Хар багтай залуус Буянт-Ухаа-д онгоц барьцаалж тоглолоо

Хэвлэл мэдээллийнхэн ч төд удалгүй Буянт-Ухаа дахь олон улсын Чингис хаан нисэх буудалд очсон. Онгоцыг барьцаалсан бол, барьцаалагчид ямар шаардлага тавьсан бол, тэд хаашаа нисэх гэсэн юм бол, хүний амь нас эрүүл мэндэд аюул учраагүй байгаа гээд түмэн асуулт ар араасаа гарч сэтгүүлч, сурвалжлагчид хэн нэгэн албаны хүнтэй уулзчих юмсан гэж хайвч хэн ч олдоогүй, олдсон ч ямар ч мэдээлэл өгөхгүй байв. Тэгээд бас тэр хавьд хүчний байгууллагынхан, тусгай тасгийнхан ч үзэгдсэнгүй. Энэ талаар бид Буянт-Ухаагийн нисэх буудлын цагдаагийн тасгийн жижүүрийн 379953 гэсэн утсаар тодруулах гэсэн ч Манайд тийм дуудлага ирэх нь ирсэн. Гэхдээ та ИНЕГ-ын хамгаалалтын албаныхантай холбоо барьсан нь дээр гэв. Тэднээс Танайх дуудлагын дагуу очсон уу гэхэд Бид очоогүй гэлээ. Зорчигчдын яриагаар бол онгоцны зорчигчид бараг бууж дуусах үед хар багтай гурван хүн зорчигчдод халдаж, нүүр аманд нь цохиж зодсон байна. Тэр ч байтугай нисэгчид рүү дайрч тэдний гар, хөлийг хүлсэн гэцгээсэн юм. Онгоцонд энэ үед дөрөв тавхан хүн байжээ. Онгоц барьцаалагчид Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч эмэгтэйн уруулыг нь сэт цохисон байна. Төдхөн ИНЕГ-ын удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ гэчихээд таг чиг болов. Удалгүй сэтгүүлчдийг хуралд оруулахгүй өөр дотроо энэ асуудлыг ярина гээд сэтгүүлчдийг тараав. ИНЕГ-ын дэд дарга Мөнхжаргалаас энэ талаар тодруулахад Энэ бол сургуулилт байсан юм гэсэн товчхон тайлбар өгсөн. ИНЕГ-ын Аюулгүй ажиллагааны албаны дарга Цоодол ИНЕГ-ын удирдлагуудад албан бичиг ирүүлж уучлал гуйсан байна. Юутай ч аз болоход сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад байсхийгээд л гараад байдаг нисэх онгоц барьцаалах аюул манайд энэ удаа нүүрлээгүй байсан аж. ИНЕГ-ын аюулгүй ажиллагааны алба, тусгайгийнхан юмыг яаж мэдэхэв гэгчээр дадлага сургууль хийж. Гэхдээ дээд удирдлагууддаа мэдэгдэлгүйгээр, зорчигчдод урьдчилан анхааруулалгүйгээр гэнэтийн ийм сургуулилт хийсэн нь ямар үр дагавар авчрав, ямар хор уршиг тарьж болох байв гэдгийг даанч бодолцсонгүй. Айж балмагдсан гурван хүний бие муудаж эмнэлэгт очсоноор, хэвлэл мэдээллийнхэн сандарч давхилдсанаар тэдний энэ тоглоом өндөрлөсөн нь яамай. Зүв зүгээр нисч явсан онгоцонд бие нь муудаад хүн нас барсан тохиолдол гараад долоо ч хоноогүй байна. Гэтэл гэнэт гадаадын боевик кинонд гардаг шиг хар баг өмссөн, буу зэвсэгтэй хүмүүс зорчигчдод халдаад, нисэх багийнхныг хүлээд эхлэхээр даралт өндөртэй, бие муутай хүн цочирдоод талийчихвал яана. Өчигдөр орой гэхэд Онцгой байдлын ерөнхий газар, ТЕГ-ын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийх нь байтугай ямар ч мэдээлэлгүй байлаа. Тэгэхээр үнэхээр онгоц барьцаалах гэж оролдсон эсэх, тэдгээр халдагчдыг баривчилсан эсэх зэрэг нь тодорхойгүй үлдэж байна. Сүүлийн үед хүний санаанд оромгүй гэмт хэрэг, аллага ар араасаа гарах болж хүн бүр тэртэй тэргүй айдас түгшүүрт автчихаад байхад сургуулилт нэрээр муу ёр зөгнөсөн нь ямар учиртай юм бол оо. Эсвэл хэн нэгэнд ийм үйлдлийг ингэж хий гээд битүүхэндээ сургамжилсан юм болов уу. Энэ талаар өчигдөр УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийсэн. Өчигдөр 11 цагийн үед Өмнөговь аймгаас ниссэн МИАТ компанийн АН-26 онгоцны зорчигчдыг Чингис хаан олон улсын нисэх. буудалд газардах үеэр барьцаалж тоглосон тухай бид I нүүртээ мэдээлсэн, Тус онгоцонд зорчиж явсан 40 гаруй зорчигч буух үеэр дээрх явдал болжээ. Нүүрэндээ хар баг өмссөн, байлдааны буу зэвсэгтэй дөрвөн залуу гурван сүүлдэж буусан дөрвөн зорчигчийг айлган сүрдүүлж, тус онгоцоор зорчиж явсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Н.Түмэнгэрэл гэх бүсгүйн уруулыг сэт цохиж, мөн нэгэн зорчигч бүсгүйн гарыг хүчтэй базсанаас хөхрөлт үүссэн аж. Түүнчлэн нисгэгч нарын бүхээг рүү дайран орж, нисгэгч нарыг хүлжээ. Ингэхдээ буугаараа онгоцны дээд хэсэг рүү буудан сүрдүүлж, нисгэгч нарыг эргэн нисэхийг шаардсан байна. Ийнхүү хоёр цаг хэрэгтэн барьцаанд байсан зорчигч, нисгэгч нар сэтгэл санааны гүн цочролд орсон аж. Гэнэтийн ийм учир битүүлэг дайралтад өртсөн зорчигчид Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Б.Мөнхтуяа нарт утсаар мэдэгдсэн байна. Энэ дагуу эрхэм гишүүд Засгийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг бүх л холбогдох байгууллагад хандаж, тодорхой мэдээлэл авахыг хүссэн боловч өчигдөр үдээс хойш 17 цаг хүртэл тодорхой хариулт аваагүй байна. Тэд өчигдөр 17.00 цагийн үед сэтгүүлчдэд хандсан юм.
Ц.Баярсайхан-Ийм явдал болсныг өдөр 13 цагийн үед сонслоо. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас ниссэн онгоц Улаанбаатарт газардах үеэр жирийн зорчигчдыг барьцааллаа гэсэн мэдээллийг тус онгоцоор зорчиж ирсэн хүмүүс надад болон гишүүн Д.Бат-Эрдэнэ, мөн Б.Мөнхтуяад утсаар дуулгасан. Уг онгоцонд жирийн иргэдээс гадна тус аймгийн төр, захиргааны албан тушаалтнууд ч явж байсан юм билээ. Эдгээр зорчигчдын ярьж байгаагаар, энэ бол иргэний хамгаалалтын сургуулилт биш гэмт халдлага гэж ярьж байна. Хамгийн гол нь зорчигчид сэтгэл санааны маш хүнд цочролд орж, зарим хүний биеийн байдал муудсан байна. Тэртээ тэргүй сүүлийн үед манай иргэний нисэхийн онгоцнуудын техникийн аюулгүй байдал нисэх болгонд сэтгэл түгшээж байхад дээр нь ингэж зүй бусаар халдсан байна.
Б.Мөнхтуяа-Энэ мэдээллийг авсан даруйдаа бид холбогдох байгууллагуудаас тодруулахыг хүсэхэд иргэний хамгаалалт гэсэн учир битүүлэгхариултөгсөн. Гэвч иргэний хамгаалалтыг хаанаас ямар байгууллага зохион байгуулсан талаар лавлахад мэдэхгүй байсан. Тэгэхээр бид зорчигчдын адил энэ бол иргэний хамгаалалт байсан гэдэгт эргэлзэж байгаа. Одоогоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьчихаад байна. Тодорхой хариулт та нартай уулзах хүртэл өгсөнгүй. Тэр ч байтугай бид өөрсдийн шугамаар Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар гэх мэт байгууллагад хандаж энэ талаар мэдээлэл авахыг хүсэхэд юу ч мэдэхгүй байсан. Үнэхээр энэ иргэний хамгаалалт байсан юм бол дээрх байгууллагууд мэдэж байх ёстой биз дээ. Үгүй ядаж, нисгэгч нарт энэ тухай мэдэгдэх ёстой. Гэтэл бүр нисгэгч нарыг хүлж, зорчигч эмэгтэйтэй бүдүүлгээр харилцаж, эрүүл мэндэд нь халдсан байна. Хэрвээ иргэний хамгаалалт байсан бол ингэж зүй бусаар хандахгүй байх. Түүгээр ч зогсохгүй байлдааны буу зэвсэг гаргаж, буудаж танхайрснаас үзэхэд үнэхээр балмад үйл ажиллагаа болжээ. Сургуулилт хийж болох боловч жирийн иргэдийг ингэж айлгаж, ичээж болохгүй. Иймд манай намын зүгээс УИХ-д асуудлыг тавина гэж бодож байгаа. Тэр ч байтугай ҮАБЗ-д хандах болно. Д.