр Малайзад төдийгүй дэлхийд нэртэй өмгөөлөгч Карпасаян ажиллаж байгаа гэнэ. Шударга үнэний шүүгч Арслан гэж түүнийг Малайзийнхан дууддаг гэсэн. Юутай ч энэ хэрэг үнэн шударгаар шүүгдээсэй гэж охины эцэг залбирч сууна. Эцэст тэрээр миний охины сүнсийг тайван байлгаач гэж дахин гуйна лээ.

Ардын эрх сонин 232 /510/
Ж.Ням

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button