МАХН-ын боловсон хүчний бодлого алдагдсан биш бүр дампуурсан

Уулзалт ярилцлагад өмнө нь МАХН болоод төрийн өндөр албан тушаал хашиж байсан, эдгээр жигүүр, хөдөлгөөнүүдийн гишүүн, дэмжигч хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Уулзалт ярилцлагыг нээж МАХН-ын Уламжлал шинэчлэл- Ардчилал шударга ёс жигүүрийн гишүүн, Засгийн газрын гишүүн асан У.Барсболд хэлсэн үгэндээ энэ уулзалт ярилцлага бол ямар нэгэн Онол практикийн бага хурал биш, ганцхан намынхаа шинэчлэлийн төлөө сэтгэл зовж санаа тавьж явдаг үзэл бодол нэгтэй хүмүүсийн ярилцлага. Тийм болохоор хэн нэгэн албан тушаалтан ирж илтгэл тавихгүй зүгээр л санал бодлоо солилцоно. МАХН-ын батлах өвөрлөсөн гишүүн хэн ч санал бодлоо илэрхийлж болно гэсэн юм. Эхлээд Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Гантулга МАХН-ын шинэчлэлийн талаархи концепцаа танилцуулсан.Тэрбээр
-МАХН-д шинэчлэл хийх нийгмийн захиалга байгаа юу гэвэл байгаа. Үүний учир шалтгаан нь нэгдүгээрт, МАХН-ын боловсон хүчний бодлого алдагдах нь бүү хэл бүр дампуурсан. Эрдэм боловсрол, чадвараас илүүтэй хөрөнгө мөнгө, өнгө, танил тал, нутаг нугаар албан тушаалыг наймаалах болсон. Энэ явдал газар авч хөрөнгө мөнгөтэй өөр намын хүмүүс ч албан тушаалд орох боллоо. Хоёрдугаарт, анхан шатны байгууллагууд бие дааж ажиллах чадваргүй болсон. Гуравдугаарт, намын удирдлагын арга барил өнөөгийн шаардлагаас хоцорч нам дотоод ардчилалгүй боллоо. Аппаратжсан намаас улстөрийн зоримог шийдвэр хэзээ ч гардаггүй, жирийн гишүүдийн шийдвэр гаргах боломж бололцоог өргөжүүлэх замаар нээлттэй болгох ёстой. Хамгийн гол нь МАХН-ын өнөөгийн үзэл баримтлал нь гадаадын намын хуулбар, орчуулга төдий байна. Тэгэхээр МАХН-ын үзэл баримтлалыг үндсээр нь өөрчлөх шаардлага гарч ирж байна гэв.
Доктор, профессор Д.Ганбаатар -МАХН-ын өнөөгийн мөрдөж байгаа дүрэм журам баримт бичиг нь олонхи буюу жирийн гишүүдэд биш цөөнх болсон хэдхэн удирдах хүмүүст үйлчилж байна. Намын үйл ажиллагаа хаалттай болж хөшигний цаана орчихоод байгаа намын бүтцийг өөрчлөх хэрэгтэй гэв.