Бат-Эрдэнэ-Онгоцны зорчигчийн урд хэсэг буюу нисгэгч нарын бүхээгийн ард дөрвөн залуу нислэгийн туршид архи ууж явсан байна. Гэтэл Улаанбаатарт буух үеэр дээрх дөрвөн залуу гэнэт буу гаргаж ирээд буудан, танхайрч, тус онгоцонд явж байсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч Түмэнгэрэл гэх эмэгтэйн уруулыг сэт цохиж, танхайрсан байгаа юм. Үүнээс үзэхэд сургуулилт байсан гэхэд эргэлзээтэй олон зүйл байна. Сургуулилт байсан бол аль болохоор иргэдийн амь нас, эрүүл мэндийг аюулгүй аварч гарах ёстой. Гэтэл дээрх хүмүүс эмэгтэихүниигзодож, бүр нисгэгч нараас эргэж нисэхийг шаардсан байгааг бодоход энэ бол яавч иргэний хамгаалалт, ямар нэгэн сургуулилт биш. Хэрвээ иргэний хамгаалалт байсан бол урьдчилан мэдэгдэх, үгүйдээ л мануухай бэлдэж тавиад сургуулилтаа хийх хэрэгтэй. Гэтэл жирийн зорчигчдыгайлган, ийнхүү эрүүл мэндэд нь халдаж байгаа нь гэмт халдлага гэж үзэхээс өөр аргагүй. Үнэхээр сургуулилт, иргэний хамгаалалт байсан талаар 11 цагаас хойш ОБЕГ, ИНЕГДЕГ зэрэг байгууллагаас асуухад бүгд тодорхой хариулт өгч чадахгүй байсан.
Ц.Баярсайхан Бид нар үнэхээр иргэний хамгаалалт байсан эсэх талаар бүр Өмнөговь аймаг уруу хүртэл утасдаж асууж үзлээ. Өмнөговь аймагт Тагнуулын ерөнхий газрын салбар, мөн ОБЕГ-ын харьяа салбар, бас цагдаагийн байгууллагаас асуухад бүгд иргэний хамгаалалтын сургуулилтын талаар мэдээлэлгүй байна. Тэр ч байтугай МИАТ-ийнхэн өөрсдөө Өмнөговь уруу утасдаж асуусан байгаа юм.
-Дээрх дөрвөн залууг баривчлан саатуулсан юм уу. Мөн зорчигч нарын биеийн байдал муу байгаа гэсэн. Эдгээр зорчигчид эмнэлэгт хэвтсэн үү?
Ц.Баярсайхан-Бид энэ мэдээллийг авснаасаа хойш холбогдох хууль,хяналтын байгууллагаас тодруулахад ерөөсөө тодорхой мэдээлэлтэй албан тушаалтан нэг ч алга. Тэр ч байтугай гэмт халдлага үйлдсэн дөрвөн залууг саатуулсан, баривчилсан талаар ч тодорхой мэдээлэл алга.
Д.Бат-Эрдэнэ -Тус онгоцоор зорчиж байсан, эрүүл мэндэд нь ноцтойгоор халдаж, гэмтсэн Түмэнгэрэл гэх эмэгтэйтэй холбоо барих гэсэн боловч даралт нь 200 хүрээд ярьж чадахгүй, цочролд орсон хэвээр байна гэсэн. Мөн хэд хэдэн зорчигч бид нар уруу ярьж цочролд орсноо ярьж, тун бухимдангуй байна билээ.
Б.Мөнхтуяа-Иргэний нисэхийн дүрмээр бол онгоцоор зорчихдоо байлдааны галт зэвсэг байтугай жижиг хумсны хутга ч оруулах ёсгүй. Гэтэл дөрвөн залуу байлдааны буу зэвсэг барин онгоцонд орсон байгаа нь дэндүү харамсалтай. Аль аль талдаа хариуцлага алдсан явдал боллоо.
-Энэ онгоц ачааны зориулалтын онгоц уу, иргэний нислэгийн онгоц уу?
Ц.Баярсайхан-МИАТ компани орон нутагт нисдэг ганцхан онгоцтой. АН-26 загварын энэ онгоц маань өмнө нь ачааны онгоц байсан бөгөөд одоо засварлаад иргэний нислэгийн чиглэлээр ашиглаж байгаа. Ямар ч байсан зорчигчдыг айлган, сүрдүүлсэн энэ балмад үйл ажиллагааны талаархи мэдээллийг холбогдох байгууллагуудаас шаардсаар байх болно.

2006.11.29 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button