УИХ-ын гишүүдийн шийдвэрийг эрс эсэргүүцлээ

Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн-өөс санаачлан STOP-250 сая хэмээх өвөрмөц уриатай хэвлэлийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Тэд УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулахаар болоод байгаа дуулиант 250 сая төгрөгийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Энэ мөнгө 150-200 гаруй оюутны нэг жилийн сургалтын төлбөр, Монголын таван сумын жилийн төсөв, 76 гишүүний бүх мөнгийг нийлүүлбэл 19 тэрбум буюу ноос ноолуур боловсруулах мянган хүний ажлын байр бий болгох боломжтой хэмээн тайлбарлаж байлаа. Тус хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Батзандан Монгол улсад авлига газар авсан, авах авахдаа бүр албан ёсны авлига бий болоод байна. Арван сая байлаа болсонгүй, зуун сая боллоо, одоо бүр 250 сая. Авлига далд байсан бол одоо ил хуралдаж байгаад авч байна гэж мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр энэ нь хууль бус үйлдэл гэж тэд мэдэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн татварын мөнгөнөөс бүрдэж, орон нутгийн засаг захиргааны төсвөөр дамжуулагдан зарцуулах ёстой мөнгийг өөрсдийн эрх ашгийн тулд зарцуулж байна гэж тэд үзэж байна.
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөн эсэргүүцлээ илэрхийлэн өчигдрийн үдээс хойш Төрийн ёслол хүндэтгэлийн ордны барилгын хашаан дээр болон Төрийн ордны баруун талын хананд Stop 250 сая гэсэн бичгийг улаан будгаар бичив. Үүнээс гадна Төрийн ордны хажуу талын машины зогсоол дээр байрлуулсан УБЗ…. дугаартай авто машинуудад хуулган дээр бичсэн Stop 250 сая гэсэн бичгийг наав. Тэд эсэргүүцлийг нь хүлээж авахгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжих гэнэ.

Ардын эрх сонин 232 /510/
М.Нямсайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button