Доктор Гүндсамбуу-Өнөөгийн намын Удирдах зөвлөл нь төрийн байгууллагын шинжтэй болчихоод бодлого боловсруулж чадахаа больчихлоо. Намын шинэчлэлийн үзэл баримтлалыг яаралтай боловсруулж сайн дурын гишүүнчлэлтэй намын хэлбэрт орох цаг болсон гэлээ. МАХН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга Нямжав МАХН-ын бага хурлын гуравдугаар хуралдаанаас баталсан Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам-ын хэрэгжилтийн талаар мэдээлсэн. Энэ мэдээлэлд өнгөрсөн хавар зунаарнамын анхан шатны байгууллагуудад явуулсан УИХ-д нэр дэвшүүлэх санал асуулгын талаар дэлгэрэнгүй ярьж энэ үеэр нам өөрийн боловсон хүчний судалгаа, мэдээлэлтэй болсон зэргээ ярьсан. Түүний үгээр бол өнөөдөр МАХН-ын Удирдах зөвлөлийн мэдлийн 576, аймаг нийслэлийн намын хорооны мэдлийн 1971, сумын намын байгууллагын мэдлийн 9051 боловсон хүчинтэй болсон гэнэ. Гэхдээ энэ нэр дэвшүүлэх ажлыг намын анхан шатны байгууллага тийм ч ардчилсан байдлаар явуулж бүгд хурлаа хийж дэвшүүлээгүйг бас хэлсэн. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн, зарим нөлөө бүхий албан тушаалтнууд өөрийнхөө нэрийг оруулах гэж намын АШБ-уудад дарамт шахалт үзүүлж байсныг ч дурьдсан. Мэдээлэлд намаас нэр дэвшиж тодорхой өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүст хариуцлага тооцох талаар өнгөрсөн хугацаанд ямар ч ажил зохион байгуулаагүй, юу ч хийгээгүйг тэр их л нам дуугаар хэлж хүлцэл өчсөн. Ер нь намаас нэр дэвшүүлэн төрийн өндөр албан тушаалд томилон ажиллуулж байгаа хүмүүс тэр бүрий ард түмэн, намын гишүүдийн санаанд нийцэхгүй, оновчтой биш байгаа. Энэ талаар шүүмжлэл их гарч байгаа гэсэн юм. Хуучин цагт Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан, МАХН-ын ахмад гишүүн П.Дамдин Нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын Засаг даргаар хэн ч таньж мэдэхгүй, нэг сумын Засаг даргыг томилсон шийдвэр зөв үү? Энэ талаар хүний нөөцийн хэлтсийн дарга хариулна уу гэж асуух шүүмжлэхийн дундуур нэлээд хатуухан хэлээд авсан. МАХН-ын хүний нөөцийн хэлтсийн дарга Нямжав үүнд Нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг намын Удирдах зөвлөлөөр ярьж МАХН-ын дарга М.Энхболд нэр дэвшүүлэн шийдвэрлэсэн. Гэхдээ энэ томилгоо МАХН-ын бага хурлаар баталсан энэ журам гарахаас өмнө болсон. Ер нь МАХН-ын XXIY их хурлаас баталсан боловсон хүчнийг өрсөлдүүлэн томилно гэсэн зарчим алдагдсан гэсэн хариулт өгсөн. Бас нэг гишүүн Уламжлал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүрийн арваад хүнд албан тушаал өглөө, одоо үйл ажиллагаагаа зогсоо, татан буулгах цаг болсон гэж Намын удирдлага шахаж байгаа гэсэн үнэн үү гэж асуухад энэ жигүүрийн зохицуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар Ийм яриа гарч байгаа нь харамсалтай. Энэ мэтийг манай намын зарим хүмүүс захиалгаар бичүүлж байгаа тал бий. Гэвч жигүүр бол намын дүрмээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Тийм болохоор бид шантрахгүй цаашид ч намынхаа шинэчлэлийн төлөө ажиллана гэж хариулсан юм. Уулзалт ярилцлагад оролцогсод МАХН бол манай нийгмийн томоохон улстөрийн хүчин. Тэгэхээр МАХН-ын шинэчлэл бол төрийн шинэчлэл гэсэн үг. Иймд МАХН-ыг шинэчлэх ажлыг цаг алдалгүй хийх ёстой гэдэг дээр санал нийлж байлаа. Намын нэгэн ахмад гишүүн нэгэн зорилготой энэ олон жигүүр, хөдөлгөөнүүд нэгдэх үү гэж асуухад У.Барсболд Энэ талаар бид ярилцаж байгаа. Хамгийн гол нь бид энд цуглаад байгаа хүмүүс энэ талаар сайтар ярилцах хэрэгтэй юм гэж хариулав.

2006.11.29 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button